London theatre цахим хуудаст Крис Омвэйн “Монгол Хаан” жүжгийн талаар ажиглалт шүүмж бичсэнийг орчуулан хүргэж байна.
Энэ түүх зохиомол боловч уншигчдад тодорхой хэмжээний тайлбар өгчээ. Энэ нь нэг талаараа Монголын агуу удирдагч Чингис хаан (1162-1227 он)-аас мянга гаруй жилийн өмнө оршин тогтнож байсан Хүннүгийн талаар харьцангуй бага мэдээлэлтэй байгаатай холбоотой юм. Мөхсөн хэл болох Хүнни хэл дээр ямар ч бичээс, тэмдэглэл байхгүй тул “Монгол Хаан”-ыг монгол хэлээр, англи хадмал орчуулгатайгаар толилуулж байгаа аж.
Эл жүжиг дандаа шулуун дардан тоглогдсонгүй. 2023 оны есдүгээр сард ӨМӨЗО-ны Хөх хотод болох тоглолтыг Хятадын эрх баригчид гэнэт цуцалсан юм. Жүжигчид болон жүжигт ажиллаж байсан багийн бусад бүх хүнийг, түүний дотор Британийн зургаан иргэнийг "театрын байрнаас хөөж", тасалбар худалдаж аваад театрт аль хэдийнэ суудалдаа сууж эхлээд байсан үзэгчдийг буцахыг тушаасан аж. Албан ёсны тайлбараар бол энэ нь цахилгаан тасарсантай холбоотой гэдэг ч үнэн хэрэгтээ яагаад ч бүхэл бүтэн тоглолтыг цуцлахад хангалтгүй тайлбар юм.
“Монгол Хаан” жүжгийг ямар жанр болохыг тодорхойлоход хэцүү, хөгжим, бүжигт жүжиг гэж нэрлэе. Гол өгүүлэмж нь үзэгчдийн анхаарлыг татахуйц хангалттай хуйвалдааны үйл явдалтай бөгөөд уйдах зав өгөхгүй. Ярианы хэлэнд маш сайн нийцэх хадмал орчуулгаас гадна гэрэлтүүлэг (Эндрю Эллис) ер бусын, хөгжим (Дэвид Грегори) ч бас адил байлаа.
Сэлэм жад бүхий тулалдаан үе үе болж, Шекспирийн эмгэнэлт үйл явдал уран бүтээлийн үйл явцад нөлөөлсөн болов уу гэж бодоход хангалттай. Арчуг хаан (Монголын нэрт жүжигчин Ганболдын Эрдэнэбилэг) Хүннү гүрний сүр хүчит эзэн хаан бол эсрэгээрээ түүний залгамжлагч Ачир (Шадавын Доржсүрэн) нь төрийн хүний буурь суурьгүй төлөвшилгүй нэгэн.
Хааны хатан Гүргэл (Одхүүгийн Дөлгөөн)-ийн өр өвдөм дүрийг яруу найргийн, уран тансаг үг хэллэгээр тодотгожээ. Энэ дүрийг тайзны гайхширмаар өргөх үзэгдлээр бүр ч өргөж, эгзэгтэй мөчүүдэд сэтгэл дэнсэлгэм мэдрэмжийг үзэгчдэд төрүүлнэ.
Каскадерууд, уран нугараачид, бүжигчид зэрэг 70 гаруй хүний бүрэлдэхүүн нүсэр харагдана. Хувцас чимэглэл нь Монголын уламжлалт хувцаслалтын хэлбэр боловч нэг дүрийг нөгөөгөөс нь ялгахад хэтэрхий төвөгтэй байсныг нуух юун. Хөгжим тайвнаар гол дүрүүдийн хоорондоо ярих үед ч тасалдахгүй эгшиглэнэ.
Хааны гол зөвлөх, тэргүүн сайд Эгэрэг (Сугарын Болд) амрагаа бодохдоо “үнссэн уруулынхаа мөрийг илдээр ухаж авна” гэж сүрдүүлдэг нь үйл явдлын бас нэгэн гол өрнөл мэт. Хааны ордныхонд эгдүүцэл, бухимдалтай уур амьсгал бүрдэнэ. Эл жүжгийн өөр нэг гол зорилго нь аялал жуулчлалын урсгалыг татах бөгөөд хичнээн хүнийг Монголд татна гэдгийг хэлж мэдэхгүй юм. Үнэнийг хэлэхэд энэхүү жүжиг бол гайхалтай үзвэр бөгөөд таны сонголтод байх ёстой жүжгүүдийн нэг.
2000 жилийн өмнөх Монгол. Харгис хэрцгий угсаа залгамжлалын төлөөх зөрчил нь эзэнт гүрний тогтвортой байдалд заналхийлнэ. Их хаан ноёрхлоо хадгалж үлдэхээр тэмцэж байх үед хүчний тэнцвэрийг үүрд өөрчлөх хуйвалдаан зохиогдоно.
Монголын тэргүүлэх театрын жүжиг Их Британид анх удаагаа дэлхийн хэмжээний 70 гаруй жүжигчдээс бүрдсэн багтайгаар уран бүтээлээрээ хүрэлцэн ирж байна. Энэхүү сэтгэл хөдөлгөм түүхийг Хүннү гүрний үеийн Төв Азийн эртний археологийн олдворууд болон нүүдэлчдийн уламжлалаас санаа авч, сэтгэл хөдөлгөм тоглолт, бүжиг, нарийн хийцлэлтэй хувцас хэрэглэлээр амилуулжээ.
Эх сурвалж: “London theatre”
https://www.londontheatre1.com/reviews/the-mongol-khan-at-the-london-coliseum-review/
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 12 (7256)