Б.Нандин
Их Британийн шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг “Brit awards” өнгөрсөн амралтын өдөр боллоо. 44 дэх жилдээ зохион байгуулагдсан энэ жилийн наадмын шилдгээр шалгарсан дуучин бүсгүй долоон номинацид нэр дэвшсэнээс зургаан цомын эзэн болж, нэг дор хамгийн олон BRIT хүртсэн уран бүтээлчдийн шинэ рекордыг тогтоов.
Raye нэрээр уран бүтээлээ туурвидаг дуучин, продюссер бүсгүй өмнө нь BRIT наадмын шилдэг дөрвөн цомыг нэг дор хүртсэн амжилтыг хадгалж байсан нэрт дуучин Harry Styles, Adele, Blur нарыг гүйцэж түрүүлсэн түүхэн амжилт юм хэмээн хэвлэлүүд онцлон бичиж байна.
Британид төдийгүй дэлхийн хөгжмийн ертөнцөд тодрон гарч ирсэн Raye буюу Rachel Agatha Keen 1997 оны аравдугаар сарын 24-нд Лондон хотноо мэндэлжээ. Багаасаа урлагт сонирхолтой тэрбээр BRIT сургуулийн алдартай төгсөгч нарын нэг. Дууны үг бичих дуртай уран бүтээлч бүсгүй ганцаарчилсан уран бүтээлээ эхлэхээс өмнө Beyoncé, Little Mix, Rihanna, David Guetta, John Legend зэрэг дэлхийн томоохон одуудын уран бүтээлд хамтран ажиллаж байжээ. Тиймээс ч энэ жилийн наадамд “Шилдэг дууны зохиолч” шагналыг хүртсэн анхны эмэгтэй болсонд гайхах зүйл үгүй юм. Мөн тэрбээр энэхүү наадмын хамгийн нэр хүндтэй шагналуудын “Мастеркард”-ын нэрэмжит “Оны шилдэг цомог” шагналыг хүртсэнээс гадна шилдэг уран бүтээлч, шилдэг R&B дуучин, шилдэг залуу дуучин зэрэг шагналуудын эзэн болсон юм.
Шилдэг цомгийн шагналыг түүний төгссөн BRIT сургуулийн захирал Стюарт Уорден гардуулсан бөгөөд мөн шагнал гардуулах ёслолд дуучин бүсгүйн эмээ Агата хүрэлцэн ирсэн нь сэтгэл догдлом мөч байв.
Харин дуучин Dua Lipa “Pop Act” шагналыг хүртсэн нь 2018 оноос хойш түүний долоо дахь удаагийн BRIT болж байна. Харин өсөх ирээдүйтэй уран бүтээлчдийн шагналыг “The Last Dinner Party” хүртсэн бол Оны шилдэг продюссерээр “BRIT”-д гурав дахь жилдээ нэр дэвшсэн Chase & Status шалгарчээ. Олон улсын шилдэг уран бүтээлч шагналыг Америкийн уран бүтээлч Miley Cyrus хүртсэн нь бас нэгэн онцгой тохиол болов.
Британийн болон олон улсын хөгжмийн уран бүтээлч, алдартнуудыг нэгэн тайзнаа нэгтгэж чадсан энэ удаагийн наадмыг YouTube-ээр олон улс даяар шууд дамжуулсан байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 42 (7286)