Баатарын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин “Урлаг” буландаа Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёрын ээлжит “Галын цэцэг” тоглолтын бэлтгэлээс сурвалжилга бэлтгэн хүргэж байна.
Сонгодог бүтээл эгшиглэнэ
Жил бүрийн нэгдүгээр сард нийтийн дуучид тоглолтоо хийдэг уламжлал тогтжээ. Тэгвэл маргааш Бөхийн өргөө дүүрэн үзэгчтэй, дулаахан энергитэй, дурсамж дүүрэн тоглолтыг нэрлэвээс яахын аргагүй хос дуучдын “Галын цэцэг” биз ээ. Биднийг очих үед Монгол бөхийн өргөөнд “Галын цэцэг” тоглолтын бэлтгэл ид өрнөж байв. Дуучид дуугаа бэлдэж, арын албаны залуус хариуцлагатайгаар ажилдаа шамдах нь сайхан тоглолт болохын дохио ажээ. Тайз, дэлгэц, хөгжим нь дуучдын өмнөх тоглолттой харьцуулахад шинэлэг мэдрэмж төрүүлнэ. Нэг өдрийн тоглолтын ард асар их хөдөлмөр, хичээл зүтгэл байдаг нь эндээс харагдана. Хос дуучид маань аливаад чин сэтгэлээсээ хандах нь уран бүтээлч хүнд байх ховорхон чанар юм. Цангинасан уянгалаг хоолойгоор хит дуунуудаа урлаж дуулах нь сэтгэл сэргээж догдлуулах аж. “Галын цэцэг” тоглолтын уриа нь монгол түмний сэтгэлийн галыг асаах юм. Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар уран бүтээлийн 10 дахь удаагийн ээлжит тоглолтоо “Галын цэцэг” хэмээн нэрлэжээ. Тус уран бүтээлээ гал голомтоо бадраасан дурсамжиндаа зориулж гаргасан байна. Дуу эхлэхдээ “Галын цэцэг анхилсан дэрээ хуваав хоёулаа” гэдэг тиймээс энэхүү бүтээлээ “Галын цэцэг” гэж нэрлэх санаа төрсөн аж. Тоглолтын нууцаас задлахад дуучин Х.Мөнгөнцэцэг сонгодог урлагийн бүтээл дуулна. Тэднээс тоглолтын талаар тодруулахад “Зорьж ирсэн үзэгчид нэгэн орой дуу сонсож сэтгэлээ баясгаж, жаргалыг мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна. Цаашид уламжлал болгож жил бүр тоглолтоо хийхээр төлөвлөсөн” гэсэн юм. “Галын цэцэг” тоглолт удахгүй орон нутгийг зорино гэлээ. Ингэхдээ бүсчилсэн байдлаар маршутаа гаргасан аж. Төвийн бүс, баруун бүс болон зүүн аймгаар үргэлжилнэ. Харин тоглолтын хаалтаа гуравдугаар сард Бөхийн өргөөнд хийх юм.
Тоонд бус чанарт анхаардаг
Хос дуучдын тоглолт бүр онцлогтой шинэлэг болдог. Үеийн найзууд нь тэднийг хөдөлмөрч, тусч, сайхан сэтгэлтэй хэмээн хэлэх нь цөөнгүй. Мөн нийгэмд үлгэр дуурайлал болсон сайн үйлсийн аянг санаачилж, дэмждэг ажээ. Тэд “B sound” продакшнаа үүсгэн байгуулагдаад 15 жил болсон. Энэ хугацаанд олон дуучны тоглолт зохион байгуулсан байна. Энэ тухайд дуучин Х.Мөнгөнцэцэг “Манай продакшн үеийн уран бүтээлчдийн ихэнх тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар ажилласан. Мөн өмнөх үеийн дуучдын тоглолтыг ч зохион байгуулсан. Өнгөрсөн онд Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэчимэг эгчийн анхны бие даасан тоглолтыг зохион байгууллаа. Өмнө нь Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нарын олон жилийн дараах тоглолтыг санаачилж ,үзэгч олонтой уулзуулсан” гэсэн юм. Мөн зохион байгуулсан тоглолтууд нь үр дүнгээ өгсөн, амжилттай болдгийг онцолж байлаа.
Дуучин бүр уран бүтээлдээ тодорхой зарчим баримталдаг. Харин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар уран бүтээлийн тоонд бус чанарт анхаардаг гэнэ. Тиймээс дууныхаа үг аянд ихээхэн ач холбогдол өгдөг. Захиалгын дууны санал их ирдэг ч цензуртэй ханддаг ажээ. Тэдний анхны уран бүтээл Ч.Чагнаадоржийн шүлэг, Т.Найданжавын аялгуу “Хосын ятга” дуу билээ. Хосууд ч дууныхаа утга аялгуунд амьдарч дуулсан аж. Гэр бүлийн хос дуучдын ээлжит тоглолт сайхан болж, үзэгчид сэтгэлийн цэнгэл эдлэх нь тодорхой. Цаашид чанартай уран бүтээлээр сонсогч олныхоо сонорыг мялаах биз ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 16 (7260)