Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Арванхоёрдугаар сар бол энэ оны отгон өдрүүд үргэлжилдэг олон онцлогтой. Бүх салбарынхан амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэж, ирэх оны зорилго, төлөвлөгөөгөө гаргадаг билээ. Тэгвэл манай спортын салбарынхны хувьд жүдогийн сүүлийн их дуулга, Азийн наадам зэрэг чансаатай, олимпын оноо цуглуулах хариуцлагатай тэмцээнүүд үргэлжилсэн, амжилтаар дүүрэн сар болж өнгөрөх нь ээ.  

 

Л.Сосорбарам хүрэл медаль хүртэв

Сарын эхний өдрүүдэд Японы нийслэл Токиод жүдо бөхийн оны сүүлийн Их дуулга тэмцээн амжилттай болж өндөрлөсөн юм. Энэхүү тэмцээнээс Ази тивийн аварга Ё.Басхүү мөнгөн медаль хүртсэн билээ. Тэрбээр "Tokyo Grand Slam 2023" тэмцээний 66кг-ын жинд "C" хэсгийг тэргүүлж, эхний тойрогт гоц мөргөсөн. Улмаар Хятадын Тайванийн Ен-Мин Чен, Израилын Матан Коколаев, Бразилын Лима Виллиан, Францын Дайдий Боуба нарыг ялж шигшээд шалгарсан. Ингээд алтан медалийн төлөө олимп, Дэлхийн аварга Абе Хифүмитэй барилдаж үндсэн цагт цэвэр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон билээ. Харин эмэгтэйчүүдийн 52кг-ын жинд Азийн наадмын хүрэл медальт  Л.Сосорбарам Португалын Иоана Диогог ялсан ч Израйлын Гефен Примод ялагдсан. Ингэснээр манай бөх дагах барилдаан хийж, АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдаж буй нутаг нэгтэй жүдоч Б.Хорлоодойг ялснаар хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон билээ. Ингээд Л.Сосорбарам Унгар улсын тамирчин Река Паппыг үндсэн цагт цэвэр ялж оны сүүлийн "Grand Slam" тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Энэхүү Их дуулгын дараагаар буюу энэ сарын 6-нд Японы нийслэл Токио хотод пара жүдо бөхийн “Парис-2024” паралимпын эрх олгох Гранпри тэмцээн болсон юм. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Нарантуяа, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нарын удирдлага дор зургаан тамирчин хүч үзсэн байна. Уг тэмцээнээс манай нэг тамирчин алт, хоёр тамирчин хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Мөн эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд “Ханжоу-2022” Азийн пара наадмын аварга Д.Ганбат, -90 кг-д Б.Баттөгс нар хүрэл медаль хүртсэн билээ.

 

Газрын теннисний тэмцээнээс монгол хүү мөнгөн медаль хүртжээ

Тайланд улсын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадам арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн. Тус наадамд манай улсаас пауэрлифтинг, буудлагын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцсон байна. Наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жинд гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор оролцсон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ.Тэрбээр цээжнээс 242 кг-ыг амжилттай шахсанаар төрийн дууллаа эгшиглүүлсэн бол БНХАУ-ын тамирчин мөнгө, Польшийн тамирчин хүрэл медаль хүртсэн юм. Э.Содномпилжээгийн хувьд 2023 онд ДАШТ-ээс мөнгө, Европын аварга шалгаруулах тэмцээнээс алт, “Ханжоу-2022” Азийн пара наадмаас мөнгөн медаль хүртсэн байна. Өнгөрсөн тавдугаар сард Узбекистан Улсад болсон “Ташкент-2023” эрэгтэйчүүдийн боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 63.5 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Б.Чинзориг мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр аваргын алтан медалийн төлөө Узбекистаны боксчин Руслан Абдуллаевтай тулалдаж шүүгчийн саналаар ялагдсан юм. Тэгвэл гавьяат тамирчин Б.Чинзоригт Олон Улсын Боксын холбооноос ирсэн 344 сая төгрөгийн шагналыг энэ сарын 8-ны өдөр гардуулан өгчээ. Яг энэ өдөр Малайз улсын Пэрлис хотноо 41 дэх жилдээ зохион байгуулсан газрын теннисчдийн өсвөрийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнд “Singapore School of Mongolia” сургуулийн сурагч А.Тулга оролцож, мөнгөн медаль хүртсэн юм. Түүний хувьд найм хүртэлх насны ганцаарчилсан төрөлд оролцож энэхүү амжилтыг үзүүлсэн байна.

 

Esport-оор түүхэн амжилт тогтоов

Монголын спортын түүхэнд энэ сард нэгэн онцлох үйл явдал болсон нь манай IHC Esports баг PUBG Mobile төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн явдал юм. Тэд гурван өдрийн турш үргэлжилсэн тулааны эцэст 142 оноо цуглуулж аваргын цом өргөлөө. Турк улсад зохион байгуулсан PUBGM тоглоомын ДАШТ-нд манай улсаас "IHC Esports" багаас гадна "4Merical vibes", "Stalwart esports" багууд оролцсон юм.  Тэгвэл 138 оноо цуглуулсан "Stalwart esports" баг хоёрдугаар байр, "4Merical vibes" дөрөвт бичигдэн монголчууд энэ төрлийн тэмцээнд ийнхүү түүхэн амжилт тогтоосон билээ. Харин энэ сарын 11-нд NBA-ийн зүгээс улирал дундуур "NBA Cup" тэмцээнийг зохион байгуулсан. Энэ үеэр "NBA 3x Invitational Champion" тэмцээнд оролцсон Монголын эмэгтэй, эрэгтэй баг хосоороо аварга болж, цомын эзэд боллоо. Эмэгтэй баг хэсгээсээ гурван хожилтойгоор гарч ирж, аваргын төлөө Япон улсын багийг илүүрхэн 16:6-аар хожсон. Харин эрэгтэй баг хоёр хожил нэг хожигдолтойгоор хэсгээсээ нэгээр гарч чадсан. Тэд аваргын төлөө легионер тоглогчоор хүчээ нэмж талбайн эзэн орны туршлагатай, хүчирхэг багтай өрсөлдөж 21:17 харьцаатай хожиж аваргаллаа. Жил бүрийн энэ сард спортын салбарын шилдгийг шалгаруулдаг “Бөртэ-Чоно” наадам болдог уламжлалтай. Энэ оны шилдгийн шилдэг тамирчин, шилжин явах цомын эзнээр Б.Отгонболд шалгарлаа. Тэрбээр энэ онд “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмаас алтан медаль хүртэж, "Парис 2024" олимпын наадамд оролцох эрхтэй болсон юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 257 (7242)