Н.ЖАРГАЛМАА
Монголын зохиолчдын эвлэлийн 95 жилийн ойн арга хэмжээ өчигдөр боллоо. Монголын зохиолчдын байгууллагын удирдлага, үе үеийн төлөөлөл зохиолч яруу найрагч, судлаач, орчуулагчдын төлөөлөл их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, баярын хурлаа Улсын хүүхэлдэйн театрт хийлээ.
Зохиолчдын байгууллагын ойд төр, засгийн тэргүүнүүд мэндчилгээ илгээж, төрийн одон медалиар шагнагдсан зохиолчдын шагналыг гардууллаа. Жил бүр зохиолчдын ойн баярын өдрөөр Алтан-Өд шагналын эздээ тодруулдаг уламжлалтай. “Алтан-Өд-2023”-ын шилдгүүд өчигдөр шагналаа гардан авсан юм.
“Алтан-Өд 2023” наадмын шилдгүүдийг танилцуулъя.
Яруу найраг
Л.Баасансүрэн “Лит хуанлийн завсарт”
Хүүрнэл зохиол /роман/
М.Уянсүх “Хонхот хүүхэлдэй”
Хүүрнэл зохиол /тууж, өгүүллэг/
С.Баатарцогт “Нохойн жиг”
Баримтат уран зохиол
Ц.Гончиг “Цул мөнгөн гүүр”
Хүүхдийн зохиол
Ш.Бадарч “Бяцхан зүрхний эх орон”
Шог хошин зохиол
А.Амарсайхан “Нагацын охин” хошин жүжиг
Жүжиг, киноны зохиол
А.Шартолгой “Тайз, дэлгэц” жүжиг, кино зохиолууд
Утга зохиолын орчуулга
Жеральд Мартин “Г.Г.Маркес” /орчуулагч Н.Пүрэвдагва/
Утга зохиолын судлал, шүүмж
До.Цэнджав “Зохиолчийн урлан судлал”
Хүний эрхийн мэдрэмжтэй бүтээл
Б.Мандхай “Парланментад хүрэх мянган алхам” /орчуулагч Д.Оргил/
Каролин Криадо Перез “Үл үзэгдэгч эмэгтэйчүүд” /орчуулагч Б.Дуламхорлоо /
Түүнчлэн хүүрнэл зохиол (тууж, өгүүллэг)-ын төрөлд залуу зохиолч С.Баатарцогт “Нохойн жиг” бүтээлээрээ тэргүүлсэн. Тэрбээр “Нийт зохиолчиддоо 95 жилийн ойн баярын мэнд хүргэе. Миний хувьд хүүрнэл зохиолын төрөлд шалгарсандаа туйлын баяртай байна. Анх 2013 онд СУИС-ын театр урлагийн сургуульд жүжиг кино зохиолчийн ангид элсэн суралцсан цагаасаа эхлэн зөвхөн өөрийн бичиж илэрхийлэхийг хүссэн бүтээлээ гаргахыг эрмэлзсэн” гэсэн юм.
Монголын зохиолчдын эвлэл өнгөрсөн онд Дэмбээгийн Мягмар, нэрт орчуулагч Самбуугийн Бадраа, Дэндэвийн Пүрэвдорж нарын түүхт тэгш ой тохиосон бөгөөд Монголын театрын нэрт судлаач, шүүмжлэгч Дашдондогийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ үеэр Дашдондог агсаны үр хүүхдүүдтэй хамтран ирээдүйн залгамж халааг бэлдэх нэгэн үеийн залуу судлаач, шүүмжлэгчдийг бэлтгэх сургалтыг зохион байгуулсан байна. Энэ нь Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 95 жилийн ойг угтан хийж буй томоохон ажил байлаа.
Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал О.Энхжавхлан “Бидний санаачилсан олон ажлыг салбарын яам болон холбогдох газрууд дэмжиж ажилласан. Бид утга зохиол судлаач, шүүмжлэгчдийг бэлтгэснээр энэ салбарт урагш алхаж буй маш том ахиц гэж харж байна. 95 жилийн ойгоороо хүний эрхийн хүрээнд “Жендэрийн мэдрэмжтэй зохиолчид” төслийг санаачлан хэрэгжүүлж энэ удаагийн Алтан өд наадмаар шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан. Монголын зохиолчдын эвлэл түүхэн хугацаанд өөрсдийн гэсэн онцлог, баялаг түүхийг бүтээсэн. Үе үеийн суут зохиолч яруу найрагчид энд л боловсорч сурсан байдаг. Тэр л чиг шугамыг цаашид алдахгүйгээр залуу үеэ бэлтгэхийг зорьж байна” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 6 (7250)