Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Бид найман тэрбум хүн нэгэн дэлхийд амьдарч байна. Хэдийгээр гарал угсаа, шашин шүтлэг, соёл уламжлал, амьдрах орчин харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн газраасаа шалтгаалаад тэс өөр. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах зорилгоор “Чацуутнууд” буланг хүргэдэг билээ. Энэ удаад Монголын кино урлагийн нэгэн тод өнгө, шигтгээ болсон жүжигчин О.Цэнгэл болон АНУ-ын жүжигчин Женнифер Лоуренсыг онцоллоо. Тэд энэ жил 34 настай.
Сэтгүүлчээс жүжигчин болсон О.Цэнгэл МУИС-ийн утга зохиол судлалын ангийг төгссөн ч хүсэл мөрөөдөл, сонирхолдоо хөтлөгдөн кино урлагт хөл тавьсан жүжигчин бол О.Цэнгэл. Бага байхаасаа л сэтгүүлч болохыг мөрөөддөг байсан охин МҮОНРТ-ийн “Цоглог” хүүхдийн нэвтрүүлгийг хөтлөх болсноор анх үзэгчдийн анхаарлыг татаж байв. Тэрбээр энэ тухайгаа “Би сургуулиа төгсөөд анх өдөр тутмын “Өнөөдөр” сонинд ажилладаг байлаа. Сэтгүүлч их хэцүү мэргэжил. Жишээлбэл, нэг хүнтэй ярилцлаа гэхэд түүнийгээ янзалж хэвлүүлэх гэж их ажиллагаа шаарддаг. Олон шат дамжлага дамждаг. Дараа нь телевизийн салбарт хоёр жил гаруй ажилласан” хэмээн дурссан нь бий. Харин түүний анхны дэлгэцийн бүтээлийн дүр нь “Сайн уу, амьдрал минь” кино ажээ. О.Цэнгэл энэхүү кинонд тоглохдоо нэгдүгээр дамжааны оюутан байсан бөгөөд найруулагч З.Батболд анх түүнд санал тавьжээ. Энэ үеэс кино урлаг, тэр дундаа жүжигчний мэргэжилд тататгдах болсон тэрбээр дахин З.Батболд найруулагчийн нэгэн бүтээлд ажилласан нь “Боолын гэрээ” кино юм. Энэ бүтээл түүнийг жүжигчний хувьд сорьсон, басхүү зориг, золиос шаардсан билээ. Тухайн киноны тухай О.Цэнгэл “Би Солонго гэдэг охины дүр дээр ажилласан. Хэдийгээр гол дүр биш ч кинонд том зангилаа болдог. Энэ дүр нэлээд хүнд. Анх зохиолтойгоо танилцахдаа л их айсан. Тийм хүнд, хувирал ихтэй дүр гаргаж чадах болов уу гээд л. Уг нь Солонго ахтайгаа асрамжийн газарт өссөн хүүхэд. Гэхдээ үүндээ ер гутардаггүй сэргэлэн, хөгжилтэй, өөдрөг охины дүр л дээ. Хамгийн хэцүү нь бага насандаа доромжлуулдаг харамсалтай” хэмээн кино нээлтээ хийсний дараа нэгэн хэвлэлд ярилцлага өгчээ. Үүнээс хойш О.Цэнгэл "Гоёлын даашинз", “Хамтран амьдрагч”, “Ээж”, “Рекэт”, “Эр хүн болгож өгөөч” зэрэг дэлгэцийн уран бүтээлд өөрийгөө сорьж яваа энэ цагийн авьяаслаг уран бүтээлч билээ. Түүний хувийн амьдралаас сонирхуулбал О.Цэнгэл "Universe Best Songs" тэмцээний шилдэг оролцогч Г.Мишээлтэй гэр бүл болж, хоёр хөөрхөн хүүхдийн ээж, аав болоод байгаа билээ. Жүжигчин, сэтгүүлч бүсгүйн нэгэн том мөрөөдөл нь өөрийн нэрийн хуудас болсон шоу нэвтрүүлэгтэй болох гэнэ лээ. |
Шаргал үст Женнифер Лоуренс Энэ цаг үед дэлхийн кино урлагийн өнгийг тодорхойлж байгаа авъяаслаг эмэгтэй жүжигчдийн нэг бол Женнифер Лоуренс юм. Хамгийн залуудаа “Оскар”-ын шагнал хүртсэн түүнийг фэнүүд нь АНУ-ын кино ертөнцийн нүүр царай гэж тодорхойлох нь бий. Жүжигчин бүсгүй 1990.08.15-ны өдөр төржээ. Лоуренс "Kammerer Middle School" дунд сургуульд элсэн орсон хэдий ч, жүжигчин болох хүсэлдээ хөтлөгдөн сургуулиа орхиж, Лос Анжелес хот руу мөрөөдлөө биелүүлэхээр явжээ. Кино жүжигчин болох хүсэлтэй бяцхан шаргал үст шууд “од” болчихсонгүй. Эхний ээлжинд төдийлөн нэрд гараагүй компаниудын реклам, зар сурталчилгаанд тоглож байв. Харин удалгүй телевизийн олон ангит цуврал болох "The Bill Engvall Show"-д дүр бүтээх боломж гарсан нь олонд танигдаж, кино жүжигчин болох гараагаа амжилттай эхлүүлэх үндэс болсон гэдэг. Жүжигчин Женнифер Лоуренст хамгийн амжилт авчирч, шуугиулсан бүтээл нь "Winter's Bone" киноны "Rees Bone"-ийн дүр юм. Энэхүү дүрийнх нь тухай дэлхийн алдарт "Rolling Stone" сэтгүүлд "Тэрбээр дүрээ гайхалтай гаргасан. Түүний нүдний харцнаас л энэ киноны гол үйл явдлыг шууд харж, мэдэрч байсан" хэмээн хэлж байжээ. Энэхүү кинонд тоглосны дараа түүнд олон киноны санал ар араасаа ирэх болжээ. Женнифер Лоуренсын уран бүтээлээс дараагийн онцлох кино бол “The Hunger Games" юм. Киноны үйл явдал дарангуйллын системтэй Панем хэмээх улсад өрнөнө. Тус улсын эрх баригчид улсынхаа 12 бүсээс 12-18 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхдийг сонгон жил бүр "Өлсгөлөн тулаан" гэх харгис тэмцээнд оролцуулах ажээ. Тулаанд оролцож буй хүүхдүүд янз бүрийн хэрцгий сорилт, даалгаврыг биелүүлэх хэрэгтэй болдог. Бие биенээ хөнөөж, өөрөө амьд үлдэн, ялагч болох нь тэдний хамгийн гол даалгавар юм. Энэхүү кино жүжигчин бүсгүйгээс жүжигчний хуьд ур чадвар, зориг тэвчээр ихээхэн шаардсаныхаа хэрээр түүний карьерт эерэгээр нөлөөлж чаджээ. |
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 3 (7247)