С.УЯНГА

 

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ц.Мөнхсоёл банкны салбарт ажиллаад цөөнгүй жилийг үджээ. Олон сайхан уран бүтээлээр үзэгч, сонсогчдыг байлдан дагуулж явсан нь саяхан. Тэрбээр часхийсэн дуунуудаараа дахин бэлэг барихаар зэхэж байгаа ажээ.

 

- Хамгийн сүүлд хийсэн уран бүтээлээсээ сонирхуулбал. “Аав, ээж хоёр минь” дуугаа шинэчилж гаргасан байсан?

- Тийм ээ. Даяндоржийн шүлэг, Маамхүүгийн аялгуу “Дуулмаар, дуулмаар аав, ээж хоёр минь” дуугаа шинэчлэн дуулж, өнгөрсөн жилийн  сар шинийн нэвтрүүлэгт оролцсон. Тайзаа их санасан байсан. Хүмүүс ч “Хүүе ээ, чи хаанаас гараад ирэв ээ?”, “Хааччихсан байсан юм бэ” гэлцээд гайхаж байсан. Үнэхээр сайхан мэдрэмж авсан.

- Уран бүтээлээсээ багагүй завсарлага авлаа?

-  Ц.Мөнхсоёл гэдэг уран бүтээлч “Алдарт ээж” болсон. Одонгийн хүүхдээ төрүүлээд ар гэрийн үүрэг, хариуцлага огцом нэмэгдсэн. Урьд нь зөвхөн уран бүтээл, өөртөө анхаардаг байсан бол үр хүүхдүүдээ халамжлах шаардлагатай боллоо. Хамгийн сүүлд 2014 онд гурав дахь бие даасан тоглолтоо хийгээд л миний уран бүтээл завсарласан. Өнгөрсөн жилээс эхэлж дуунуудаа шинэчлэн сэргээж байна. Банкны салбарт ажиллаад цөөнгүй жил болж байна. Завгүй ээжийн хажуугаар банкны маркетинг хийгээд явна.

- Таны хувьд  хүүхэд наснаасаа олонд танигдсан. Анх тайзан дээр гарсан үеэ дурсвал сонин байх болов уу?

- Миний хувьд өөрөө л дуулах сонирхолтой, бүх зүйлд оролцдог хүүхэд байсан. Тэр хүсэл эрмэлзлийг ээж минь их дэмждэг байлаа. Увсын Зүүнхангай сумын 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй чуулгын гишүүн сурагч ийш тийш явж уралдаан,  тэмцээн, урлагийн үзлэгт оролцоно. "Найрамдал" зусланд амарч ч явлаа. Тоорцог, монгол гутал, дээл хувцас, даашинз бүх зүйлийг ээж өөрөө урлаад өгчихдөг. “92-ын” гэгддэг их үнэтэй торгыг шууд эсгээд дээл оёж өмсгөнө. Том, том цэцэглэсэн ленттэй, тоорцог малгайтай, торомгор нүдтэй жижигхэн охин тайзан дээр дуулахаар хүмүүс өхөөрддөг. Миний аав, ээж их дэмжиж, бүх талаар тусалдаг учраас урлагийн хүн болоход нөлөөлсөн байх. Ээж минь Увс аймаг дахь “Улаангом” коллежийн тулгын чулууг тавилцсан Ичинхорлоо гэж сайхан дуулдаг, гоё эмэгтэй байлаа. Хөдөлмөрийн багш хүн. Ээжийнхээ сайхан хоолойтойг өөд болохоос нь өмнө дуу хоолойг нь бичиж үлдээх үедээ илүү мэдэрсэн. “Маршал” хамтлагийн студид дуугаа бичүүлэхэд нэлээд өндөр шаардлагатайг нь их гайхсан янзтай байсан гэдэг. Үүрэн холбооны компани ижийн минь дуу хоолойг сурталчилгаандаа ашигласан байна билээ. Эгч, ахын охин гээд хоосонгүй нөхөд манайханд бий бий.

...Бага насны дурсамжийг хуваалцах сайхан байдаг. Манай эгч намайг шоолдог юм. “Соёлоо хаачсан бэ” гээд хайхаар айлд ороод дуулаад зогсож байдаг гэж. Айлд ороод дуулаад даашинзныхаа хормой дүүрэн чихэртэй харьдаг. Мөн ч их чихэр идсэн тухай ах, эгч минь дурсан ярьцгаадаг. Хаана ямар урлаг, соёлын тоглолт болно. Бүгдэд нь оролцож, тэмцээн уралдаанаас тэргүүлэх зэргийн медалийг нь авдаг. Аймагт тэмцээн болоход Л.Болдбаатар, н.Оюунтуяа, Р.Дэлгэрмаа, Мөнхсоёл гэсэн хэдэн хүүхэд л байнга эхний байруудыг эзэлдэг байлаа.

- Өөрийн тань олон нийтийн сүлжээн дэх хуудсыг уншиж байхад тэнгэрт одсон ижий, ааваа санан дурссан агуулгатай постууд хааяа бичсэн харагддаг?

- Хүн бүрийн туулаад өнгөрдөг жам ёсны хагацалтай эвлэрч чадахгүй, унаж сөхөрч, санаж дуугаа ч дуулж чадахгүй нулимсаа залгиад явдаг хэцүү үе байдаг юм билээ. Гэнэтхэн өнчрөөд үлдэнэ чинээ бодоогүй юм уу. Хааяа хааяа санана. Гэхдээ зав чөлөөгүй үед сатаараад, үр хүүхдийнхээ төлөө зүтгэж яваагаа аав, ээжийнхээ ачлалын хариу гэж ойлгодог. Урлагийн бид чинь уярал, ухаарал нь ил цагаан хүмүүс шүү дээ. Ялангуяа амаржаад удаагүй байхдаа их л зүйл бичдэг байсан байх. Хэт эрх өсөх бас хүсэх зүйл биш юм. Дуулж ухаарч, уйлж хатуужиж туулах хорвоод хүн муу зүйл хийхгүй явах юм сан л гэж бодож хичээдэг ээ. Заримдаа хэн нэгэнд хэтэрхий их итгээд хууртагдах, чин сэтгэлээсээ хандсаны хариуд өшиглүүлэх ч чанга даа.

- Танай үеийн дуучид гэвэл гавьяат С.Жавхлан, Соёлын тэргүүний ажилтан Д.Бурмаа, А.Анхбаяр нар байх аа. Тэд бүгд ид дуулж явна. Увс аймгаас их олон дуучин "төржээ". Тэдэнтэйгээ хэр холбоотой байдаг вэ? 

- Ойр дотно найзууд байхыг хүсдэг. Харамсалтай нь миний ажил, салбар хүссэн хүсээгүй өөрчлөгдсөнтэй холбоотой жаахан алслаад л байгаа. Гэхдээ болно байх аа. Бүгдээрээ л уран бүтээлээ ид туурвиад гялзалзаж яваад нь баярладаг.

- Цаашид ямар уран бүтээл төлөвлөж, хийх вэ?

- Хоёр сайхан дуу бичүүлнэ. Аав, ээжийн тухай дуугүйгээр уран бүтээлээ төсөөлөхөд бэрх тул “Бадамин” брэндийг үүсгэн байгуулсан, доктор, багын найз Н.Баяртаа  ээжийнхээ тухай сайхан дуу хийлгэх хүсэлт тавьж, ивээн тэтгэж байгаа. “Нью Стар” студийн захирал Энхмандах эгчтэй үеэлүүд. Тэд эхийн ачлал, хайрыг дэлгэрүүлсэн дууг ээжүүддээ зориулахаар санаа шулуудсан. Удахгүй сонсогчдын хүртээл болгоно. Өвөр Монголын өөртөө засах орны нэгэн яруу найрагчийн шүлгээр бүтсэн ээжийн тухай бас нэг дуугаа өргөхөөр төлөвлөсөн.

-Таны дуунуудыг сонсохоор техник хэрэгсэл ашиглахаас илүүтэй өөрийн хоолойн чадалд эрдсэн шинж мэдрэгдэх юм. "Ам барих"-ын тухайд ямар бодолтой явдаг бэ?

- "Ам барих"-ын эсрэг байдаг. Хэзээ ч дэмжихгүй. Нэгэнтээ чи дуучин гэгдээд, олны өмнө уран бүтээлээ өргөн барьж байгаа бол хууран мэхлэлтээс, худал хуурмагаас зайлсхийх хэрэгтэй гэж боддог. Өөртөө хатуу шаардлага тавьдаг. Багш нарын минь бидэнд өгсөн хүмүүжил, сургаалийн нөлөөгөөр гэх үү, өнгөлж, гоёчилсон, аргацаасан зүйлд дургүй.

- Монголын радиогийн алтан фондод дуунуудаа үлдээсэн уран бүтээлчийн хувьд хэр сэтгэгдэлтэй үлдсэн бол?

- Мэдээж, сайхан санагддаг. Урын санд 30 гаруй дуу бий. “Дуулмаар дуулмаар аав, ээж хоёр минь”, “Аавдаа очмоор болох юм”, “Хонгорхон охин үр минь”, “Миний наран” гэсэн дуунуудтай. Төрсөн эгч Алтанзаяа хууль зүйн товчоо ажиллуулдаг хуульч хүн нэлээд хэдэн дууг минь ивээн тэтгэж, дэмжсэн байдаг. “Миний наран” дууныхаа клипэнд ээжийгээ тоглуулж амжсан нь азтай явдал. Царай нь танигдах гэхээс илүүтэй дуугаараа, аялгуугаараа танил болох нь чухал. Чанартай, шат ахиулсан бүтээл гаргаж, дахиж алдахгүйг хичээж иржээ. Багшийн үүрэг, оролцоо маш чухал. Хүндэтгэн ач санах хүмүүс бол тэд. Бага ангийн багштайгаа үргэлж холбоотой, дотно явдаг. Мэргэжлийн дуулаачийн багш минь Монгол Улсын гавьяат жүжигчин Найдалмаа гэж эрхэм сайхан хатагтай байдаг. Жинхэнэ гарын шавь нь. Манай СУИС-д, мэргэжлийн урлагийн сургуульд концертмейстер багш чухал үүрэгтэй. Миний багш н.Энхтуул гэж сайхан хүн байгаа. Тэд нар минь үнэ хүндтэй. Биетээр уулзаж амждаггүй ч цахимаар холбогдоод, мэнд устай, зөвлөмж, сургаалийг нь сонсоод өдийг хүрсэн. Багш нар минь худал хоосон магтаалаас илүү бодитоор үнэлж, цэгнэж, үлгэрлэн дэмжиж, урам өгснөөр ирсэн ачтай хүмүүс. Та нарынхаа итгэлийг хөсөрдүүлэхгүй, уран бүтээлээ үргэлжлүүлэн хийсээр байх болно оо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 9 (7253)