1827 онд байгуулагдсан, 197 жилийн түүхтэй “The Evening standard” өдөр тутмын сонин нь лондончуудын өдөр тутмын мэдээллээ авдаг байсан хамгийн урт түүхтэй хэвлэлүүдийн нэг. Тус сонинд нийтлэлч Викки Жэсоп “Монгол Хаан” жүжгийн талаар нийтлэл бичсэнийг орчуулан хүргэж байна.

Монголын тал нутгаас Лондоны Колизум театрт хоёр долоо хоногийн турш тоглолт хийхээр ирсэн жүжигчдийн бие халаалтаас эхлээд үзүүлбэр нь хүртэл үнэхээр гайхалтай. Акробатууд өөрсдийн биеийг гайхалтай хэлбэрт оруулан үзүүлбэр үзүүлэх мөчид нөмрөгтэй эр тайзан дээгүүр гартаа хутга барин цуст өшөөгөө авахад бэлэн алхаж байна. Гоёмсог хувцас өмссөн эмэгтэйчүүд хөгжмийн аянд тааруулан бүжиглэнэ.

Уг жүжгийн найруулагч Б.Баатар “Энэ жүжиг бодит амьдралын үйл явдлууд дээр үндэслэгдээгүй. Энэ бол зохиомол. Түүх нь нэлээд сонгодог бөгөөд олон хүн уг жүжгийн зохиолчийг Монголын Шекспир гэж үнэлдэг” гэв. 

Бавуугийн Лхагвасүрэнгийн 1998 онд уг жүжгийн зохиолыг туурвисан гэдгийг Б.Баатар найруулагч онцлоод нэрт яруу найрагчийг нас барсных нь дараа буюу 2022 онд Монголд дахин амилуулж, Их Британид ирэхээсээ өмнөхөн 150 гаруй удаа үзэгчдийн хүртээл болгоод байгаа аж.

Найруулагч Б.Баатар уг жүжгийг 13-р зууны Монголын асар том эзэнт гүрнээс сэдэвлэсэн “эмгэнэлт жүжиг” гэж тодорхойлов.  "Тэнгэр минь, хэрэв миний буруу бол намайг шийтгэхтүн” гэж  жүжгийн эхэнд хаан уйлна. Хүүгээ төрөхөд тэрбээр "Хэлд орох анхны үг нь Хүннү гүрэн байх болтугай" гэж хэлдэг.

Гуравхан сая хүн амтай (Лондон хотын хүн амын бараг гуравны нэг) Монгол Улсад театрын соёл цэцэглэн хөгжөөгүй ч энэ жүжиг бүхнийг өөрчлөх бололтой. Хятад, Орос хоёрын дунд хавчуулагдсан Монгол Улс бол  уулархаг, өвслөг дов толгодоос бүрдсэн нүүдэлчин овог аймгуудын нутаг, бахархам түүхтэй орон. Дэлхийг байлдан дагуулагч Чингис хаан Монголоос мэндэлсэн бөгөөд одоо ч үндэсний баатар нь гэгддэг. 

Б.Баатар “Бид ч бас хаант улс байсан. Манайх 1920-иод он хүртэл хаантай байсан.  Оросын нөлөөгөөр бид хаадаасаа салсан. Энэ бол маш том алдаа байсан” гэв.  Мөн тэрбээр “Монгол Хаан” жүжиг бол  бол үндэсний онцлогоо хадгалж үлдэх, улмаар дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, монголчууд дэлхийд юу санал болгож чадахаа харуулах гэсэн бидний анхны оролдлого. Жүжгийн багт  улсын  шилдэг бүжигчид, акробатчид, дуучид, жүжигчид багтсан” хэмээв.

Хатан хааны дүрийг бүтээсэн Уртнасангийн Уранчимэг  жүжигчин, найруулагчийн мэргэжилтэй бөгөөд  үндэсний баялагтай адилтгаж болохоор үнэ цэнтэй нэгэн аж.

У.Уранчимэг “Бид анхнаасаа Шекспирийн бүтээлээр өлгийдүүлж ирсэн” гэж ярьсан бол ноёдын дүрийг бүтээсэн Ш.Доржсүрэн Гамлет, Лир хаан, бүр Ромеогийн дүрийг бүтээж байсан.

Жүжгийн зохиол өөрөө Монголын баялаг түүхээс санаа авсан агуулгатай. Эзэнт гүрний үеийн хорсолт хаан хоёр эхнэртэй байх агаад тэдгээр хоёр хатан нэгэн зэрэг түүнд хүү төрүүлж өгчээ. Энэ зуурт бусармаг заль мэх явагдан, хөвгүүдийг хооронд нь солих бөгөөд үүнээс үүдэн урвалт, ан цав үүсэж, эзэнт гүрний ирээдүйн төлөөх тэмцэл өрнөнө.

Хааны дүрийг бүтээсэн Г.Эрдэнэбилэг “Бид ямар гайхалтай соёлтой, ямар өвөрмөц зан үйлтэй хүмүүс болохоо мэднэ. Задгай хээр талд зогсоход  салхи тойрон исгэрч, биднийг  ногоон толгодууд хүрээлдэг. Бидэнд дэлхийд сонсогдож байгаагүй олон гайхалтай зүйл бий" гэлээ.

"Тамгагүй төр" жүжиг Их Британид "Монгол Хаан" нэртэйгээр арваннэгдүгээр сарын 18-наас хоёр долоо хоногийн турш тоглогдох юм.

Эх сурвалж: “The Evening standard”

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 8 (7252)