Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Монголын урлагийн отгон театр болох “PRO” ээлжит уран бүтээлээ хүргэхэд бэлэн болжээ. Энэ удаад Францын алдарт зохиолч Александр Дюмагийн мөнхийн бүтээл болох “Шадар гурван цэрэг” зохиолыг анх удаа тайзны бүтээл болгож, физикл хэлбэрээр тоглох гэж байна. Жүжигт эрэлхэг зоригт Д'Артаньян болон түүний  хүчирхэг шадар цэргүүд болох Атос, Арамис, Портос нарын амьдрал, хайр дурлалыг тухайн үеийн нийгэм, цаг үетэй нь хослуулан гаргаснаараа онцлог юм. Үйл явдал XVII зуунд өрнөх ажээ. Тэгвэл жүжгийн шадар гурван цэргийн нэрс тодорчээ.

 

Атосын дүрд жүжигчин С.Баянмөнх

“Шадар гурван цэрэг” жүжгийн гол дүр болох Атосын дүрд “Gangbay” хамтлагийн дуучин, жүжигчин С.Баянмөнх тоглохоор бэлтгэлдээ оржээ. Сүүлийн үеийн залуусын сонсох дуртай “Ганган цагаан”, “Тайл” зэрэг хит дуунуудын эзэн болсон тэрбээр СУИС-ийг мюзиклийн дуучин, жүжигчин мэргэжлээр төгссөн билээ. С.Баянмөнх бага насаа Эрдэнэтэд эмээ дээрээ өнгөрүүлжээ. Эмээ нь багш байсан учраас тэрбээр гэр бүлийн хувьд сайн хүмүүжил авсан гэж өөрийгөө дүгнэдэг гэж нэгэн ярилцлагадаа онцолжээ. Түүнийг монголчууд “Яг түүн шиг” шоунд оролцсоноос нь хойш илүү мэддэг болсон. Тухайн шоунд хамгийн бага буюу Z үеийн төлөөлөл болж оролцсон Баянаа багагүй амжилт үзүүлсэн юм. Харин тэрбээр хамгийн сүүлд “Аримун” продакшны ээлжит бүтээл болох “Хүний ээж” кинонд тоглосон билээ. С.Баянмөнх тус киноны тухай “Энэхүү кино бол миний гурав дахь дэлгэцийн бүтээл. Анх зохиолоо уншихад л таалагдсан. Мөн эмэгтэй уран бүтээлчид учраас хамтарч ажиллахад аливаад их мэдрэмжтэй ханддаг юм байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байсан бол энэ удаад эрэлхэг шадар цэргийн дүр ийнхүү үзэгчидтэй уулзах нь ээ.

 

Арамисын дүрд жүжигчин  Б.Анхбаатар

“Шадар гурван цэрэг” жүжгийн ээлжит гол дүр болох Арамисын дүрд “PRO” театрын жүжигчин Б.Анхбаатар тоглохоор болжээ. Түүний хувьд театрынхаа анхны уран бүтээл болох “Инээмтгий хүн” визуал драмын жүжигт зураачаар ажилласан. Жүжгийн өгүүлэх гэсэн санааг тайзаар илэрхийлж, ер бусын, тайзны шийдлийг үзэгчдэд үзүүлж чадсан билээ. Харин тус театрын дараагийн бүтээл нь шинэ жилийн баярт зориулсан “Щелкунчик” драмын жүжиг байсан юм. Г.Анхбаатарын хувьд энэхүү бүтээлд ерөнхий найруулагчаар ажилласан. Тэрбээр жүжгийнхээ тухай “Бид шинэ жилд зориулсан уран бүтээл хийе гэж ярилцсан. Харин үүнд хамгийн тохирох бүтээл нь мэдээж Щелкунчик байсан. Мөн энэ бүтээлийг сонгох болсон нэг шалтгаан нь манай үзэгчид энэ жүжгийг зөвхөн П.И.Чайковский бичсэн гэж боддог. Гэтэл дэлхийн сонгодог романтизмын томоохон төлөөлөл А.Гофманий үлгэрээс сэдэвлэсэн шүү дээ. Мөн тус зохиолд олон хүүхэлдэй болон үлгэрийн, төсөөллийн ертөнц гардаг нь бидний мэргэжил болоод зорилготой яг таарч байсан нь энэ бүтээлийг сонгоход нөлөөлсөн” гэж манай сонинлд өгсөн ярилцлагадаа онцолж байв. Тэгвэл энэ удаад шадар дайчин Арамисын дүрээр үзэгчтэй уулзахад бэлэн болжээ.

 

Портосын дүрд жүжигчин З.Булган

Монголын театрын урлагийн отгон бүрэлдэхүүн бол “PRO”. ОХУ-ын Санкт-Петербург хотын урлагийн сургуулийг төгссөн нэг ангийн зургаан найзын хүсэл мөрөөдөл дээр боссон театр билээ. Байгуулагдаад дөнгөж жил гаруй болох гэж байгаа ч Монголын театрын урлагт өөрийн өнгө аясыг хэдийнэ тунхаглажээ. Тэгвэл тус театрыг үүсгэн байгуулсан үндсэн зураан гишүүний нэг болох З.Булган энэ удаад “Шадар гурван цэрэг” физикл драмын нэг гол дүр болох Портосын дүрийг “амилуулахаар” болжээ. Түүний хувьд өмнөх уран бүтээлд мөн гол дүр болох Щелкунчикийн дүрийг бүтээсэн юм.  Шинэ жил айсуй... Үлгэрийн ертөнцийн гайхамшиг. Энд л ид шид бүрэлдэж, бяцхан хүүхдүүдийн хүсэл биелэх ажээ. Хүүхэд бүрийн хүндэтгэн хайрладаг хүүхэлдэйн алдарт мастер Дроссельмейер өөрийн хийсэн хүүхэлдэйнүүдийг бяцхан багачуудад бэлэглэх ажээ. Харин гэнэн цагаахан сэтгэлтэй Мария охинд самар цөмөгч Цөмөөхэй буюу буюу Щелкунчикийг бэлэглэжээ. Дэлхийн сонгодог романтизмын томоохон төлөөлөгч Э.Т.А.Гофманий энэхүү зохиолоо 1816 онд бичсэн байдаг. Тэгвэл энэхүү уран бүтээлд самар цөмөгч, модон хүүхэлдэйний дүрээр үзэгчидтэй уулсан З.Булган энэ удаад Портосын дүрээр тэсрэлт хийх нь ээ. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 28 (7272)