Баатарын НЯМСҮРЭН
Үндэсний бөхийн дэвжээнд барилдааны ур чавдараараа онцгойрч олны хайр хүндлэлийг хүлээсэн залуу хүчтэнүүд цөөнгүй бий. Тэдгээр бөхчүүдийг танилцуулж байна.
Улсын арслан Б.Орхонбаяр
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Б.Орхонбаяр нь “Таван хан” дэвжээ, “Алдар” спорт хорооны тамирчин. Тэрбээр чөлөөт бөхийн суурьтай. Үндэсний бөхийн амжилт нь 2016 оноос эхлэлтэй. 2019 онд аймгийн арслан цолоо баталж, улсын цолны босго алхсан. Ингээд 2020 онд начин цолоо төрийн наадмын зүлэг ногоон дэвжээндээ баталсан. Дараа жил нь улсын харцага цолтой боллоо. Ингээд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойдоо одтой сайхан наадаж арслан цолоор амжилтаа ахиулсан байдаг. Бөх сонирхогч олон түүнийг хүндэлж, хайрладаг.
Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ
Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нь “Бөх Билэгт” дэвжээ, “Алдар” спорт хорооны хүчтэн билээ. Тэрбээр 2016 онд аймгийн начин болсон. Одоогоос дөрвөн жилийн өмнө улсын начин цолоор амжилтаа ахиулж бөхөд хайртай түмнээ баярлуулсан.
Ингээд 2022 онд төрийн наадамдаа зургаа давж харцага цолтон болж байлаа. Бөх сонирхогчид түүнийг “Өндөр Мөнх-Эрдэнэ” хэмээн нэрийдээд байгаа. Барилдахаас гадна хоол сайн хийдэг нэгэн гэдгээ “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэгт орохдоо баталсан.
Улсын начин Э.Батмагнай
Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын начин Э.Батмагнай нь 2022 онд 21 насандаа төрийн наадамдаа тунаж тав давсан. Аймгийн заан цолноос улсын цолтны гэр бүлд багтсан нь энэ. Чөлөөт бөхийн ОУХМ цолтой. Үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнд их спортын сууриа ашиглан амжилттай барилдаж байгаа хүчтэний нэг. Э.Батмагнай нь улсын начин П.Нямжанцангийн удмын бөх юм. Удмын ген, хичээл зүтгэлээ хослуулж амжилт гаргаж байгаа. Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ-д 16, 17, 18 насандаа түрүүлсэн ховорхон амжилтын эзэн. Давхар хамах мэхээр өрсөлдөгч бөхчүүдээ ялах нь цөөнгүй. Энэ нь их спортын туршлага, ур чадвартай нь холбоотой. Э.Батмагнайг спортын замналд хөтөлж оруулсан багш нь С.Мөнхдуулдах билээ.
Улсын начин Ө.Батзул
Улсын начин Ө.Батзул нь Орхон аймгийн анхны улсын цолтон билээ. Их спорт, үндэсний бөх хоёрыг хослуулж яваа тамирчин. Ө.Батзул 2022 онд бэлтгэл нь жигдэрсэн байв. Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Бөх сонирхогчид түүнийг бүжиглэдэг бөх гэдгээр нь андахгүй танина. Учир нь 2022 онд улсын начин болоод наадамчин олонтойгоо баяраа хуваалцахдаа бүжиглэсэн. Улсын начин хүүхэд насандаа анхны шагналаа урлагийн төрлөөр авч байсан гэдэг. Бүжиглэж дуулахдаа тайвшралыг мэдэрдэг хэмээн ярьсан нь бий.
Улсын начин Б.Түвшинтөгс
Булган Хишиг-Өндөр сумын харьяат улсын начин Б.Түвшинтөгс нь “Булган Хангай дэвжээ, “Сүлд спорт хорооны бөх. Тэрбээр ээжийн талаасаа бөхийн удамтай ба өвөө нь тойргийн барилдааны аймгийн заан цолтой. Начин Б.Түвшинтөгс спортын замналыг 13 наснаасаа сонгож, Ц.Шийрэв багшийн шавь болсон. Жүдо, самбо, сүмогоор хичээллэж тэмцээн уралдаанд оролцож явсан удаатай. Анхны цолоо авахдаа Архангай аймгийн Батцэнгэл сумын наадамд түрүүлжээ. Харин 2016 онд сумын заан цолтойдоо төрийн наадмын дэвжээндээ зодоглосон байдаг. Харин 2017 онд Дархан-Уул аймгийн наадамд зургаа давж харцага болжээ. 2019 онд аймгийнхаа наадамд зодоглож заан цолоор энгэрээ мялаасан. Ингээд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд Булган аймгаас дөрвөн начин төрсний нэг нь Б.Түвшинтөгс байлаа. Түүний үлгэр дуурайлал авдаг бөх нь улсын заан Б.Батмөнх.
Аймгийн арслан П.Хүрэлбаатар
Аймгийн арслан П.Хүрэлбаатар нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх. Өнгөрсөн онд сумын заан цолтой Говьсүмбэр аймгийн наадамд зодоглож начин болсон. Ингээд хэдхэн хоногийн дараа Орхон аймгийн наадамд түрүүлж арслан цолны босго алхсан даа. Түүний барилдааны онцлог гэвэл шуурхай, шийдсэн мэхээ уралдуулдаг. Үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнд хөл тавьсан цаг үеэс “Хөөрхөн Хүрэлээ” нэрээр олонд танигдаад байгаа. Бүсгүйчүүдийн харцыг царай төрх, уран барилдаанаараа булаадаг гэхэд хилсдэхгүй. Тэрбээр энэ жил улсын наадмын дэвжээнд зодоглоно.
Аймгийн заан С.Доржпалам
Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат С.Доржпалам нь өдрөөс өдөрт барилдааны ур чадвар нь өсөж яваа хүчтэн юм. 2022 онд 100 дахь удаагийн сумын заан болон залуу бөхчүүдийн барилдаанд түрүүлж 1000 бөхийн манлай болсон. Харин өнгөрсөн онд Өмнөговь аймгийнхаа наадамд үзүүрлэж заан цолны эзэн болсон. Шийдэмгий барилдаан, даруухан зан нь түүнийг түшиж улсын цолонд хүргэнэ гэдэгт олон хүн итгэдэг. С.Доржпалам даваад туг тойроход нь үзэгчид алга ташилт бэлэглэхэд урам авдаг тухайгаа хуучилсан удаатай.
Сумын заан Д.Цэрэнням
Сумын заан Д.Цэрэнням нь сумын заан болон залуу бөхчүүдийн барилдааны гурав дахь түрүүгээ хүртээд удаагүй байгаа. Мөн сумын наадмын гурван түрүүтэй хүчтэн юм. Мөн тойргийн барилдааны аймгийн харцага цолтой. Үүрэх мэхээр бөхийн өргөөний үзэгчдийг шуугиулж байсан удаатай. 2019 оноос бөхийн өргөөнд барилдаж эхэлсэн. Мөн бусгах, тахимдах мэхээр давах нь олон. Түүний спортын замналд баримталдаг зарчим нь үнэнчээр хөдөлмөрлөж хүссэн цолондоо хүрэх юм.
Сумын заан М.Баасанжав
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат заан М.Баасанжав уран барилдаан, царай төрхөөрөө “Хөөрхөн Хүрэлээ” арслантай өрсөлдөөд буй. Тэрбээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын наадамд 2022 онд түрүүлж заан болж амжилтын замналаа эхлүүлсэн. Үүнээсээ хэдхэн хоногийн дараа Хөвсгөл аймгийнхаа Баянзүрх суманд түрүүлж заан цолоо баталжээ. Харин өнгөрсөн жилийн наадмаар Баянзүрх сумынхаа наадамд зургаа давсан юм. М.Баасанжавын барилдааны техник нь өдрөөс өдөрт сайжраад байгаа. Энэ оны анхны сумын заан болон залуу бөхчүүдийн барилдаанд ес давж үзүүрлэсэн.
Эх сурвалж: www.zms.mn