Ч.ГАНТУЛГА

Энэ оны арванхоёрдугаар  сарын 24-ний ням гарагт Япон Каратэгийн Холбооны хоёр дахь удаагийн тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгууллаа. Ката буюу бие хамгаалах дасгалийн төрөлд 122, кумитэ буюу тулааны төрөлд 103 оролцогч өөрсдийн нас хүйс, түвшний ангилалд амжилттай өрсөлджээ.

Тэмцээний ахлах дасгалжуулагч Жиованни Вирарди нээлтийн үгэндээ нийт оролцогчид, тэдний гэр бүл, сайн дурынханд онцгойлон талархал илэрхийлсэн юм. Тэрбээр тус холбооны 2023 онд зохион байгуулсан арга хэмжээ, амжилтуудыг онцолж, тус байгууллагын Монгол Улсад уламжлалт каратэг хөгжүүлэхийн төлөө олон зүйл хийж буйг энэ үеэрээ ярилаа. Жиованни Вирарди “Тэмцээн бол каратэгийн эцсийн зорилго биш, харин тууштай хичээллэж, өөрийн бие сэтгэлээ хөгжүүлэх нь каратэгийн үндсэн зорилго ба тэрхүү зорилгодоо хүрэх арга хэрэгсэл нь энэхүү тэмцээн” гэсэн юм. Мөн энэ удаагийн тэмцээний оролцогчдын тоо өмнөх жилтэй харьцуулахад мэдэгдэхүйц нэмэгдсэнийг онцлон тэмдэглэв.

Тэмцээний үеэр бүх оролцогчид гайхалтай ур чадвар, хичээл зүтгэл, сахилга батыг харуулж, түүн дотроос Ката, Кумитэгий төрлүүдэд хоёуланд нь тэргүүн байр эзэлж, "Шилдэг тамирчин"-ын шагналыг хүртсэн А.Бөртэ-Үжинд каратэгийн зургаан сарын бүтэн тэтгэлэгийн шагналыг тусгайлан гардуулсан нь энэхүү тэмцээний хамгийн оргил үе байсан юм. Каратэгийн энэхүү тэмцээн нь Япон Каратэгийн Холбооны Монгол дахь салбар тасралтгүй хөгжиж, Монголчуудын уламжлалт каратэг сонирхох гүн сонирхлыг харуулсан гайхалтай амжилттай тэмцээн болж өдөрлөснийг албаны хүмүүс хэлж байв. Тэмцээний дүнг танилцуулахад нэгдүгээр байранд “Арслантай гүүр” баг, хоёрдугаар байранд “Яармаг” баг, гуравдугаар байранд “Хан-уул” баг тус тус шалгарсан юм. Үүнээс кумитэ тулааны бага насны ангилалд А.Жигүүр, Д.Оюунзаяа, Ц.Эрхэмбаатар, П.Ашид нар, дунд насны ангилалд Б.Үүрийнгэгээ, Бадар-Ууган, өсвөр нас, насанд хүрэгчдийн ангилалд А.Бөртэ-Үжин, Э.Тэмүүжин нар тэргүүн байруудыг эзэлсэн бол ката буюу дасгалын төрөлд бага насны ангилалд Д.Чой-Эрдэнэ, Б.Чинбаяр, Т.Гэгээн, Х.Сэцэн-Агь, Г.Ганболд нар, дунд насны ангилалд У. Номун, Б.Мөнхнаран, өсвөр болон насанд хүрэгчдийн ангилалд Э.Чинболор, А.Бөртэ-Үжин нар тэргүүн байруудад шалгарлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 259 (7244)