Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улсын 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жил, Улсын драмын эрдмийн театрын 80 жилийн ойг тохиолдуулан тус театраас түүхэн жүжгийн зохиолын уралдаан зарлаж байв. Энэхүү уралдаанд сэтгүүлч, зохиолч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн, туульсын жүжиг шалгарч байсан цаг саяхан. 10 гаруй жилийн өмнө Монголын театрын тайзыг эзэгнэж явсан энэхүү бүтээлийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар дахин шинэчилсэн найруулга, шинэ бүрэлдэхүүнтэйгээр үзэгчдэд хүргэх гэж байна. Одоогоор жүжгийн зарим шинэ дүрүүдийг зарлажээ. Жүжиг анх нээлтээ хийх үед буюу 2012 онд Модун Шаньюд Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэг тоглосон билээ. Тэгвэл энэ удаад хэн тоглохоор болсон нь хараахан тодорхой болоогүй байна. Жүжгийн агуулга болоод зарим шинэ дүрүүдийг танилцуулъя.
Модун Шаньюгийн хаанчлал
Тус жүжигт Хүннү гүрний Их хаан Түмэн Шаньюгийн ууган хүү Модун Шанью хайртай бүхнээ золиослон улс гүрнээ хамгаалж буй тухай өгүүлдэг. Тэрбээр Монголын түүхэнд Хүннү гүрнийг үүсгэн байгуулсан их хаан хэмээн мөнхөрсөн байдаг. Зохиолын үйл явдал Түмэн шанью өргөөндөө найр хийж буйгаар эхлэх бөгөөд энэ үед Аргун баатар Кушаны цэргүүд довтолсон тухай мэдээг дуулгаснаар эхлэх ажээ. Модун Шанью бол Түмэн Шанью хааны ууган хөвгүүн юм. Тэрбээр хууль ёсны дагуу хаан ширээний залгамжлагч. Гэвч бусдын хатгалгад автсан эцгийнхээ тушаалаар дайсагнагч хөрш Юэчжид барьцаанд очдог. Тэднээс шилдэг хүлэг морийг нь хулгайлан авч, дайснуудаасаа эсэн мэнд мултарч эх орондоо ирдэг ажээ. Энэ үеэс ард иргэдийн дунд түүний нэр алдар цуурайтна. Эцэг нь хэдийгээр дургүй байсан ч олны аясыг дагаж түүнийг түмтийн ноён болгов. Модун Шаньюгийн эр зориг, шийдэмгий байдал, авхаалж самбаа энэ үеэс улам бүр алдаршсан гэдэг. Ийнхүү тэрбээр дайсагнагч олон ноёдыг устгаж, хаан ширээг авах ажээ.
Шунхуй хатны дүрд Г.Отгонцэцэг
Энэ удаагийн “Тэнгэрийн хүү” жүжгээс хамгийн эхний онцлох дүр бол Шунхуй хатан билээ. Тус дүрд УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг тоглохоор болжээ. Түүний хувьд анх “Хувьсал” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн. “Чамайгаа алдмааргүй байна” жүжигт тоглож, дэлгэцийн уран бүтээлд “Орхидос” киноны хойд эхийн дүрээр цахиур хагалж явсан түүнийг энэ цагийн тайз, дэлгэцийн сайхан бүсгүй, сайн жүжигчин гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Анх театрт ороод “Парисын дарь эхийн сүм” жүжигт гал улаан даашинзтай, цыган бүсгүйн дүрийг бүтээж “Гэгээн муза” наадмын шилдгээр шалгарч явсан нь саяхан. Нэг хэсэг уран бүтээлээсээ чөлөө авч, алсын АНУ-д мэргэжил дээшлүүлээд ирсэн Г.Отгонцэцэг театртаа эргэж ирээд “Сычуаны сайн хүн” жүжгээр үзэгчидтэй уулзсан. Харин одоо “Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатны дүрээр үзэгчидтэй уулзахад бэлэн болжээ. Тэрбээр энэхүү бүтээлийн тухайд “Би Тэнгэрийн хүү жүжгийн анхны бүрэлдэхүүнд багтаж байсан. Эргээд энэхүү уран бүтээлд оролцох болсондоо баяртай байна. Жүжгийн хувьд их том утга санааг агуулсан, олон дүртэй гэдгээрээ онцлог. Ялангуяа энэ жүжгийн эрэгтэй дүрүүд их гайхалтай. Үзэгчид Тэнгэрийн хүү жүжгийг үзснээр монгол хүн болж төрснөөрөө, өөрсдийн түүх, соёл, ёс заншлаараа бахархах сэтгэл төрнө” гэв.
Хан улсын сайд Ли линий дүрд жүжигчин Г.Ганбат
“Тэнгэрийн хүү” жүжгийн Хан улсын сайд Ли Линий дүрд жүжигчин Г.Ганбат тоглоно. УДЭТ-ын шинэ, залуу, авьяаслаг жүжигчдийн нэг нь Соёлын тэргүүний ажилтан Г.Ганбат билээ. Түүний хувьд Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатарын гарын шавь. Бага байхаасаа л жүжигчин болохыг мөрөөддөг байсан хүү СУИС-ийн нэгдүгээр дамжаанд байх даа л найруулагч Д.Галбаярын бүтээл “Шуугиан таригч” кинонд дүрээ мөнхөлсөн байдаг. Харин сургуулиа төгссөн жилээ УДЭТ хэмээх босго өндөртэй айлын нэгэн эд эс болжээ. Энэ цагаас хойш “Бүсгүйн зурвас”, “Ромео Жульетта”, “Би ч гэсэн жаргамаар байна” зэрэг бүтээлд гол болон туслах дүр бүтээж, өөрийнхөө ур ухаан, авьяасыг “өнгөлж” яваа уран бүтээлч. Г.Ганбатын хувьд “Ромео Жульетта” жүжгийн Меркуциогийн дүр өөрийг нь сорьсон гэж нэгэн ярилцлагадаа онцолжээ. Учир нь тус дүрд өмнө нь жүжигчин Э.Тодгэрэл тоглож, энэхүү дүрийг үзэгчдийн сэтгэлд хүртэл “урласан” байдаг билээ. Г.Ганбат “Тэнгэрийн хүү” жүжгийн тухайд “Хан улсын сайдын дүр дээр ажиллах болсондоо баяртай байна. Өмнө нь энэ дүр дээр Ардын жүжигчин А.Мягмарнаран ах маань тоглож байсан. Залуу хүний хувьд ийм том дүр авсандаа жаахан эмээж байна. Гэхдээ ямар ч байсан өөрөөс гарч болох бүхий л зүйлээ ашиглаад дүрээ бүтээхийн төлөө хичээх болно. Залуу жүжигчдийн хувьд Тэнгэрийн хүү жүжгийг сүр сүлд гэж бэлгэшээдэг. Хувцсаа өмсөөд тайзнаа гарах бүртээ омогшсон мэдрэмж төрөх нь бий. Энэ бүтээл бол монгол хүн бүрийн үзэх ёстой уран бүтээл гэж онцолмоор байна” гэжээ.
Шагэ гүнжийн дүрд жүжигчин Т.Хулан
“Тэнгэрийн хүү” жүжгийн Шагэ гүнжийн дүрд УДЭТ-ын жүжигчин Т.Хулан тоглохоор болжээ. Түүний хувьд 2004 онд СУИС-ийг төгссөн. Анх гэрийнхэн нь жүжигчин болохыг нь дэмжээгүй гэдэг. Тиймээс өөр сургуульд шалгалт өгнө гэж гараад СУИС-д тэнцээд ирэхэд нь гэр бүлийнхэн нь аргагүй эрхэнд зөвшөөрсөн ажээ. Жүжигчин Т.Хулан анх “Х-Tuts” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж, 2006 онд УДЭТ-ын босгоор алхсан байдаг. Энэ үеэс Найзууд”, “Бооцоо”, “Хориотой жүжиг ”, “Хайрын виз”, “Нууц амраг чинь болъё” “Гамлет”, “Лусын дагина”, “Норовын намтар” зэрэг олон жүжигт гол болон туслах дүр бүтээсэн. Энэ дундаас “Гамлет” жүжгийн Опелиагийн дүрийг хамгийн их уран чадвар шаардсан дүр хэмээн тодорхойлсон нь бий. Ингээд тэрбээр 2014 онд эрүүл мэндийн шалтгааны улмаас театраа орхижээ. Харин Т.Хулан 2022 онд эргэж ирээд “Сычуаны сайн хүн” жүжгийн гол дүрээр театрын тайзнаа дахин “төрсөн” юм. Жүжгийн турш эрэгтэй, эмэгтэй хүний дүрд хувирах түүнийг хараад үзэгчид “Ийм турьхан атлаа асар их сэтгэлийн хүчтэй, мэдрэмжтэй жүжигчин” юм хэмээн түүнд урмын үг хэлж байв. Тэрбээр зөвхөн тайзанд ч бус дэлгэцийн уран бүтээлд ч “одтой” явна. Т.Хулангийн анх удаа продюсераар ажилласан “Эмэгтэйн кейс” кино үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм. Тэрбээр “Тэнгэрийн хүү” жүжгийн тухайд “Би 2013 онд энэхүү жүжгийн Модун хааны бага хатан Шивагийн дүр дээр ажиллаж байсан бол энэ удаад их хатных нь дүрд тоглохоор боллоо. Манай театр их олон залуу уран бүтээлчдээр бүл нэмсэн. Тиймээс энэхүү жүжиг их эрч хүчтэй уран бүтээл болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Аргун баатрын дүрд жүжигчин И.Дашнамжил
“Тэнгэрийн хүү” жүжгийн Аргун баатрын дүрд УДЭТ-ын залуу уран бүтээлч М.Дашнамжил тоглохоор сонгогджээ. Түүний хувь 2022 онд УДЭТ-т оржээ. Тэрбээр 2016 онд СУИС-д жүжигчин мэргэжлээр элсэж, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар багшийн удирдлага дор дөрвөн жил суралцаж, 2020 онд төгсжээ. Улмаар УДЭТ-ын сонгон шалгаруулалтад орж “Студи” ангийн залуу уран бүтээлч болсноор драмын урлагт дурлаж эхэлсэн байна. И.Дашнамжил театрт ороод шууд гол дүр авсан авьяаслаг, азтай уран бүтээлч. Тодруулбал, 2022 онд театр зохиолч, найруулагч Б.Мөнх-Амьдралын зохиол “Миний аав супер баатар” хүүхдийн жүжгийг театрын тайзнаа амилуулсан юм. Тэгвэл энэхүү хүүхдийн жүжгийн гурван гол дүрийн нэгэнд нь И.Дашнамжил тоглосон байдаг. Үүнээс гадна “Dream” хүүхдийн театр 2023 онд “Алиса – Төсөөллийн хүч” жүжгийг тоглосон билээ. Хүүхдийн жүжиг хэмээх тодотголтой боловч бүх насныхан үзэхэд уйдамгүй, үйл явдал өрнүүн энэхүү жүжгийг Английн зохиолч Льюис Кэроллын алдарт “Алиса гайхамшгийн оронд” зохиолоос сэдэвлэн бүтээхэд И.Дашнамжил хулганы дүрд тоглосон байдаг. Тэрбээр “Тэнгэрийн хүү” жүжгийн тухайд “Миний хувьд театрын жүжигчин болсон минь Тэнгэрийн хүү жүжигтэй салшгүй холбоотой. Учир нь би аравдугаар ангийн сурагч байхдаа анх театрт тус жүжгийг үзэж байсан. Тухайн үед гол дүрд нь тоглож байсан Г.Эрдэнэбилэг ахыг хараад театрын жүжиг, театрын жүжигчин гэдгийн үнэ цэнийг илүү мэдэрч байлаа. Ингээд оюутан байхдаа энэхүү жүжгийн олны хэсэгт орсон удаатай. Харин энэ удаад Аргун хэмээх баатрын дүр дээр ажиллахаар болсондоо баяртай байна. Өмнө нь энэхүү дүрд Соёлын тэргүүний ажилтан Г.Баттөмөр ах тоглож байсан юм билээ” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 12 (7256)