Баатарын НЯМСҮРЭН

Өнгөрсөн оны “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн тайзнаа ээж, хүү, охин гурав бүжгийн урлагаар онцгойрч   үзэгчдийг догдлуулсан удаатай. Тэд  үзүүлсэн номероороо гайхагдаж үндэсний ялагчаар тодорч олонд танигдаад байгаа. “Зууны мэдээ” сонин “Хүүхдийн ертөнц”  буландаа урлагийн гэр бүлийн бяцхан гишүүн С.Гоомаралыг онцолж байна.

 

Ээжийнхээ ажил дээр өдрийг өнгөрүүлдэг бяцхан охин

Насандаа баймгүй адтай сэргэлэн, биеэ даасан, ухаалаг, авьяасын ундарга болсон охиныг нэрлэвээс яахын аргагүй С.Гоомарал. Түүнтэй уулзахаар цаг товлож ээжийнх нь ажил буюу “Sun dance” бүжгийн клубыг зорьсон юм. Биднийг зочлох үед клубт хичээллэдэг өсвөрийн бүжигчид сэтгэл сэргээсэн цоглог аянд бэлтгэлээ базааж байхтай таарлаа. С.Гоомарал охин тэднийг дагаж бүжиглэж байв. Хөдөлгөөн бүрийг нь гүйцэтгэл сайтай, алдалгүй хийж, эвсэлтэй бүжиглэх нь  хайр татам. Түүний хувьд төрөлхийн урлагт хайртай, бүжиглэх сонирхолтой ажээ. Энэ гэгээн хүслийг нь гэр бүл нь ойлгож, авьяасыг нь хөгжүүлж явна. Бяцхан охин өдрийн ихэнх цагийг ээжийнхээ ажил дээр өнгөрүүлдэг. Өглөө бүр ээж нь шавь нартаа бүжгээ заахаар клубээ зориход нь С.Гоомарал охин дагаад ирдэг гэнэ лээ. Уйдах завгүй бүжиглэж, цагийг аз жаргалтай өнгөрүүлдэг учраас  ээжийнхээ ажил дээр ирэх дуртай гэдгээ ярьж байв. Тэрбээр ирэх намар сургуулийн босго алхаж эрдэмд шамдахаар зэхэж байгаа.

Авьяаслаг охин 2018 онд аавуудын баяраар аавдаа эрхэм алдрыг дагуулсаар, гэр бүлдээ аз жаргал нэмэн мэндэлжээ. Түүний төрсөн өдөр, цаг минутыг  хайртай хүмүүс нь ихэд бэлгэшээж хайрладаг байна. Охиноо тээсэн арван сарын хугацаанд ээж нь урлагаас завсарлалгүй хөдөлмөрлөжээ. Таван сартай байхад нь арав хоногийн турш Вьетнам руу тоглолтоор явж бүжиглэсэн удаатай. Тэгэхээр С.Гоомарал охин төрөлхийн урлагийн мэдрэмжтэй байх нь аргагүй байх. Түүний аав нь мөн л урлагийн хүн ажээ. Охин аав ээжийнхээ дундрашгүй авьяасыг өвлөж төрсөн гэхэд хэтийдэхгүй. Үргэлжлэл болсон охиноо урлагийн замналыг сонгож  амжилт гаргана гэдэгт эргэлздэггүй гэдгээ хэлж байлаа.

 

Анхны тайз нь “Авьяаслаг Монголчууд”

Бяцхан бүжигчин анх олны өмнө бүжиглэхдээ  “Авьяаслаг монголчууд” шоуны тайзыг зорьжээ. Тухайн үедээ тайзан дээр олны өмнө бүжиглэхдээ бага зэрэг сандарсан гэнэ. Мөн шүүгчид урам өгч, ялагчаар тодруулахад нь ихэд баярлажээ. Дараа нь үзүүлбэрийнхээ бичлэгийг үзэхдээ ихэд догдолсоноо дурсав. Тайзнаа гараад бүжиглэхийнхээ өмнө ахынхаа ард нуугдаж суухад нь хүмүүст харагдаад байснаа ч анзаарчээ. Тус бүжгээ ээж ахтайгаа хамт бэлдэж тайзнаа гарсанаа хэвлүүхэнээр тоочив. С.Гоомарал төгсгөлийн шатанд ээж ахтайгаа бүжиглэсэн. Харин өмнөх шатанд ах, ээж хоёр нь бүжиглэхэд нь очиж урам нэмжээ. Мөн хамт бүжиглэхийг ээжээсээ гуйсан гэдэг. Тэмцээний бэлтгэлээ хийж байгааг нь хажуугаас нь хараад “Би хэзээ хамт бүжиглэх юм” гэж асууж байсныг түүний ээж өхөөрдөнгүй ярив. Ээж болон ахтайгаа бүжиглэх хүслээ биелүүлэхдээ хэзээний урлагийн хүн шиг  тайзыг эзэгнэж олныг гайхашруулж чадсан. Үзэгчдийн халуун дулаан уур амьсгал, алга ташилт түүнд аз жаргал бэлэглэсэн нь лавтай.

 

Анхны бүжгээ дөрвөн настай байхдаа сурчээ

Хоёр настай байхдаа хөгжмийн аяыг мэдэрч,  хэмнэлтэйгээр хөл гараа хөдөлгөж байж. С.Гоомаралаас анх ямар бүжиг сурсан бэ гэхэд “Дөрвөн настай байхдаа  энэ бүжгийг сурсан” гээд нүүрний хувирал гаргаж уян налархайгаар бүжиглэж үзүүлэв. Энэ бүжгийг нь ээж нь түүнд зааж өгчээ. Мөн ээж нь шавь нартаа бүжиг зааж, бүжиглэж байгааг нь хараад сурах нь ч олонтаа.  Түүний үлгэр дуурайлал авдаг эрхэм хүн нь хайртай ээж нь. “Ээжийн бүжиглэхийг харах дуртай. Манай ээж хөөрхөн, царайлаг” хэмээн  ярих авьяаслаг охин үргэлжлүүлээд ахыгаа танилцууллаа. Тэд цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг аж. Ингэхдээ “Ах надтай үргэлж бүжиглэж, тоглодог” гээд инээмсэглэв. Гэртээ байхдаа тоглоомуудаа өрж байшин барьж тоглох дуртай аж. Ягаан өнгөнд дуртай учраас түүний гэсэн ихэнх юм ягаан өнгөтөй. Барбигаар тоглодог гэдгээ ч марталгүй хэлэх нь өхөөрдөм. Мөн зураг зурж, хөгжим тоглож, дуулж,  интернэтээс бүжгийн бичлэг үзэх дуртай ажээ. Бүжгийн бичлэг үзээд хөдөлгөөнийг нь тогтоохдоо ч хурдан хэмээн ээж нь магтана. Өөртөө итгэлтэй, өөдрөг сэтгэлтэй,  насандаа баймгүй адтай охин ажээ. Урлагийн хүн байхаар сайхан чанар охинд заяасан гэлтэй. Ээжтэйгээ хос хувцсаар гоёж, хамт бүжиглэх амьдралын дурсамж дүүрэн нандин мөчөө гэрэл зураг болгон хадгалдаг гэнэ. Ээж охин хоёр ижил загвартай хувцас захиалгаар оёулж гоёх нь цөөнгүй. Энэ нь түүнд хожим мартахын аргагүй дурсамж болох нь тодорхой. Охин ээждээ “Би тань шиг ээж болно” гэж  хөгжөөдөг гэнэ шүү.

Ярилцах зуур хөгжим явж клубын бүжигчид бүжиглэхэд босоод хамт  бүжиглэж байлаа. Сүүлд шинээр бүжиг сурсан л гэнэ. Бас болоогүй ирээдүйд ээжийнхээ мэргэжлийг өвлөж урлагийн хүн болно гэдгээ аз жаргал цацруулан инээмсэглэж ярих нь бахархалтай. Дуртай зүйлээ сонгосон хүн аз жаргалтайгаар хөдөлмөрлөж амжилтанд хүрдэг. Тиймээс авьяаслаг охин ирээдүйд бүжгийн урлагаар дэлхийн тайзнаа мандаж  мэднэ. Хүн бүр бага насандаа ирээдүйгээ бодож мөрөөддөг.  Тиймээс бяцхан охиныг заяа нь түшиж, удмын авьяасаа үргэлжлүүлэх их хүслээр хөглөгдөж ирээдүйгээ бүтээх биз ээ. Тэр цагт дахин уулзах ерөөл дэвшүүлж бидний ярилцлага өндөрлөсөн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 35 (7279)