“Strandmagazine” сайтад нийтлэлч Вайшнави Редди “Монгол Хаан” жүжгийг үзсэн сэтгэгдлээ нийтэлжээ.
Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” гурван бүлэгт эмгэнэлт жүжгийг Б.Баатар “Монгол Хаан” хэмээх тайзны бүтээл болгон амилуулжээ. 1998 онд туурвисан энэхүү жүжиг нь 3000 гаруй мөр шүлгээс бүрдсэн бөгөөд Лхагвасүрэнгийн хувьд утга зохиолын туурвилынх нь оргил үе байсан гэж үздэг.
Б.Баатар энэхүү гайхалтай, сэтгэл татам өгүүлэмжийг найруулгаараа нүд хужирлах жүжиг болгон хувиргажээ. Харьцангуй богино хугацаанд ердөө 15 удаа тоглогдсон энэхүү жүжгийг Жон Мэн орчуулж, Вартенбейкер Тимберлейк хянан тохиолдуулж, Лондонгийн Колизумд тавигдсан нь Лондонгийн тайзыг чимэх хамгийн өвөрмөц үзвэрүүдийн нэг байв.
Тал нутгийн нүүдэлчдийн ёс заншил, ардын аман зохиолоос улбаатай “Монгол хаан” бол бүх талаараа үзвэр юм. 2000 жилийн өмнөх үйл явдлыг өгүүлэх эл жүжигт хайр дурлал, урвалт шарвалт, аллага, эрх мэдэл хийгээд золиослогдогсдын тухай өгүүлдэг. Жүжгийн үйл явдал Хүннүгийн эзэн хаан, алдарт Чингис хаанаас ч өмнө амьдарч байсан Арчуг хааны эргэн тойронд төвлөрдөг. Хааны хатан Цэцэр, Гүргэл нар хэдхэн хоногийн зайтай нуган хөвгүүд дараалан төрүүлжээ. Гүргэлийн хүүг угсаа залгамжлагч болгосон Арчуг хаан Цэцэрийн хүүхдийг өөрийнх биш хэмээн сэжиглэж байв. Тэрхүү сэжиглэгдсэн нялх хүүхэд нь үнэндээ хааны итгэмжлэгдсэн зөвлөх Эгэрэг болон хатны үр юм. Эрх мэдлийн төлөөх хүсэлдээ автсан Эгэрэг Цэцэрийг өлгийтэй нялх үрсээ солихыг ятгаж, улмаар эзэнт гүрний хувь заяаг эрсдэлд оруулж, угсаа залгамжлалын хямралд оруулна.
Жүжгийн үйл явц нь Монголын уламжлалт хөгжим, бүжгээр зонхилж, эрч хүч мэдрэгдэм зохиомжууд ар араасаа өрнөнө.
Хөгжим нь жүжгийн цар хүрээтэй зохицож, хөөмий зэрэг сэтгэл хөдөлгөм уламжлалт аязыг ч оруулжээ. Жүжгийн оргил үед буюу Арчуг хаан, Эгэрэг хоёрын хоорондох харгис хэрцгий, сэтгэл хөдөлгөм тулааныг үзэж байхад төгс гүйцэтгэлтэй үзүүлбэрүүд мэдрэгдэж байлаа. Ялангуяа Гүргэлийн гашуудлын хэсэг хамгийн сэтгэл татам дүр зураг болжээ. Цэцэр, Эгэрэг хоёрын эротик үзэгдэл, тухайлбал махан биеийг дүрсэлсэн хувцас сэлт өмссөн уран нугараачид, бүжигчид, тэдний дүрслэлийн өвөрмөц байдал нь заримдаа үйл явдалд бүрэн нийцэхгүй байсан ч мартагдашгүй дүр зураг үлдээж байлаа.
Хөдөлгөөн гол онцлог нь болсон ийм төрлийн жүжигт бүжиг дэглэлт онцгой элемент болсон нь гайхмаар зүйл биш юм. Өнгө өнгийн хувцас, нарийн чамин хийцтэй хувцас нь хүчтэй, хэмнэлтэй бүжгийг бий болгожээ. Хөл гишгэх, цээжийг нь дарах, гараа түлхэх хөдөлгөөнүүд нь үзүүлбэрт цар хүрээг нь тэлэх гайхалтай боломжийг олгож, 70 гаруй бүжигчдийн сэтгэл хөдөлгөм бүжгийг яв цав дэглэж өгчээ.
Ганболдын Эрдэнэбилэгийн дүр нь бусдаасаа ялгарахуйц, гайхалтай байсан ч Цэцэр хатны дүрийг бүтээсэн Уртнасангийн Уранчимэг жинхэнэ утгаараа зүрх сэтгэлийг догдлуулсан юм. Түүний тоглолт сэтгэлийн утсыг хөндөж, дуу хоолой нь сонорыг булааж, ил тод оршихуйгаараа шууд л анхаарал татаж, Эгэрэгтэй маргалдсан маргаан нь жүжгийн хамгийн сэтгэл татам үзэгдлүүдийн нэг болж чаджээ. Эгэрэгийн дүрд тоглосон Сугарын Болд-Эрдэнэ, Гүргэлийн дүрийг бүтээсэн Одхүүгийн Дөлгөөн нар ч гэсэн өөрийн гэсэн сэтгэл хөдөлгөм, өөгүй шахам үзүүлбэр үзүүлжээ.
Уг бүтээлийг бүхэлд нь монгол хэлээр тоглож, тайзны дөрвөн талд англи хадмал орчуулга гарч байв. Харамсалтай нь эдгээр хадмал орчуулгын дэлгэцийн байрлал нь эл орчуулгыг уншихаар дээш өлийх үед тайзны үйл явдлыг харж эс амжих эрсдэл дагуулж байв. Гэсэн хэдий ч энэ нь шоуны алдаа гэхээсээ илүү техникийн асуудал юм. Бодит агуулгаараа тийм ч гүн гүнзгий биш боловч “Монгол хаан” гайхалтай үзүүлбэр байсан. Од эрхэсээс эхлээд бөмбөрийн дууг хүртэл тод томруун харуулж, сонсгож чадсан Б.Баатар Лондонгийн тайзнаа Монголын уламжлал соёлын нэгээхэн хэсгийг амжилттай харуулж чадсаны үр дүнд эл жүжиг миний үзэж байсан хамгийн дурсамжтай, сэтгэл татам бүтээлүүдийн нэг боллоо.
Эх сурвалж: Strandmagazine
Эх сурвалж: “Зууны мэдээ “ сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 10 (7254)