Баатарын НЯМСҮРЭН

“Зууны мэдээ” сонин “Дүрслэх урлаг” буландаа  График зураач Т.Хулангийн “Хором мөч” үзэсгэлэнг онцолж байна.

Т.Хулангийн дахин давтагдашгүй бүтээлүүдтэй танилцахаар Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн  музейг зорилоо.  Биднийг өнгө будгийн тансаг зохицол болсон бүтээлүүд угтсан юм.  Мөн бүтээлүүдийг сонирхохоор үзэсгэлэнд саатсан хүмүүс цөөнгүй байв. Тэд уран бүтээлч бүсгүйд амжилт хүсэж, сэтгэгдэлээ хуваалцаж байгааг  харах үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж ажээ. Үзэсгэлэнд 69 бүтээл багтсан байна. Мөн танхимын баруун талд нэгэн дэлгэц байрлуулсан бөгөөд чамин бүтээлийн гэрэл зураг ээлжлэн солигдоно. Энэ нь зураачийг урын сан ихтэйг нь илтгэнэ. Бүсгүй хүний гоо үзэсгэлэн, дотоод сэтгэл, үнэ цэнийг мэдрүүлэх бүтээлүүд ч цөөнгүй байсныг онцлоё. Тэрбээр ихэнх бүтээлээ зураасан зургийн техник ашиглан зуржээ. Одоогоос 20 жилийн өмнө зурсан зураг байхад саяханы бүтээлүүд ч үзэсгэлэнд багтсан байв. Хүний амьдралд эцэс төгсгөлгүй үргэлжлэх цаг хугацаа үнэ цэнтэй билээ. Үзэсгэлэнгийн танхимд саатахад хүний бүтээсэн олон өнгөтэй дурсамжийн цуглуулга дунд орсон мэт гэгээн мэдрэмж төрсөн юм.

 

Өөрт төрсөн сэтгэгдлээ бүтээл болгосон нь

 

Энэ сарын 07-ныг дуустал үргэлжлэх “Хором мөч” үзэсгэлэн  Т.Хулангийн  15 дахь удаагийнх гэдгээрээ онцлог. Түүний хувьд агшин хором тутам  өөрт төрсөн мэдрэмжээ бүтээл болгон үзэсгэлэнгээрээ уулзаж байгаа нь энэ. Т.Хулангаас  ээлжит үзэсгэлэнгийнх нь тухай тодруулахад “Миний бүтээлийн хором мөч бүхэн томруулах шилээр хайсан эрэл, мөч билээ. Учир нь амьдралын хүрд, цаг хугацааны хамгийн бага нэгж нь хором. Хүн  өөрт оноогдсон багахан цаг хугацааг хэрхэн ашигласнаар   бусдад үнэлэгдэж, дүгнүүлэх нь хамаардаг байх” гэсэн юм. Монгол түмэн нэгэн жилийг үдэж,  дараагийн жилээ угтахаар зэхэж буй энэ үед зураач  бүсгүй уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан нь утга бэлгэдэлтэй биз ээ.

Би

Би хэмээх бүтээл нь 2003 онд мэндэлжээ. Хүн өөрийн хүсэл сонирхлоороо хэн байхаа шийддэг. Шар өнгөөр амьдралын гэрэл гэгээг дүрсэлсэн аж.  Эмэгтэй хүн төлөөлүүлж зурсан нь уран бүтээлч бүсгүй өөрөө юм.

Галт шувуу

Галт шувуу үнсэн дундаас дахиж төрдөг онцлогтой. Бүх зүйл хоосон мөн чанараас үүсэн бий болдог гэдэг санааг илэрхийлжээ.

Давхар нэмэгдэх амьдрал

Эрэгтэй эмэгтэй өлгийтэй хүүхдийг дүрсэлжээ. Амьдралд шинэ хүн нэмэгдэх нь жам хэдий ч нандин тохиол.  Энэ дурсамжтай мөчийг уран бүтээлээр илэрхийлэх нь зураач хүний  онцлог.   Бяцхан үрсийн нүднээс аз жаргал, гэгээн сэтгэлийг мэдрэх боломжтой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 24 (7268)