Баатарын НЯМСҮРЭН

 

Хүүхэд нас дурсамж дүүрэн, хамгийн гэгээн, амьдралын мартагдашгүй үе билээ. Энэ үеийн дурсамж хүн бүрийн сэтгэлд том орон зайг эзэлдэг. “Зууны мэдээ” сонин “Миний хүүхэд нас” буландаа Соёлын тэргүүний ажилтан, ҮУИТ-ын гоцлол бүжигчин А.Түвшинбаярыг урилаа.

 

Ээжийн талын урлагийн авьяасыг өвлөсөн

-Би Дорноговь аймгийн Өргөн суманд төрж өссөн. Хүүхэд насандаа хөдөө нутагт малын бэлчээр, өв соёл, монгол ахуйгаасаа суралцсан нь мартахын аргагүй дурсамжтай. Нутагтаа малаа хариулаад явдаг байсан. Манайх ам бүл тавуулаа. Би айлын том хүү,  хоёр эрэгтэй дүүтэй. Хүүхэд байхдаа сайн хүн болохыг бодож үг үйлдлээрээ бусдад нөлөөлөхийг хичээдэг байсан зан минь одоо хүртэл хэвээрээ. Бага байхдаа  нисэж байгаа онгоцыг сонирхож хардаг байлаа. Тиймээс нисгэгч болно гэж мөрөөдөж байсан. Урлагт их дуртай байсан минь өнөөдрийн замналд нөлөөлсөн.

Миний хүүхэд насны томоогүй нэгэн дурсамж байдаг юм. Намайг гурван настай байхад сумын байгууллагуудын урлагийн үзлэг болоод түр завсарлахад нь би тайзан дээр гараад бүжиглэж хүмүүсийг хөгжөөсөн гэдэг. Энэ үеэ би сайн санадаггүй юм. Аав ээж минь энэ дурсамжийг ярьж өгсөн. Эргээд бодоход би багаасаа урлагт дуртай байсан юм билээ. Үүнд удам нөлөөлсөн байх. Ээжийн минь аав ээж буюу өвөө эмээ маань урлагийн хүмүүс. Өвөө Дорноговь аймгийн нэрт хуурч, харин эмээ “Саран хөхөө” театрт уртын дуучнаар ажилладаг байлаа. Манай аавын талынхан спортоор хичээллэдэг том биетэй хүмүүс бий.  Аавын талаас биеийг нь дуурайж, ээжийн талын авьяасыг нь өвлөөд бүжигчин болсон байх. Би сургуульд ороод урлагийн үзлэг, бусад тэмцээнд тогтмол орж бүжиглэсэн. Нутгийн хүмүүс ч намайг бүжиглэдгийг сайн мэднэ. Нагац эгч намайг 13 настай байхад  бүжигчнээр сурахыг зөвлөсөн. Ингээд дуртай мэргэжлээ эзэмшихээр Нийслэл хотоо зорьж Хөгжим бүжгийн коллежид суралцахаар  аав ээж, өсөж төрсөн нутгаасаа хол явж байлаа. Аав нэг удаа “Миний хүү хот руу яваагүй байсан бол хөдөө малаа маллах байсан” гэж хэлж байлаа. Харин миний сэтгэлд урлагаас өөр зүйл бодогдож байгаагүй.

 

Бүжиг багаар ажилладаг учраас нийтэч занг төлөвшүүлдэг

-Ээж зөөлөн, хүнд тусархуу зантай. Энэ занг нь би  өвлөж авсан. Хүнд тусалж, найрсаг сайхан харьцдаг маань урлагийн хүн болоход нөлөөлсөн. Бүжигчин болох хүслийг аав ээж минь их дэмждэг байсан. Бүжиг багаар ажилладаг учраас нийтэч занг төлөвшүүлдэг. Би бүжгийн урлагтаа дурлаж хөдөлмөрлөдөг. Эндээсээ аз жаргал, эрч хүч авдаг. Цаашид бодож төлөвлөсөн бүтээл олон байгаа. ҮУИТ хэмээх их айлаас суралцаад явж байна. Бага байхдаа Ц.Сэвжид багшаас их үлгэр дуурайлал авдаг байв. Багшийн дахин давтагдашгүй бүтээлүүд ҮУИТ-ын тайзнаас төрдөг байсан. Дараа нь С.Сүхбаатар багш ажлыг нь үргэлжлүүлж олон чадварлаг бүжигчид төрүүлсэн. Одоо дараагийн үеийн бүжиг дэглээч нар үйлсийг нь үргэлжлүүлж байна. Энэ хүмүүсээс үлгэр дуурайлал авч сэтгэлдээ сайхныг бодож энэ байгууллагатаа ажиллах хүслээр босгыг нь алхсан. Өмнө нь байгууллагынхаа уран бүтээлийг мэддэг байлаа. Харин ажиллаж эхлэхдээ хамт олонтойгоо танилцсан. Би ҮУИТ-таа ажиллахаас гадна бүжгийн студид багшилдаг. Монгол ахуйтайгаа ойр өссөн болохоор тэндээс сурсан зүйлээ шавь нартаа бүжгээр дамжуулж таниулахыг хичээдэг. Хүүхэд насанд туулах ёстой зүйлийн нэг нь шилжилтийн үе. Энэ үеийг сэтгэл зүйн бэлтгэлтэй давж гарах нь чухал. Бүжгээр хичээллэдэг, урлагийн замналыг сонгохоор төлөвлөсөн дүү нартаа зоригтой байж хүссэндээ хүрээрэй гэж захимаар байна. Урлагийн замнал амаргүй. Зорилготой байж хичээсэн нь амжилтад хүрдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 20. мягмар ГАРАГ. № 33 (7277)