Д.ЦЭРЭННАДМИД
Монголын мартагдах дөхсөн нэгэн найрагчийн бүтээл туурвилаар ном гаргахаар бэлтгэж буй сэтгүүлч-редактор Бямбажавын Өвгөнхүүг урьж ярилцав.
-Та “Аяны шувууд” алдарт дууны шүлгийн зохиогч Дондогдоржийн Дашдондог гэж хүний шүлэг найргийг шаргуу эрж хайж байгаа гэнэ. Ном бүтээл нь гэж тодорхой зүйл мэдэгддэггүй энэ Д.Дашдондог зохиолч аль нутгийн хүн бэ?
-Сумынхаа 100 жилийн ойн жил буюу 2023 оны эхнээс л хайсан, жил тойрлоо, одоо ч эрж байна, энэ 2024 онд сургуулийнхаа 100 жилийн ойгоор найрагчийнхаа “НОМУН СУВАРГА”-ыг босгочих санаатай, үнэндээ чармайж байгаа. Дондогдоржийн Дашдондог найрагчийн өвөг дээдэс Богд хан уулын аймгийн Авзага уулын хошуу, одоогийн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Мааньт, Шивэртээр нутаглаж ирсэн улс юм билээ. Д.Дашдондог гуай өөрөө 1932 оны хүн.
-Дээр үеийн хүн байна аа. Нутгийнхаа энэ найрагчтай Та энх тунх цагт нь тааралдаж байсан уу?
-Бүр жулдрай хүү, дөнгөж дөрөвдүгээр анги төгссөн 1970 оны зуны амралтаар манай хойд гол-Тээг толгойгоос урагшхан хүүхдүүдтэй цуг үхэр тарилгын хашаан дээр ажиллаж байхдаа анх зүсийг нь үзсэн юм. Хашаанаас хойхно шуудууны ирмэг дээр хэсэг хүн бөөгнөрчихсөн айраг ууцгааж, яриа дэлгэж байв. Хэдүүлээ очиж шохоорхов. Дарайсан цав цагаан цамцтай, хүрэн бор царайтай, дүрлэгэр алаг нүдтэй нэг их гоё хүн ярьж байна. Тэр хүн Дондогдоржийн Дашдондог гуай байсан. Ярианаас нь “Манай Гайтав үлэмжийн авьяастай яруу найрагч шүү дээ” гэсэн өгүүлбэр тархинд бичигдэж хоцорсон юм. “Үлэмжийн” хэмээх тэр үгийг анх тэгж тод сонссон ч юм уу, юмны цараа багцааг үнэлэх хэмжүүр гэж бодох болсон байгаа юм. Арваад л хүн байсан, тэдний дунд манай бригадын дарга Чимэдийн Лхагвадорж гуай гэж төрөлхийн хар ухаантай, цөлх хашир хүн л тэр ярианд оролцож удирдаж байсан.
Бусад нь дуугараагүй. Маргааш нь ч бил үү, Ч.Лхагвадорж гуай хүнд ярьж байна аа. “Энэ Дашдондог ч мундаг найрагч юм даа, хоёул хамт мордож Тээг толгойгоо нар зөв гурав тойрлоо. Манай голын содон уул Тээгийн овоог дөрвөн талаас нь магтан ерөөлөө, торохгүй урсгачих юм аа. “Ээтэн гутал” гэж лут шүлэг уншлаа” гэж байж билээ. Д.Дашдондог гуайтай би ахиж нүүр тулж огт тааралдаагүй, сумандаа яваа сураг дуулддаг л байсан. Оюутан ахуй цагт тэр “Ээтэн гутал” нэр толгойд минь ганц нэг удаа орж, шүлэг нь олддоггүй юм болов уу гэж бодоод л өнгөрсөн.
-Та тэгээд эрлээ хаанаас эхлэв?
-Мэдээж нутгаасаа. Жар-Далаад оныхон, амтай болгон л Д.Дашдондог гуайн
Могод, Жагайтын нуруу нь бугаараа гайхуулна
Могой, Гандийн мод нь цэхээрээ гайхуулна
Аливаа нэгэн юм гойдоороо гайхуулна
Арын уулын модчин би гуалингаараа гайхуулна...
хэмээн “Модчин” шүлгийнх нь шадыг хэлэх авч, бүгдийг нь цээжээр мэдэх хүн олдоогүй. Эрж эрж сүүлд зохиолч Бөхийн Бааст гуайн эмхэтгэсэн зохиолч яруу найрагчдын бүтээлийн “Гүн ногоон ой” номноос бүтнээр нь олсон. Нутгийн олон мэдэх, мэдэхээ л ярьсан, ахмад настан Н.Ойдов, Т.Гонгор, Л.Нарангэрэл гээд л хөвөрнө, зуугаар тогтохгүй олон хүн чадах чинээгээр тусалсан. Миний багын анд Бавуугийн Жаргалсайхан гэхэд л өнгөрсөн хаврын зүдэг хавсарганд бүтэн долоо хоногийн турш “Аарцны чулуу”-г зохиогч, хүүхдийн нэртэй зохиолч Цэрэндоржийн Чинбатын гадаа амбаарт хураалттай олон хайрцаг номыг нэг бүрчлэн сөхөж үзэж байлаа. Энэ монголчууд бие биедээ тус болохсон гэж ямар их хичээдэг улс вэ! Дан.Нямаагаас эхлээд сэтгүүлч, зохиолч, сэхээтэн, жирийн иргэн таних, танихгүй өдий төдий хүн эрвийх дэрвийхээрээ оролцож ирлээ. Хүмүүсийн нэрийг энд бүгдийг дурдах боломжгүй байна. Тэр болгоныг номын оршил хэсэгт оруулна.
2016 онд байна уу даа, бас нэг сонгуулийн сурталчилгааны үеэр л юмсан, нэг удаа Зундуйн Дорж гуай бид хэдүүлээ цуг сууж байтал ардын уран зохиолч Балжирын Догмид Жараад оны Санхүүгийн техникумын оюутан миний багш Дондогдоржийн Дашдондог гэж нэртэй яруу найрагч танай нутгийн хүн гэснээ, дээрх шадыг хэлээд “Аяны шувууд” дурсамжаа цухас ярьсан юм. Багшийнхаа яруу найргийн увдис эрдэм чадал, өндөр боловсролтой сэхээтнийх нь багцаа царааг тулх, баримжаатай, үнэн өгүүлсэн Б.Догмидын энэ дурсамжийг унших хүртлээ Д.Дашдондог гуайн шүлэг зохиолыг эрж хайх бодол толгойд минь орж байсангүй.
-Тэгээд л Д.Дашдондог гуайн шүлэг найраглалыг сураглаж эхэлсэн үү?
-Үгүй юм байна аа, тэнэг хүний ухаан үдээс хойш гэдэг л болсон, сумынхаа 100 жилийн ойн ном гаргахад оролцох болсон үед л сэхээ орж, за байз манай нутгаас чинь овоо гэгээтэй гавал хэн хэн төрлөө дөө гэх ухааны юм бодож бодож, энэ найрагч л хамгийн түрүүнд санаанд буусан. Мөн ч хожуу ухаарал шүү. Тэгээд сураг тавилаа. Бэлэн зэхээний л олдох юм бодтол, хааш ч үгүй мухардсан.
Дондогдоржийн Дашдондог гуай 1956 онд МУИС-ийн эдийн засгийн ангийн 4-р курсын оюутан байхдаа хожим “Хайаватын дуулал”-ыг орчуулсан том соён гэгээрүүлэгч “сархаан” хэмээх Санжаагийн Сандагдорж гэж хүнтэй хамт МУИС-ийн ректорын нэг тушаалаар цуг хөөгдсөн байгаа юм. “С.Сандагдорж нь Зөвлөлтийн эсрэг үзэл бодол цухалзуулсан өгүүлэл бичсэн, Д.Дашдондог нь өөрийгөө том найрагч хэмээн онгирч сахилга алдсан, архи уусан хэмээн МУИС-ийн алдарт Дугуй танхимд “гуншингаа дуудуулж” байхыг хараад яс хавталзаж байлаа. Дугуй танхимд онц суралцсан оюутны нэрсийг бичиж тавьдаг байсны дотор Д.Дашдондогийн нэр байдаг сан. Манай нутгийн, Булганы нэрийг гаргаж яваад нь бид бахархдаг байлаа. Мөн ч сэргэлэн, олон зүйлд авьяастай аргагүй сайхан залуу, МУИС-ийн сор оюутны нэг байлаа даа” хэмээн нэгэн цагийн оюутан, одоо Булган нутагтаа энх тунх суугаа яруу найрагч Намдавын Дагвадорж буюу бидний хүндэтгэдэг Буурал Дагваа багш хайрлах, харамсах зэрэгцэн ярьсан юм.
Тавиад оны шувтаргаар “Сэхээтний төөрөгдөл” хэмээх хадны мангаа дуулдчихсан үе тул сургуулиасаа хөөгдчихсөн хүнээс ер нь жийрхэж байжээ. 60-70-80-аад онд гарсан Монголын шилдэг яруу найрагчдын бүтээл туурвил, намтарт энэ хүний шүлэг зохиол сураггүй, МЗЭ-д ч элсэж амжаагүй байж. Ноднин сумынхаа 100 жилийн ойн номонд л анх удаа зураг, товч намтар, хоёр шүлэг нь орсон юм, ердөө л жилийн өмнө.
-Тэгээд таны их эрэл эхэлжээ. Цааш нь ...
-Нутагтаа эрэхийн хамт, 1950-аад оны сүүл хавийн МУИС-ийн оюутан хэд гурван хүнээс сураглавч Дондогдоржийн Дашдондог гэж мэдэх хүн одоо байхгүй болжээ. Харин Домийн Төмөртогоо академич Монголын сэхээтнүүдийн дунд их ном цуглуулсан, хамгийн олон номтой хүн Ойдовын Содномпил дээ, танина биз дээ, Содномпилээс наад хүнийхээ шүлэг зохиолыг сурагла, эрхбиш юм дуулдах байх, уулз гэв. О.Содномпилтэй урьд нь уулзаж тааралдаж байсангүй, бидний номын садан, сэтгүүлч Ядамжавын Сумъяа л зууч болж эрлийг минь мань хүнд сайн учирласан байгаа юм.
Гуч гаруй мянган номтой О.Содномпил зохиолч, сэтгүүлч зон олонд номын буян түгээх их үйлс бүтээж буй, орчин цагт ихэд ховордсон тусч сэтгэлтэй хүн байна, сайхан танилцлаа. Энэ хүний хадгалж ирсэн МЗЭ-ийн хэвлэл “Яруу найргийн цоморлиг”-ийн 1956 оны дугаарт Дондогдоржийн Дашдондог гуайн оюутан ахуйдаа бичсэн алдарт “Голио” зээрд” найраглал байна. Тэр үеийн “Харцагын нэгдэл”-д данстай, гэдсээ огт татдаггүй хурдан зээрд морийг магтсан шүлэг, айргийн таваас хойш давхиж үзээгүй уг морийг наадамд унаж уралдуулж байсан хоёр ч хүүхэд нь одоо нутагтаа энх тунх байна. Д.Дашдондог гуай оюутны бүжиг цэнгүүн, хаана л бол хаана энэ шүлгээ их уншдаг, тэгсээр өөрөө ч “Гооёо Дашдондог” хэмээн хоч нэр авч байжээ.
“Уран зохиолын цоморлиг”-ийн 1956 оны №2-т гарсан “Цуутай хүн” найраглалыг уншихад л энэ хүнд эрх чөлөө хэрэгтэй байж дээ гэж бодогдсон. Мөн 1957 оны нэгэн дугаарт нь Д.Дашдондог (Зөвлөлтөд сурч буй). “Зургаан шүлэг: “Эхийн хайр”, “Хотын хархүү”, “Онгироо”, “Ягтаж тэр гүйцлээ”, “Завьчин”, “Янаг хоёр” шүлэг нь байна. Ийм янзаар О.Содномпил зохиолч намайг Дондогдоржийн Дашдондог найрагчийн шүлэг зохиолыг эрж хайх замд шуудрахад хөтлөв.
-Д.Дашдондог гуай ер нь хэдий үед их бичиж байж вэ, өөр сонин хэвлэлд бичсэн үү?
-1950-аад оны сүүлч, жараад онд ид бичиж байсан, ер нь шүлгээ насан туршдаа бичсэн, уншсан найрагч. 1948-1965 онд “Пионерийн үнэн”, “Залгамжлагч”, “Пионер”, “Оюун түлхүүр” зэрэг хүүхдийн сонин сэтгүүлд их бичсэн. “Уран зохиолын цоморлиг”, “Яруу найргийн цоморлиг”-т 10 гаруй, “Цог” сэтгүүл, “Соёл, утга зохиол”, “Утга зохиол, урлаг” сонинд нэлээд шүлэг байна. “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр” сонинд тус бүрд нь 10 гаруй шүлэг, найруулал, сурвалжилга, тэмдэглэл, мэдээ, “Үнэн” сонинд шүлэг, орчуулсан шүлэг бий.
-Бас сэтгүүл зүйн төрлөөр бичиж байж уу?
-Намайг гайхшируулж буй нэг содон зүйл бол сэтгүүл зүйн бүтээл нь. Энэ хүн сэтгүүлчийн мэргэжлээр суралцаагүй, сонин хэвлэлийн газар ажиллаагүй атлаа найруулал, сурвалжилга, тэмдэглэлийг сайн бичиж байжээ. Өнгөрсөн зун мөнөөх Буурал Дагваа багш утасдаад, хөөе, Дашдондог 1959 онд ч байна уу, ДЗО-ны их наадамд оролцох болсон Хөвсгөлийн хоёр дуучин бүсгүй Сосор, Надмид нарын тухай “Хан хөвчийн дуучин охид” найруулал бичсэнийг уншиж байсан, их сайн найруулал, тэр үеийн “Үнэн”, “Хөдөлмөр” сонин хавьд бий дээ гэв. Бас л эрэлд гарлаа.
Уриалгахнаар нь, нутгийн хоёр анд, дууны урлагийн том мастер эхнэр, нөхөр-Монгол Улсын Ардын жүжигчин Ц.Үенч, нэрт хөгжимчин Г.Балданцэрэн нарт хэлэв. Ардын дуу бүжгийн чуулгын дуучин Надмид гуай хожмоо “Түмэн Эх” чуулгад тэр хоёртой цуг ажиллаж байсан, одоо энх тунх суугаа тул мань хоёр сургийг нь тэр дор нь дуулгав. Монгол Улсын гавьяат жүжигчин Надмид гуайтай биеэр очиж уулзсан. 67 жилийн өмнө өөрсдийг нь бичсэн “Залуучуудын үнэн” сонины 1957 оны нэгэн дугаарыг нандигнан хадгалж иржээ. Д.Дашдондог найрагчийн бичсэн найрууллын баатартай хийсэн ярилцлагаа номонд оруулна.
Ховдод байхдаа бичсэн “Хөх мөнгөн тэнгэрийн жигүүртэн”, “Алтайн оргилын залуучууд”, “Ховдын оргилд туг мандав” зэрэг найруулал, сурвалжилга, тэмдэглэл нь “Залуучуудын үнэн” сонинд гарчээ, энэ бол 1960-аад он. Эдгээрийг уншихад зохиолч, сэтгүүлчийн авьяас нь тэгш хүн байсан нь харагддаг.
-Ховдоос гэдэг нь ямар учиртай вэ, Д.Дашдондог найрагч тэнд сууж байсан уу?
-Манай нутгийн буурьтай, үнэн үгтэй, эдүгээ 93 гаруй настай өвгөн Тогтохын Дарам гуай тэнд байсныг нь дуулгаагүй бол Д.Дашдондог найрагч Ховдод байсан гэж зүүдэнд ч орохгүй шүү дээ. Тэрээр Д.Дашдондог гуайтай ойр танил явсан тухайгаа “Дондогдорж гуайн хүү Дашдондог” нэртэй дурсамж бичиж “Энэ Дашдондог хойно Орост нисэхийн сургууль төгсч ирээд тэр чиглэлээрээ ажиллаагүй, Ховдын Хөдөө аж ахуйг удирдах газарт ажиллахаар явчихсан юм. Танилын хүрээ өргөн, хүнтэй зөв харьцах эрдэм соёлтой хүн шүү дээ” гэж ярьсан нь Ховдын сонин хэвлэлд зохиол бүтээлийг нь эрэхэд хүргэв. Нээрээ ч найрагч маань Ховдын хөдөө аж ахуйн техникумын багш болчихсон байсан. Ер нь хаа явсан газраа ижлээ үгүйлсэн морь шиг л зохиолч нөхөдтэйгээ нийлж яруу найргаараа халгиж цалгиж явсан байгаа юм. Тэр үеийн Ховдын “Хөдөлмөр” сонины 1961-1963 оны дугаарт 10 гаруй шүлэг, ёгтлол, өгүүллэг, сурвалжилсан тэмдэглэл бичсэнийг Ховд аймгийн Номын сангийн эрхлэгч Д.Оюунчимэг зургийг нь хуулбарлан явуулж тусласан.
Бас намайг магнай хагартал баярлуулсан нэг сонирхолтой зүйл бий. Ховд хот байгуулагдсаны 200 жилийн ойгоор гаргасан Ховд аймгийн уран зохиолын дугуйлангийн хэвлэл “Алтайн од” сэтгүүлийн тусгай дугаарыг О.Содномпил үзүүлсэн, түүнд 50 гаруй зохиолч бүтээлээ нийтлүүлсний дотор Дондогдоржийн Дашдондог найрагчийн “Гийчиндээ”, “Эх дэлхий”, “Яруу найраг”, “Ээтэн гутал”, “Торгууд хүүхэн” гээд таван шүлэг оржээ. Харж байгаа биз, хамгийн гайхамшигтай нь миний багадаа зөвхөн нэрийг нь сонссон, эх нутагтаа ч сураггүй болсон өнөөх алдарт “Ээтэн гутал” шүлгийг алс баруун Алтайн Ховд нутгийнхан аваад хоцорсон л байгаа юм даа. Хагас зуун жилийн өмнө нэрийг нь сонсоод өнгөрсөн “Ээтэн гутал” шүлэг одоо нүдний минь өмнө дурайж байна.
-Та өөр хаагуур эрж байгаа вэ?
-Балжирын Догмид нэг удаа утсаар ярьж байгаад, Дорноговийн “Ялалт” сонинд Дашдондог багшийн бичсэн шүлэг мандаж байсан гэснээс болоод сууж байсан аймгуудынх нь сониныг эргүүлж үзэх санааг төрүүлсэн, тэр нь зөв боллоо. Говьсүмбэр аймгийн Боловсрол соёлын газрын дарга Энхтөрийн зуучилснаар Дорноговь аймгийн “Ялалт” сонины эрхлэгч, яруу найрагч, сэтгүүлч Бямбаагийн Лхагвадорж сониныхоо олон жилийн дугаарыг үзэж, байхгүй сониныг архиваас хайж Д.Дашдондог гуайн 20 гаруй бүтээлийг олж өгөв. Найрагч маань Дорноговьд 1970-1975 онд сууж байжээ. Дорноговийн зохиолчдын бүтээлийн “Нар тоссон говь” эмхэтгэлд 1975 онд гарсан “Говийн зэрэглээ” шүлгийг нь ч Б.Лхагвадорж илгээв. Шавь Б.Догмидоос нь авахуулаад, говь нутгийнхан Д.Дашдондог найрагчийг халуун сэтгэлээр дэмжиж тусалж байсанд үнэхээр талархаж байна.
-Мэдээж Булганыхаа сонинд их бичиж байсан биз дээ?
-Нутгийн дүү, сэтгүүлч Миеэгомбын Батжаргал 1958 оноос хойших Булган аймгийн “Сталинч”, “Дэвшилт” сонинд гарсан 6 шүлгийг олжээ. Булган аймгийн төвд сууж байгаагүй болоод ч тэр үү, нутгийнхаа сонинд цөөн шүлэг бичсэн байгаа юм. Д.Дашдондог гуай хожим Хялганатад байхдаа “Эрдэнэт” сонинд цөөвтөр шүлэг гаргасныг зохиолч, сэтгүүлч Д.Дашдондов, манай ангийн Ц.Ариунаа нар олж явуулсан. З.Төмөр, Н.Батжаргал нар өөр өөрсдийн номонд бичсэн Д.Дашдондог гуайн тухай дурсамжаа илгээсэн. З.Төмөр Эрдэнэтийн зохиолчдын дугуйлангийн хэвлэл “Есөн эрдэнэ” сэтгүүлээс “Ган сэлэмний дууль”-ийг нь олж явуулсан, энэ шүлэг нь Дорноговийн “Ялалт” сонинд бас гарч байсан. “Ган сэлэмний дууль” тухайн үедээ бол төвийн хэвлэлд гарч чадахгүй цензурт өртчих байсан болов уу гэмээр айхавтар шүлэг.
-Ер нь Д.Дашдондог гуайн бүтээл бүгд олдоо болов уу?
-Одоогоор 100 орчим шүлэг зохиол олдоод байгаа. Яаж бүгд байхав дээ. Нутгийнхнаасаа сураглаж эрж байх үед Д.Дашдондог найрагчийн ээж Норжин гуайн төрөл, миний үе чацуутан Доржийн Гаадамба “Дашдондог ах “Хоёр хонгор морины дууль”, бас бус шүлгээ Шивэртийн агуйн хадны завсар хавчуулчихлаа гэж улс амьтан яриад байхад нь би очоод авчихъя гэтэл манай эцэг чи түүгээр яах гэсэн юм гээд болиулчихсан” гэхэд нь мань шүлэгч эрдсэндээ бус, би дуусчээ гэж арга тасраад л хаданд хавчуулсан хэрэг, одоо олдохоосоо өнгөрч дээ гэж харамсаж байтал Дорноговийн “Ялалт” сонинд тэр шүлэг нь байсан.
-Орос хэлтэй хүн байсан уу, орчуулга олон бий юу?
-Орос хэлтэйгээр барахгүй, Д.Дашдондог гуай орос хэлийг зөвхөн биш, гайхамшигтай мэднэ гэж ярьдаг байж. Батлан Хамгаалахын Төв Архивт байгаа намтарт нь “Үндэсний хэл сайн мэднэ, орос хэл сайн мэднэ, ярина, уншина, орчуулна” гэж өөрөө ам бардам өчсөн байна. 1957 онд Орост нисэхийн сургуульд явахаасаа өмнө 1956 онд Борис Заходерийн “Маргаашийн цаана маргааш” хүүхдийн шүлэглэсэн үлгэрийг орчуулснаас харахад хэдийдээ амжиж орос хэлийг ингэж сайн сурсан нь сонирхолтой, бүх зүйлд ясны авьяастай байсны нь гэрч юм. Жараад онд Давид Дарчиевийн “Гамат” хүүхдийн шүлэглэсэн үлгэр; өөрөө орчуулж С.Сандагдорж нь редакторласан “Уран оёдолчин” ном байна. Түүнээс гадна жараад оны оюутан залуус гар дамжуулан уншдаг байсан гадаадын адал явдлын нэг томоохон зохиолыг орчуулсан байгаа юм.
Хэлмэгдэж хавчигдсан зохиолчид голчлон гадаад хэл сурч орчуулга хийдэг, эсвэл хал бал багатай гэж боддог ч юм уу, хүүхдийн зохиол оролддог явдал Зөвлөлтийн зохиолчдын дунд элбэг байжээ. Д.Дашдондог гуай ч тэр л замаар явсан. 1959 онд гаргасан “Бяцхан дүү нар” хэмээх хүүхдийн 16 шүлэгтэй жижиг номыг нь Мишигийн Цэдэндорж гуай редакторлосон байсан. Бас “Доохүүгийн домог” нэртэй хүүхдийн үлгэрийн ном гаргажээ.
Дорноговь аймгийн төвийн ганц давхар нийтийн сууцанд Д.Дашдондог гуайтай айл хөрш, хамар хананы цаана наана хэсэг хугацаанд сууж байснаа Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Халзан гуай дурсан бичихдээ, хүүхдийн хувцас хатаадаг цэрэв дээр хүүхдийн зохиол голчлон том том далбагар арваад ном тавьчихсан миний зохиол бүтээл гэж ярьдаг байсан, лав л С.Маршак байсан гэв. Үнэхээр С.Я.Маршакийн “Өнгө бүрийн хуудастай ном” хүүхдийн зохиолыг орчуулж, яруу найрагч, орчуулагч Доржийн Гомбожав гуайн орчуулсан С.Я.Маршакийн “Жигтэй байшин” номын зургийг ч хуулбарлаж оролцсон байгаа юм.
-Дондогдоржийн Дашдондог найрагчид өөр ямар нэг содон чанар байж уу?
-Д.Дашдондог гуай “Аяны шувууд”-ынхаа үгийг буруу хэлж дуулахад их эмзэглэж дургүйцдэг байжээ. “Аяны шувууд”-ын минь үгийг “Хазгар” Төмөрөөс өөр зөв хэлж дуулах дуучин нэг ч алга, би аяны шувуудыг эргэтэл дуулаач гэж хэлсэн, тэгтэл “эргэн иртэл дуугаа дуулаач” гэх юм, намрын хохилзуур өдөр амрагаа мөрөөдсөн хонгор бүсгүй гэрийнхээ гадаа зогсчихоод намаржин, өвөлжин, хаваржин шувууд эргэн иртэл дуулах нь байна даа, тэгж зогсож тэсэх үү дээ!” гэсэн гэдэг. Эстрадын нэрт дуучин Хурлатын Төмөрийн дуулсан “Аяны шувууд”-ыг зориуд олон удаа сонслоо, яг зохиолчийнх нь үгээр дуулж байна аа.
Бас Ж.Дашдондог гуайнх хэмээн нэр андуурч дууны түүвэрт оруулсан нэг сайхан дуу байна, 1970-аад онд ТВ-ээр дуулахад нь Дондогдоржийн Дашдондог гуай энэ чинь миний дуу байх чинь вэ хэмээн дуу алдан баярласан, дуучин, зохиолч хоёр хожим Хишиг-Өндөрт уулзаж дотно танилцсанаа дурссан дуучны сайхан ярилцлага байгаа. Ийм баталгаатай баримт олдоогүй бол би мэдэхгүй өнгөрөх байлаа, азтай шүү.
-Ямар нэртэй дуу вэ?
-Номонд нь орохоор хүмүүс унших биз ээ, одоохондоо орхичихъё.
-Д.Дашдондог гуай олон хүүхэдтэй хүн үү?
-1970-аад оны эхээр Улаанбаатарт Халтархүү гэж эмч бүсгүйтэй сууж байсан, Өгөөдэн хэмээх ховор нандин нэртэй охинтой юм байна. Дорноговьд Галя эмчтэй ханилж байхад нь гарсан Отгонтөгс гэж 50 дөнгөж алхаж буй сэргэлэн сайхан залуу байна. Д.Отгонтөгс олон хүүхэдтэй хүн аж, тэгээд “Аав Өгөөдэн охиндоо их хайртай, дандаа ярьдаг байсан, би аавыгаа өрөвдөөд нэг охиндоо Өгөөдэн нэр өгсөн” гэж нулимс гармаар үг хэлж байна. Халтархүү эмч Ховдын хүн, аягүй л бол “Торгууд хүүхэн” найраглалынх нь баатар байх, Халтархүү гуай, түүний охин Өгөөдэний сургийг гаргаж өгөхийг нутгийнхнаас нь асуувч, сураг гаргаж чадаагүй л байна. Хүмүүс сураг гаргаж өгөх байгаа гэж найдаж сууна. Д.Дашдондог гуайн Отгонжаргал, Отгонсүрэн гэж бас хоёр охин Хишиг-Өндөрт сайхан аж төрж байгаа.
-Дээр таны хэлсэн шигээр, Дондогдоржийн Дашдондог гуайн шүлгийг хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог гуайнхтай андуурч эндүүрсэн явдал дуулддаг, Тантай ийм зүйл тааралдаж байна уу?
-Нэг нутгийн хоёр Дашдондог зэрэг, зэрэг л хүүхдийн зохиол бичиж байсан, Булган нутгийн хил залгаа хоёр сумынх, Жамбын Дашдондог гуай арай дүүмэд, арваад насны зөрүүтэй, 1941 оных. Наад зах нь, Булган аймгийн утга зохиолын дугуйлангийн хэвлэл-“Булган хангайн жавхлан” сэтгүүлийн 1959 оны дугаарт Д.Дашдондог нь “Алсад суралцахад”, Ж.Дашдондог нь “Найрамдал” шүлэг бичиж байжээ. Зохиол бүтээл дээр нь нэр андуурсан явдал мэр сэр үзэгддэг. 1990-ээд оноос хойш дууны түүвэр ч ар араасаа цуварч, бараг тэр бүхэнд “Аяны шувууд”-ыг Ж.Дашдондог гуайнх болгоод биччихсэн байдаг. Ингэж гараад байхаар нь Жамбын Дашдондог гуай сүрхий уцаарлаж “Аяны шувуу”-г би зохиогоогүй” хэмээн сонинд мэдэгдэл хийх нь холгүй юм болж байсан удаатай юм билээ.
Төрийн шагналт, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог гуай хүний юм шомбодохооргүй, олон сайхан бүтээл туурвисан, өвөрмөц содон зохиолч шүү дээ. Өнгөрсөн зун намайг ингэж эрэл сурал болоод явааг дуулаад нутгийн нэг охин тус болох л гэсэн хэрэг, дөрвийн дөрвөн хүний эмхэтгэсэн “Хүүхдийн дуу, шүлгийн дээж” хэмээх 40 хуудастай эрээн мяраан зурагтай ном авчирч энд Д.Дашдондог гуайн “Хоёулаа хөөрхөн” шүлгийн дуу байна гэв. Олзуурхсан хэдий ч, нягталж үзтэл Жамбын Дашдондог гуай тэртээ 1958 онд сурагч ахуй 17 насандаа гаргасан “Аргатай хүү” хэмээх бяцхан номынх нь дотор орсон 13 шүлгийн нэг байв. Цаад зохиолчийг нь мэдэх хүнгүй болж, нэр зүс ч үгүй мартагдахад шүлэг зохиолыг нь тааралдахаар энэ хүнийх л байж таараа гэж бодоод, өөр овог нэрээр биччихдэг хайш яйш хүн олширч, харин зохиолчид нь бие биеийнхээ бүтээлийг “туусан” нэр зүүдэг байна.
Бас арай ч дээ гэмээр нэгэн эндүүрлийг хэлмээр байна. Мэргэжлийн нэгэн ном зүйч хоёр Дашдондогийн бүтээлийг сольж андуурсан байгаа юм. Уг хүний номноос Жамбын Дашдондог гуайн бүтээлийн нэрсийг шүүж харлаа. Тэгтэл Дондогдоржийн Дашдондог гуайн “Цог” сэтгүүлд 1956 онд бичсэн “Залуу жолооч”, 1959 онд Москвад суралцаж байхдаа мөн сэтгүүлд бичсэн “Мөнхийн хөшөө”, Булганы “Сталинч” сонинд гаргасан “Сар ба хүүхэн” шүлгийг Ж.Дашдондог гуайнх болгоод биччихжээ. Арга барагдаад, Жамбын Дашдондог гуайн хүү, хэл шинжлэлийн идэр залуу эрдэмтэн Боролзой дээр очиж, хоёул зэрэгцэн сууж байгаад эдгээрийг тулгаж нягтлав. Булганы “Сталинч” сонинд гарсан Д.Дашдондог гуайн “Сар ба хүүхэн” шүлгийг Ж.Дашдондог гуайнх болгож эндүүрснийг хараад, таны аав 1958 онд, тэгээд бүр Москвагаас шүү, хүүхэн шуухны шүлэг бичих нас ч арай болоогүй байсан даа гэж ярилцан бөөн хөхрөлдөөн болов. Д.Боролзой тэдгээрийг харах төдийд л аавынх нь шүлэг бишийг мэдэж байв. Төөрөлдүүлэхэд хүргэсэн нэг гэм байжээ. Тэр нь Д.Дашдондог гуай хэвлэл номонд шүлэг зохиолоо гаргаж байх эхэн үедээ овгийнхоо үсгийг тавьдаггүй, ердөө л ДАШДОНДОГ гээд биччихдэг байсан тохиол олон гарч байна, үүнээс болоод Дашдондог л гэвэл, Ж.Дашдондогийнх гэж боддог байсан болов уу, цаад хүн нь мартагдсан байлаа ч, тэр үедээ энх тунх, ид бүтээж яваа Жамбын Дашдондог гуайгаас чинийх мөн үү гээд лавлачихаагүй л байгаа юм даа.
-Өөрийнх нь бүтээлийн гар бичмэл зэрэг нь үлдэж хоцорсон уу?
-Дондогдоржийн Дашдондог гуай өөрөө насаараа нүүдэллэсэн, ёстой “Аяны шувуу”, нэг газраа удаан тогтож суугаагүйн улмаас гар бичмэл сэлт нь үрэгджээ. “Манай аав орос ном олонтой, маш их уншдаг, би сургуульд ороогүй үе, бичиг үсэг мэдэхгүй, номынх нь зургийг л үздэг байсан юм. Аавын хэдэн авдар ном, бичиг цаас, гар бичмэл үлдсэн ч, бүгд алга болсон” гэж хүү Отгонтөгс нь ярьсан. Хялганатад Гомбо хэмээх тооны багш нь хоёр “Дело” хавтастай гар бичмэл, Улаанбаатарт монгол хэлний Сүрэн багш нь бас нэг хавтастай гар бичмэлийг ном болгоно энээ тэрээ гэж авсан, би даанч бага байсан тул аавынхаа шүлэг зохиолыг хямгадах ухаан суугаагүй, багш нар хэний хүүхэд вэ гэхээр нь Дашдондогийн хүүхэд гэж онгирдог, юмыг нь гуйхаар өгчихөж байсан. Надад гар бичмэл юу ч үлдээгүй гэж ярьсан, энэ найрагчийн бүтээл хойч үед хэрэгтэйг бодолцоод багш нар нь байгаа бол өөрсдөд нь, үр хүүхдүүд нь эдгээр гар бичмэл үлдсэн байх, байвал өгнө байх гэж найдаж байгаа. Хадгалж ирж чадсан бол тэр хүмүүст талархах ч багадна.
Д.Дашдондог найрагч 1970-аад оны эхээр М.Горькийн “Яндан хөөлөгч” өгүүллэгийг орчуулсан бололтой, хуучин номын худалдаа, номын сангуудыг гүйцээсэн боловч олдоогүй. Д.Дашдондог найрагч хожим ядарсан хойноо Хялганатад хүнд өргүүлсэн охин дүүгээ бараадаж очоод хэдэн жил болохдоо, 1984 оны багцаанд “Хөвчийн зургаан охин” урт найраглал бичиж байгаа хэмээн ярьж явдаг байж, хэвлэгдсэн бололтой байгаа юм, гэвч эдгээрийн аль аль нь олдоогүй, ямар нэг номонд орсон байх, сураг гаргаж өгөх хүн бий дээ.
Нэмж хэлэхэд, сурагласан болгоныг минь олоод өгөхсөн гэж сэтгэл зүтгэл гаргаж байгаа Үндэсний төв архив, Батлан хамгаалахын төв архив, Монгол Улсын Үндэсний номын сан, Улаанбаатар хотын бүх номын сан, Төрийн Ордоны номын сан, Тусгаар тогтнолын Ордоны номын сан, Булган, Ховд аймгийн номын сангийн эрхлэгч, ном зүйчдэд “Зууны мэдээ” сониноор дамжуулан гүн талархал илэрхийлье.
Эх сурвалж: “Зууны мэдээ “ сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 10 (7254)