Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 24, 25-ны өдөр Ж.Вердийн алдарт “Травиата” дуурийг тоглохоор зэхэж байна. Энэ удаагийн тоглолт шинэ дүрүүдтэй гэдгээрээ онцлог ажээ. Дүрүүдийн тухай мэдээллийг хүргэе.
Хайрын турхай түүх
Хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Травиата” дуурийг манай театрын тайзнаа анх 1977 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр тоглосон түүхтэй. Энэхүү бүтээлийг А.Дюмагийн “Цэцэг барьсан хүүхэн” романы гол дүр, Парисын хамгийн үзэсгэлэнтэй хүүхэн Мари Пюплессийн амьдралаас сэдэвлэсэн гэдэг. Анх драмын жүжиг хэлбэрээр 1852 онд Парис хотноо тогложээ. Энэхүү жүжгийн анхны тоглолтыг үзсэн Ж.Верди эх зохиолоор нь өөрийн хамгийн шилдэг дуурийн нэг болох “Травиата”-г бичиж, 1853 оны гуравдугаар сарын 6-нд Венец хотноо анхны тоглосон түүхтэй. Гэвч тус дуурь нь удаан тоглогдож чадсангүй. Учир нь дуурийн жүжигчид муу, жүжгийн хувцас хэрэглэл нь цаг үетэйгээ тохирохгүй байсан учир Ж.Верди дуурийн үйл явдлыг хагас зуун жилийн өмнө болгож өөрчлөөд дахин тоглоход тус бүтээл нь дэлхийн сонгодог зохиол болж, нэр алдар нь цуурайтсан гэдэг.
Виолеттад Б.Энхнаран
Энэ цагийн УДБЭТ-ын болоод Монголын дуурийн урлагийн нэгэн тод өнгө болж яваа дуучин бол Б.Энхнаран. Тэрбээр энэ удаад алдарт “Травиата” дуурийн Виолеттад дуулахад бэлэн болжээ. Анх Хөгжим бүжгийн коллежид гобой хөгжимчин болохоор суралцаж байсан охин нэг л өдөр дуучин болохоор шийдэж, анх Х.Уртнасан багштайгаа учран золгожээ. Ийнхүү 2007 онд сургуулиа төгссөнөөр мэргэжлийн дуурийн дуучин болсон байна. Түүний магистрын дипломын ажил нь П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Татъяна ажээ. Тэрбээр өөрийнх нь нэрийн хуудас болсон энэхүү дүрээр олон мянган сонгодог урлаг сонирхогчдыг ягаан театр руугаа соронзон мэт татсаар байгаа юм. Түүнийг театрт ороод хоёр сар өнгөрсний дараа Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх “За чамайг харъя” гэснээр Татъянад түүнийг сорьжээ. Харин энэхүү дүрийг амжилттай бүтээсний дараа “Гоцлол дуучны шалгуурыг давлаа. Энэ бол зүгээр эхлэл” хэмээн урам хайрласан гэдэг. Үүнээс хойш Б.Энхнаран театрт шинээр тавьсан бүтээл бүхэнд өөрийгөө сорьсоор явна. Тодруулбал Ж.Вердийн “Макбет” дуурийн хатагтай Макбет, “Атилла” дуурийн Одабеллагийн дүрийг үзэгчдэд таниулж, Монголын анхны Макбет, Одабелла болж түүхэнд үлдсэн бөгөөд өдгөө ийнхүү Виолеттад дуулахад бэлэн болоод байна.
Альфредад Ө.Цэрэнчунт
Дундговь аймгийн уугуул, дуучин Ө.Цэрэнчунтын хувьд энэ удаагийн “Травиата” дуурийн эрэгтэй гол дүр болох Альфредад дуулахаар сонгогджээ. Түүний хувьд Монголын хамгийн анхны мэргэжлийн дуучин болох Г.Хайдав багштайгаа нэг сум. Харин аав нь тээврийн жолооч, ээж нь монгол хэл, уран зохиолын багш ажээ. Ө.Цэрэнчунт анх хоёр нас, зургаан сартай байхдаа улсын уралдаанд оролцож байсан гэдэг. Мэдээ орох цагаас нь л хүмүүс түүнийг “Дуулдаг Чунт” гэж дууддаг байсан тухай нандин дурсамж бий гэсэн юм . Энэ үеэс тэрбээр өөрийгөө дуулах л ёстой юм байна гээд ойлгочихсон. Тэрбээр хоёр жилд нэг удаа болдог, хүүхдийн урлагийн “Дуулах өв” тэмцээнд орж түрүүлээд, СУИС-д суралцах урилга авсан ажээ. Энэхүү уралдаанд гурван удаа оролцохдоо хоёр удаа түрүүлж, нэг удаа дэд байрт орсон түүхтэй. Ингэж л Ө.Цэрэнчунтын урлагийн, тэр дундаа дуучин болох зам ямар ч өөр сонголтгүйгээр өрнөсөн гэнэ. Тэрбээр Монголдоо анхдагч болсон алтан пянзны эзэн. Үүнээс гадна Орос, Япон, Хятадын уран бүтээлчидтэй хамтран “Дэлхийн сонгодог Монголд” төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Мөн Хятадын дуучинтай хамтран “Азийн дуу хоолой” төслийг амжилттай хэрэгжүүлж яваа юм. Тэгвэл энэ удаад агуу Ж.Вердийн “Травиата” дуурийн Альфредийн дүрээр үзэгчидтэй уулзахад бэлэн болоод байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 32 (7276)