Ч.Гантулга
УДБЭТ-ын уран бүтээлчид энэ оны эхний үзвэрийн нээлтээ А.Адан “Жизель”бүжгэн жүжиг, П.И.Чайковский “Евгений Онегин” дууриар хийхээр төлөвлөжээ. Оросын аугаа хөгжмийн зохиолч П. И Чайковскийн хамгийн алдартай хоёр бүтээл энэ оны эхний саруудад тоглогдож байгаа нь онцлог ажээ. Францын алдарт хөгжмийн зохиолч А.Адан "Жизель” хайр дурлалын эмгэнэлт бүжгэн жүжгээ хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнсний тухай эртний домгоос сэдэвлэн бүтээсэн юм. Тариачин охин Жизелийн үнэнч, ариун хайрыг харуулах энэхүү балетыг Романтизмын үеийн шилдэг бүтээл ч гэдэг. "Жизель”-ийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Жин Коралли, Юлис Перрот нарын дэглэлтээр Францын Парис хотын "Гранд Опера” театрын тайзнаа амилуулжээ. Дараа нь 1884 оноос эхлэн балетмейстер Мариус Петипагийн дэглэлтээр тавьсан байдаг аж. Харин Монголын театрын тайзнаа 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд анх тоглосон түүхтэй.
Дэлхийн шилдэг дууриудын нэг П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийг энэ сарын 20, 21-нд УДБЭТ-ын тайзнаа тоглох аж. Тус дуурь нь 77, 78 дахь удаагаа тоглогдох гэж байгаа ба театрын тайзнаа тоглосны 61 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм. Тус дуурийн удирдаачаар шинэ, залуу удирдаач Тэлмүүн-Очир ажиллах аж. УДБЭТ анх 1963 оны тавдугаар сарын 15-ны өдөр энэхүү дууриар нээлтээ хийсэн түүхтэй. Удирдаачаар Ж.Чулуун, найруулагчаар Д.Лхасүрэн ажилласан бол гол дүрүүдэд Татъянад А.Загдсүрэн, Ольгад Б.Дариймаа, Онегинд Х.Дамиран, Ленскийд Г.Хайдав, Греминд Ц.Пүрэвдорж нар тоглож байжээ.
Эх сурвалж: www.zms.mn