Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа волейболын спортын мастер,  “Баянхонгор Корунд Гео” багийн довтлогч Г.Цэнд-Аюушийг урилаа.

 

-Үндэсний дээд лигийн тэмцээн өндөрлөөд удаагүй байна. Танай баг амжилт гаргах боломж байв уу?

-Энэ удаагийн лигийн  тэмцээн урт хугацаанд үргэлжиллээ. Үүнийг дагаад багуудын тоглолт өрсөлдөөнтэй байлаа. Бас ихээхэн ач холбогдол өгсөн нь ажиглагдсан. Тухайлбал, гадны улсаас дасгалжуулагч, тамирчин авч ирсэн. Манай багт Иран улсаас гурван легионер тамирчин орж тоглосон.  Дээд лигт зургаан баг өрсөлдсөн юм. Манай баг тэмцээнд оролцохдоо багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон учраас залуу тамирчин олонтой байлаа. Тиймээс энэ тэмцээн бидний хувьд  сургамж, туршлага болсон гэж харж байна. 

-Алдаанаасаа суралцах нь ирээдүйн амжилтад чухал нөлөөтэй. Танай баг тэмцээний дараа ямар дүгнэлт гаргав?

-Мэдээж бид алдаа гаргаад л хожигдсон. Үүнээсээ суралцах нь чухал. Мөн бэртэл гэмтэлгүй байвал зорьсондоо хүрэх боломжтой. Тамирчид сайн ойлголцож, гар нийлэх нь амжилтын үндэс болдог. Харин ойлголцож чадаагүй нь бидний алдаа болсон. Нэгнээ сайн таньж мэдээгүй  учраас алдаа гаргасан байж мэднэ. Цаашид бид бэлтгэлдээ шамдаж амжилтын төлөө хичээх болно.

-Ер нь талбай дээр гарч байгаа багууд тоглолтын үед ямар зарчим баримтлаасай гэж боддог вэ?

-Тамирчид талбайд гараад дэмжигчдийн урмаар хөглөгддөг. Мөн бие биедээ урам өгөх нь  сэтгэл зүйд нөлөөлнө. Талбайд гараад хүлээцтэй байх тун чухал. Бухимдаад байвал бусад багийн гишүүдэд хүндрэл учруулдаг талтай.

-Волейболын спорт танд юу өгөв?

-Тамирчин болох нь миний бага насны мөрөөдөл. Дээд лиг болон “Эрчим” клубийн тоглолтыг их үздэг байлаа.  Анх волейболоор хичээллэхдээ н.Буяндэлгэр багшид шавь орж, эргэлт буцалтгүй тамирчны замналыг сонгосон. Зааланд өнждөг хүүхэд байлаа. Аливааг дурлаж хийхэд үр дүн гардаг юм билээ. Талбайд гараад тоглож байхдаа оноо авах нь үгээр илэрхийлэмгүй мэдрэмж өгдөг.  Би өсвөрийн тэмцээнээс идэрчүүд, насан хүрэгчид, лигийн тэмцээнд өрсөлдөж эхэлсэн. Өмнө нь “Эрчим” клубт харьяалагддаг байлаа. Харин хоёр жилийн өмнө “Баянхонгор Корунд Гео” багт харьяалагдах болсон. Оюутан болохдоо “Эрчим” клубт ороод ихийг сурсан. Өнөөдрийн гаргасан амжилт, мэргэжлийн тамирчин болох замнал клубтэй минь салшгүй холбоотой. Тамирчид болон менежертээ талархаж явдагаа хэлмээр байна.

-Та өнгөрсөн хугацаанд оролцсон тэмцээнүүддээ амжилт гаргаж, дэмжигчдээ олон удаа баярлуулж, огшуулсан даа?

-Олон тэмцээнд оролцож амжилт гаргажээ. Идэрчүүдийн УАШТ-нд түрүүлсэн. “Шилдэг довтлогч”, давуулагч болсон удаатай. Мөн Залуучуудын УАШТ-ээс гурван удаа алтан медаль хүртжээ. “Тэнүүн Огоо”-ийн нэрэмжит  тэмцээнээс хүрэл медалийн эзэн болж байсан. Үндэсний дээд лигийн тэмцээнээс алт, хоёр удаа хүрэл медаль хүртэж шилдэг тоглогч болж байлаа. Мөн Төв Азийн лигээс гуравдугаар байр эзэлж, шилдэг довтлогч болсон сайхан үе бий. Эдгээр амжилт надад их урам өгч, бэлтгэлдээ шамдах шалтгаан болсон.

-Эдгээр амжилтаас хамгийн үнэ цэнтэй, дурсамжтай нь аль  вэ?

-Ер нь оролцсон тэмцээн бүр үнэ цэнтэй. Онцолбол, Төв Азийн тэмцээнийг нэрлэнэ.  Энэхүү тэмцээнд намайг дуудна гэж төсөөлж ч байгаагүй. Баярт мэдээг сонсоод багахан сандрал төрсөн. Өөрийгөө илүү дайчлахыг хүссэн. Төв Азийн тэмцээнд амжилт гаргасан анхны монгол тамирчин болсондоо баярлаж явдаг. Үүнээсээ урам авч, ирээдүйгээ томоор харж эхэлсэн. Миний мөрөөдөл бол гадны багт легионер тамирчнаар оролцох.

-Мөрөөдөлдөө хүрэхийн тулд алхам хийх чухал шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Бэлтгэлдээ шамдахыг чухалчилж байгаа. Амжилтад бэртэл сөргөөр нөлөөлдөг. Би өнгөрсөн оны Залуучуудын УАШТ-д оролцохдоо бэртэл авсан. Саяны лигийн тэмцээний гурван тойрогт өрсөлдөхдөө бэртэлтэй байлаа. Бэртлээ эдгээгээд бэлтгэлдээ ороод амжилтаа ахиулна. Учир нь надад тусалж дэмждэг олон хүн бий. Тэднийхээ итгэлийг алдаж болохгүй.

Блиц:

Овог: Гантулга

Нэр: Цэнд-Аюуш

Төрсөн он, сар, өдөр: 2000.08.17

Харьяалагддаг клуб: Баянхонгор Корунд Гео

Байрлал: Довтлогч

Өмсгөлийн дугаар: 17

Өндөр: 190

Волейболоор хичээллэж буй жил: 12 жил

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 22 (7266)