Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

“Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа Монголын чөлөөт бөхийн 68 кг-ын жингийн энэ цагийн шилдэг тамирчин Э.Дэлгэрмааг онцолж байна. Тэрбээр 2023 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, оны шилдэг тамирчин шалгаруулах “Бөртэ-Чоно” наадмын “Шилдэг эмэгтэй” тамирчнаар тодорсон юм.

 

Дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж байна

 

Чөлөөт бөхийн 68 кг-ын жингийн тамирчин Э.Дэлгэрмаа Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээнд спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор анх чөлөөт бөхөөр хичээллэж эхэлжээ. Өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн ҮБТДС-ийг төгссөн байна. Ингээд 2016 оноос “Мегастарс” клубт гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, спортын мастер Ё.Батдархан, Ж.Баярхүү нарын удирдлага дор өнөөг хүртэл бэлтгэлээ базааж байгаа юм. Э.Дэлгэрмаа анх 17 насандаа насанд хүрэгчдийн УАШТ-ий финалд үлдэж, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгт ялагдан мөнгөн медаль хүртэж байв. Энэ үеэс спорт сонирхогчдын хараанд өртөж, өсөх ирээдүйтэй тамирчин гэдгээ баталсан юм. Харин 2019 онд “Mongolia open” тэмцээнд түрүүлснээр амжилтын буухиа нь эхэлжээ. Тус ондоо ДАШТ-ний дараа эрэмбэлэгддэг, чансаа өндөртэй “Алтан гранпри”-аас хүрэл медаль хүртсэн юм. Үүгээр ч зогсохгүй Э.Дэлгэрмаа “Ханжоу” Азийн наадмаас хүрэл медаль хүртэж, өдгөө дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдээд байгаа, чөлөөтийн шинэ үеийн “од” тамирчин мөнөөс мөн билээ.

Олимпод өрсөлдөнө

 

Өнгөрсөн онд чөлөөт бөхийн ДАШТ Сербийн Белградад болсон. Энэхүү тэмцээнд  дэлхийн 100 орны 1023 бөх хүч үзсэн юм. Тус тэмцээнээс олимпын 90 эрхийг нийт 18 жинд өгөхөд Монгол Улсын тамирчин Э.Дэлгэрмаа ДАШТ-ний 68 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэнээр нэг эрхийг өвөртөлсөн билээ. Манай бөх эзэн орны тамирчин Эмилия Яковльевичийг 14:4 оноогоор, Казакстаны тамирчин олимпын хүрэл, ДАШТ-ий хоёр мөнгө, нэг хүрэл медальт Елена Шалигинаг цэвэр даралтаар, Францын тамирчин ДАШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Коумба Ларрокийг 2:1 оноогоор тус тус ялж хагас шигшээд шалгарсан. Ингээд алтан медалийн төлөө Турк улсын Бусе Тосунд ялагдсан билээ. Ийм л нэгэн Монголын чөлөөт бөхийн чанар, хүч чадлыг олон улсад таниулж яваа залуухан бөх бидний дунд аж төрж байна. Түүний хувьд энэ он тун чухал. Э.Дэлгэрмааг олимпын дэвжээ ивээгээсэй.

Блиц:

Овог нэр: Энхсайханы Дэлгэрмаа

Төрсөн он сар: 1999 оны зургаадугаар сарын 1

Төрсөн газар: Өвөрхангай аймгийн Тарагт сум

Анх хичээллэсэн спорт: Чөлөөт бөх

Анхны багш: Э.Баттүшиг

Анхны оролцсон тэмцээн: УАШТ

Мэргэжил: Багш, дасгалжуулагч

Амжилт: ДАШТ-ний мөнгө, “Ханжоу” Азийн наадмын хүрэл, U23 хүртлэх насны ААШТ-ний мөнгөн медальтай 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 7 (7251)