Б.НАМУУНАА

 

 Монгол Арт галерейн хамт олон таван жилийн ойгоо угтан  байгалийн зургийн нэрт мастер, Соёлын гавьяат зүтгэлтэн, МУЭ-ийн шагналт зураач Ц.Нарангэрэлийн "Зам" тусгай үзэсгэлэн гаргажээ.

Зам өргөн утгыг илтгэжээ

Монгол орны үзэсгэлэнт газруудыг өнгө будгийн төгс зохицлоор буулгасан гайхалтай бүтээлүүд үзэсгэлэнд тавигджээ. Зам гэхээр нутаг санаанд бууна, ижий минь сүүгээ өргөдөг цацлын цэнхэр хадаг нүдэнд харагдаж байлаа. Уран зургийн нэрт мастерууд байгалийн уран зургийг тодорхойлохдоо “Авьяас билгээс гадна тухайн уран бүтээлчийн сэтгэл хөдлөл, гоо сайхны таашаал, өнгийн мэдрэмж шаарддаг урлаг” хэмээн дүгнэсэн нь бий.  Ц.Нарангэрэлийн урын санд 3000 гаруй бүтээл бий. Бүтээл дунд  нь байгалийн сайхныг  дүрсэлсэн олон зураг байгаа гэнэ. Тэгвэл энэ удаагийн үзэсгэлэнд зураачийн сүүлийн жилүүдэд туурвисан 100 гаруй бүтээл багтжээ. Тиймээс зам хэмээх ойлголтыг  утга төгөлдрөөр дүрслэн илэрхийлсэн байна. Түүний эх орондоо ямар их хайртайг  бүтээлээс нь харж болохоор.  Энэ удаагийн үзэсгэлэн хүмүүст сонирхолтой  уран зургуудыг нэг дор шимтэн үзэх боломжийг  олгосноороо онцлог. Тэрбээр бүтээлийнхээ тухайд “Хүн гэрээсээ гараад л замаар явдаг. Учир нь бүх зүйл замтай холбоотой учраас өргөн утга илтгэнэ” гэв. Үзэсгэлэн ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.

 

“Дахин давтагдашгүй, хайрлахгүй байхын аргагүй бүтээлүүд”

Үзэсгэлэнд Ц.Нарангэрэл багшийн шавь нар хүрэлцэн иржээ. Тэд “Багшийн бүтээлүүдийг харах бүрд хайрлах сэтгэл төрдөг. Энэ үзэсгэлэн багшийн минь амьдралын нэг хэсэг. Тиймдээ ч багшийн зурсан бүтээлүүд  дахин давтагдашгүй, хайрлахгүй байхын аргагүй. Бид галерейн хамт олонд тусалж, зураг бүрийн харагдах үзэмжид анхаарч, тааламжтай байлгахад анхаарч байна” гэлээ. Ц.Нарангэрэл 1991 оноос хойш ДУДС-д 30 гаруй жил багшилж буй. Энэ хугацаанд 11 төгсөлтийн 150 гаруй авьяаслаг уран бүтээлчийг бэлтгэн урлагийн их замд хөтөлж оруулсан байна.

 Мөн Ц.Нарангэрэл нь “Зам” тусгай үзэсгэлэнгээ нээгээд удаагүй  ДУДС-ийн оюутнуудад нээлттэй уулзалт зохион байгуулж оюутан залуус, уран бүтээлчдэд уран зургийн хэрэгтэй мэдээллийг хүргэсэн гэнэ.Түүний дараагийн ээлжит үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сард Японд болно. Ингэхдээ Урчуудын эвлэлийн хөдөө орон нутгийн салбарын дарга, уран бүтээлчидтэй хамтарч “Монгол арт рөүд” аялал зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүгээрээ дамжуулан Япон улсын үзэсгэлэнт байгалийн зургийг толилуулахаар зэхэж байгаа. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 37 (7281)