Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
УДБЭТ-ын уран бүтээлчид энэ оны эхний үзвэрийн нээлтээ А.Аданы “Жизель”бүжгэн жүжиг, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар хийхээр төлөвлөжээ. Тус бүтээлүүдийн тухай товч мэдээлэл хүргэе.
Өрөвдөлтэй Жизель
Францын алдарт хөгжмийн зохиолч А.Адан "Жизель” хайр дурлалын эмгэнэлт бүжгэн жүжгээ хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнсний тухай эртний домгоос сэдэвлэн бүтээсэн юм. Тариачин охин Жизелийн үнэнч, ариун хайрыг харуулах энэхүү балетыг Романтизмын үеийн шилдэг бүтээл ч гэдэг. "Жизель”-ийг анх 1841 оны зургаадугаар сарын 28-нд Жин Коралли, Юлис Перрот нарын дэглэлтээр Францын Парис хотын "Гранд Опера” театрын тайзнаа амилуулжээ. Дараа нь 1884 оноос эхлэн балетмейстер Мариус Петипагийн дэглэлтээр тавьсан байдаг аж. Харин Монголын театрын тайзнаа 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд анх тоглосон түүхтэй.
Усан үзмийн тариалантай шугуйн завсарт эгэл жирийн хүмүүсийн аз жаргалаар бялхсан нэгэн тосгон бий. Тэнд ядуу тариачны охин Жизель амьдарна. Тэрбээр ойд цэцэг түүж яваад ан хийхээр, дүрээ хувирган ирсэн хааны хүүтэй учирч, хайр сэтгэлтэй болжээ. Гэвч Жизельд сэтгэлтэй болсон ойн цагдаа Ганс түүний хайртай залууг тариачны хувцас өмссөн язгууртан гэдгийг илчилснээр бүх зүйл өөрчлөгдөнө. Жизель хайртай хүнийхээ худал хуурмагт гомдон, сэтгэлээр унаж шаналсаар ухаан санаа нь самуурч, эцэстээ амьсгал хураажээ. Уй гашуу, ганцаардлын туйлд хүрч, хүний биеийг орхин одсон охин дээр сүнсний хатан ирж, түүнийг цэцгээр илбэджээ. Нэгэн өдөр ханхүү охины булшин дээр ирж, толгой гудайлган сууна. Түүнийг харсан Жизелийн сүнс хайртай залуутайгаа бүжиглэхийг хүсжээ. Тэд шөнөжин бүжиглэв. Үүр цайх үед дурлалт хоёр бие биенээсээ хагацаж ядсаар бүсгүйн сүнс булшиндаа шингэв. Удалгүй гүн Альберт дахиад Жизелийн сүнстэй уулзахаар ирэхэд охидын сүнс түүнийг зүгээр явуулахыг хүссэнгүй. Жизель хайртай залуутайгаа яг л амьд мэт, хамт байхыг хүссэн ч сүнсний хатны ятгалгаар охидын сүнс Альберт гүнг хавцал руу бүчин унагааж дөнгөв. Тэд охидын хайр сэтгэлээр тоглосон хуурамч эрийг залхаан цээрлүүлж, гомдлоо тайлсан нь тэр ажээ.
Үнэнч хайрыг өгүүлэх “Евгений Онегин”
Дэлхийн шилдэг дууриудын нэг П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийг энэ сарын 20, 21-нд УДБЭТ-ын тайзнаа тоглох аж. Тус дуурь нь 77, 78 дахь удаагаа тоглогдох гэж байгаа ба театрын тайзнаа тоглосны 61 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм. Тус дуурийн удирдаачаар шинэ, залуу удирдаач Тэлмүүн-Очир ажиллана. УДБЭТ анх 1963 оны тавдугаар сарын 15-ны өдөр энэхүү дууриар нээлтээ хийсэн түүхтэй. Удирдаачаар Ж.Чулуун, найруулагчаар Д.Лхасүрэн ажилласан бол гол дүрүүдэд Татъянад А.Загдсүрэн, Ольгад Б.Дариймаа, Онегинд Х.Дамиран, Ленскийд Г.Хайдав, Греминд Ц.Пүрэвдорж нар тоглож байжээ.
Үдшийн гэгээнд Лариса авхайн эдлэнд түүний охид болох Ольга, Татьяана нар модны доорх сандал дээр дуулж, эхийнхээ болон асрагч эмэгтэйн хамт үйл урлаж буйгаар нэгдүгээр үзэгдэл эхэлнэ. Харин зэргэлдээ амьдардаг залуу найрагч Ленский хотоос ирсэн найз Онегины хамт тэднийд зочлох ажээ. Ленский нь Ольгагийн сүйт залуу. Харин Онегин Татьяанаг Ленскийгээс асуух зуураа ичимхий даруу зантай түүнийг шохоорхоно. Онегины ирсэн явдал Татьяанагийн сэтгэлийг хөдөлгөжээ. Гэвч тэдний хувь тавилан нийлсэнгүй. Тэрбээр Ван Гремины гэргий болжээ. Цор ганцаар үлдсэн Онегин үнэнч дурлалын өмнө яаж шившиг болсноо ойлгон харуусан шаналж буйгаар дуурь төгсдөг юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 9 (7253)