Б.ТУУЛ
...Бүх зүйл нь төгс зохицсон, нэг ийм өөр эмэгтэйчүүдэд хэн нэгний сэтгэлийг татах увидас, байгалиас заяасан өгөгдөл гэж байдаг байх. Зүсний сайхнаас гадна зүрх сэтгэлийн үнэнч байдал, сэтгэл татам ааш ялдам дүр төрх, эрх мэдэлтэй эрхэмсэг бардам байдал, эрх танхи хэрнээ бас ухаалаг...гээд бүсгүй хүний гоо үзэсгэлэнд уян нарийн бүхнийг цогцлоосон, шижир алт шиг шунаж дурлам, очир алмаз шиг үзэсгэлэнтэй бүсгүйчүүд байдаг. Өнөөдөр бидний дунд мөнх мэт “амьдарч”, хүн төрөлхтний түүхэнд зуун дамжин яригдсаар ирсэн мөнхийн сэдвийн нэг, Египетийн сүүлчийн хатан хаан, үзэсгэлэнт Клеопатрагийн амьдралын түүх өнөөдрийн бидний дунд тайлагдашгүй оньсого мэт оршсоор байгаагийн нууц бас үүнтэй ч холбоотой байж мэднэ.
Урин хаврын эхэнд сэтгэл оюуны цангаа тайлж, урлаг уран сайхны шидээр эртний Ром хотод зочилж, олон зууны туршид “Үзэсгэлэнт Клеопатра бол ухаантай захирагч бас аюултай дурлалд уруу татагч” хэмээх бодлын цэгт олон зохиолч, яруу найрагч, уран бүтээлчдэд судлах сэдэв болж, басхүү галзуу солиотой дурлалыг нь ойлгох зовлонт шаналанг авчирсан “Клеопатра”-гаар бодол “өвчилж”, сэтгэлийн таашаал эдлэв. Сэтгэлийн гэрлийг хүмүүстэй хуваалцах ёстой гэж бодном. Тиймээс эрхэм уншигч таныг бас “Улаанбаатар” театрын хаалгыг татаж, шинэ сарын эхэнд театрын тайзнаа амилаад буй түүхэн жүжиг "Клеопатра"-г зорин ирээсэй гэж бодов. Үзэгчдийн суудлаас өндийж, шатаар буух үед зүрх бяцхан догдолж, дэнсэлж, эртний Египет, Ромын хооронд дахь сөргөлдөөн, хаан ширээ, эрх мэдлийн төлөөх тулаан, “Юлый Цезарын нууц амраг”, “Марк Антонийн солиотой дурлалын эзэн” гэгддэг үзэсгэлэнт Клеопатрагийн амьдралын түүхийг эргэцүүлсээр буух нь сайн бүтээлээс ирэх мэдрэмж биз. Ингээд үзэсгэлэнт “Клеопатра” түүхэн сэдэвт сонгодог драмын жүжгээс төрсөн сэтгэгдлийг энд үзэгчийн хувиар товчхон сийрүүлж, сэтгэлийн гэрэл түгээе.
Үзэгчдийг жүжгийн зохиол руу хөтлөх орчин буюу тайз
Урлан бүтээлийн мэргэжлийн судалгаа, шүүмж бол мэдээж их нарийн. Харин үзэгчдийн хувьд бол хамгийн эхний сэтгэгдэл театр руу орох мэдрэмжээс эхэлдэг. "Клеопатра"-г үзэхээр очсон хүн бүрийн анхны сэтгэгдэл хаалга нээгээд орохоос эхэлнэ. Дэлхийн хамгийн гайхамшигт соёл иргэншлийг бүтээсэн эртний Египетийг бурхдын бэлгэдэл, аварга том пирамид, чулуун бунхан, фараонуудын хөшөө, домогт гардаг цөөвөр чонын толгойтой хүн биет бурхан буюу анубис, ханан дээрх эртний бичээс, алтан шаргал өнгөггүйгээр төсөөлөхын аргаггүй. Тэгвэл таныг энэ бүх орчин тус театрын хаалга татахаас эхлээд, үзэгдийн суудалд суух хүртэл жүжгийн зохиол руу хөтлөх нь үнэхээр сэтгэл догдлом. Харин дараагийн сонирхол татах хэсэг бол тайз засалт, тайзны дизайн технологийн шийдэл.
Уг жүжгийн найруулагчаар УДЭТ-ын найруулагч, жүжигчин А.Чингүн, ерөнхий зураачаар Ч.Батболд, хөгжмийн зохиолчоор Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, залуу уран бүтээлч С.Сансаргэрэлтэх нар ажиллаж байгааг энд онцлох хэрэгтэй байх. Яагаад гэвэл, энд шинэ зүйлс их, магтах зүйлс олон. Жүжиг эхлэхдээ 3D технологийн шийдэлтэй, кино мэт эхэлнэ. Виртауль орчин буюу технологийн шийдлээр дүрслэн харуулсан эртний Египет таныг үйл явдалд урина. Үйл явдал бүрт өөрчлөгдөх тайзны дизайн шийдэл, эффект, гэрэлтүүлэг, хөдөлгөөнт дүрслэл зэрэг нь заал дүүрэн үзэгчдийг нам гүм болгох нь үзэгчдийг түүхийн жимээр аялуулах мэт сонихон. Энэхүү театрын тайз засалт, дизайн шийдэл, хөгжмийн дуугаралт зэргээсээ эхлээд жүжгийн ард ажилласан бүх уран бүтээлчид хэрхэн хоорондоо өнгө гэрэл хоршиж, театрын урлаг, технологийн шийдлийг хослуулж, Монголд шинэ юм хийж, үзэгчдэд оюун санааны хувьд шинийг эрэлхийлэх гэснийг илтгэнэ.
Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх дэлхийн том хотуудад уран бүтээлээ толилуулж, удаа дараа тоглолтоо хийсэн чансаатай уран бүтээлч. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн удам залгасан уран бүтээлч гэхээр мэдрэмжээр хөглөгдсөн нэгэн гэдэг нь анзаарагдана. Харин домогт Клеопатра буюу түүхэн сэдэвт алдарт зохиолын орчуулагчаар жүжгийн зохиолд гаршсан, орчуулагч, профессор Н.Пүрэвдагва ажилласан байна. Түүний хувьд “Кихот ноён”, “Амьгүй албат”, “Фауст” зэрэг дэлхийн сонгодгуудыг тайзны бүтээл болгосноос гадна дэлхийн олон алдартнуудын зохиол бүтээлийг эх хэлнээ хөрвүүлж, үзэгчдэд оюуны хөрөнгө оруулалт хийж яваа нэгэн.
Египетийн сүүлчийн хатан хааны ээдрээт амьдралын түүхийг өгүүлэх энэ жүжиг “Монгол” театрынхны үзэгчдэд барьж буй анхны уран бүтээл аж. Жүжгийн зохиол, тайзны үзүүлбэрийн хувьд “Клеопатра” жүжиг хоёр хэсгээс бүрдэнэ. Агуулга найруулгын хувьд Бернард Шоуйгийн “Цезарь Клеопатра хоёр”, Уйльям Шекспирийн “Марк Антоны Клеопатра хоёр” жүжгийн зохиолуудыг нэгтгэн гаргасан хувилбар аж.
“Хасар Жагаа” Цезарын дотор эрхгүй оршиж чадав
“Клеопатра” жүжгийн гол дүрийн сонголт хийгээд жүжигчдийн ур чадварыг магтахад бас ур дутна. “Амраглалын хатан хаан” гэгддэг “Клеопатра” жүжгийн гол дүрд Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Н.Баярмаа тоглосон нь үнэхээр нүдээ олжээ. Тайз, дэлгэцийн олон арван бүтээлд үзэгчдийн сэтгэлд хүрсэн олон сайн дүрээр нь түүнийг сайн уран бүтээлч, чадварлаг жүжигчин гэдгийг мэднэ. Гэхдээ энэ удаагийн дүр, 19 настай Клеопатра буюу эрх танхи охины дүрээс, хүчирхэг хатан хаан, хаадын зүрх сэтгэлийг булаагч эмэгтэйн дүр хүртэлх тэр бүх хувиралд өөрийг нь эвдэж чадсан дүр байв. Ур чадвар хийгээд гоо үзэсгэлэн, уран бүтээлчийн арга барил, дүрийн донж, орц найрлагыг нь тааруулах урлаг гээд Н.Баярмаагаас багаггүй ур шаардсан дүр болов. Мэдээж, ихэмсэг бардам, үзэсгэлэн гоо, уран тачаангүй Клеопатраг тайзан дээр донжийг нь тааруулж, хайрцаглаж урлахад амаргүй. Үйл явдал дунд өрнөх хатан хааны хайр сэтгэл, ганцхан минийх гэсэн хүсэл тачаал, аатаа хорсол, эрх мэдэл, санаж хагацах зовлон шаналал зэргийг илэрхийлэхэд түүний авьяас, мэдрэмж хоёр гайхалтай зохицох ажээ. Мэдээж илүүдэх хийгээд дутуудах ур бас байх биз. Дараа дараагийн тоглолтод түүхэн зохиолдоо дурьдсан байдагчлан хатан хааны холч ухаан, улс төрийн өргөн мэдлэгтэй, ухаалаг захирагч эмэгтэйн дүр төрхийг дуу хоолой, дүр дүрслэл дээрээ илүү эрхэмсэг, шийдмэг байдлаар бас шигтгэж, тодотгож өгвөл үзэгчдийн сэтгэлд илүү хүчирхэг үзэсгэлэн төгөлдөг Клеопатраг үлдээх юм болов уу гэж бодов. Ромын хүчирхэг эзэн хаан Юлый Цезарын дүрд Монгол Улсын Ардын жүжигчин Б.Жаргалсайхан буюу бидний дотночилох “Хасар Жагаа” тогложээ. Түүний жүжигчний уран чадвар, ур ухаан, дуу хоолой, дүрийн онцлог, дүрслэлд ярих өөлөх юм алга аа. Тэр бүрэн утгаараа Ромын хаан Юлый Цезарын дотор гайхалтай сайхнаар оршиж чадав. Бас хаан ширээ залгамжлагч, бяцхан ханхүүгийн “тархи баригч” гэгдэх арга зальтай Потаны дүрд УДЭТ-ын жүжигчин Б.Бямбацогт, Фтататимад Н.Отгонтогос нар тун чадамгай хувирч, үзэгчдэд сэтгэл ханасан мэдрэмжийг өгч чадсан гэдгийг хэлэх хэрэгтэй.
Үзэгчдийн сонирхлыг татах бас нэгэн тод томруун дүр бол яах аргаггүй дурлалт бүсгүй, үзэсгэлэнт Клеопатрагийн зүрх сэтгэлийг булаасан, дурлалын халуунд автуулж, бүхнээ зориулсан Марк Антонигийн дүр. “Тусгай салаа” киноны Түвшингийн дүрээр анх үзэгчдийн танил болсон, залуу жүжигчин П.Баттөр энэ дүр дээр иржээ. Дэлгэцийн урлагт өөрийгөө илүүтэй сорьсон залуу жүжигчин энэ удаа тайзны урлагт, тэр тусмаа драмын сонгодог жүжигт үзэсгэлэнт хатан хаан Клеопатрагийн хайр сэтгэлийг булаасан хүчирхэг залуу Марк Антонийн дүрээр ирсэн нь бас шинэлэг, сонирхолтой шийдэл. Жүжигчин П.Баттөрийн хувьд дуу хоолой, үйл хөдлөл, дүрслэх ур, дотоод сэтгэлийн хэлэмж гээд театрын жүжигт гологдох зүйлгүй. Гагцхүү харин гол дүрийн жүжигчин Клеопатра буюу жүжигчин Н.Баярмаагийн дэргэд биеийн хэлэмжээр үл ялиг намдсан уу гэж харагдахаас өөр өөлөх зүйл байсангүй. Мөн нэгэн сайхан шигтгээ дүр болох Октавианы дүр болох залуу уран бүтээлч Хүсэлбаатарын Сумъяадорж гээд тайзны урлагт яван чангарах залуу жүжигчид олон байсан нь үнэхээр шинэ залуу уран бүтээлчдийг тайзнаа гаргаж ирсэн, тайзны бүтээл дундаа шат ахисан чамбай бүтээл болсон байв. Харин тоглолтын явцад жүжгийн зохиолын үг хэллэгт орчуулгын үг хэллэг гэмээр хөнгөн үгс цухалзав. “Тархи баригч”, “Аа муу нохой” гэх мэт...энэ нь түүхэн сэдэвт хосгүй бүтээлийг “инээдмийн жүжиг” мэт хөнгөн санагдуулах, утга зохиолын хэллэгээр гэх үү, монгол хэлнийхээ эх сайхан найруулгаар нь уран бүтээлдээ зүүгээд явбал сайн уран бүтээлийн чанар чансаа, үзэгчдийн хүлээлт, сэтгэлд хүрсэн мэдрэмжид бас илүүтэй жин дарж, гайхам сайхан сэтгэгдлийг үлдээх болов уу хэмээн бодож гарч ирэв. Уран бүтээлч баг хамт олонд баяр хүргэе!.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 42 (7286)