Баатарын НЯМСҮРЭН
Өнгөрсөн жилийн төрийн наадмаар Булган аймгаас дөрвөн бөх начин цол хүртсэн. Түүний нэг нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Сод Монгол” группийн бөх, улсын начин Б.Түвшинтөгсийг “Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин” буландаа урьж, ярилцлаа.
-Та Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмаар аймгийн заанаас улсын начин болсон. Тухайн үеийн барилдааныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?
-Улсын баяр наадмын нэгийн даваанд Өмнөговь аймгийн начин Г.Пүрэвбаатартай учраа таарсан. Харин хоёрын даваанд Говь-Алтай аймгийн харьяат Б.Отгонбаатар арслангаар даваагаа ахиулсан. Гурвын даваанд “Булган хангай” дэвжээний дасгалжуулагч, өсөх идэр начин И.Ёндонсамбуу багш маань амлаж барилдсан. Дөрвийн даваанд Ж.Бат-Эрдэнэ гардиар давлаа. Харин тавын даваанд Ө.Даваабаатар харцагад амлуулж, давснаар начин цолны болзол хангасан. Зургаагийн даваанд Д.Анар заанд хутгуулаад унасан даа. Барилдаж байхдаа энэ хүнээс ийм мэх ирнэ гэсэн тооцоолол байсан. Гэхдээ тооцоолсноос зөрсөн. Манай аймгаас дөрвөн начин төрсөн нь бэлэгшээлтэй санагдаж байлаа.
-Өмнө нь 2016 онд улсын наадамд барилдаж байсан. Харин өнгөрсөн жил хоёр дахь удаагаа барилдсан байх шүү?
-Би 2016 онд сумын заан цолтой анх улсын наадамд барилдсан. Үүний дараа аймгийн наадмуудад барилдсан. Өнгөрсөн жил улсын наадамд барилдах зорилготой байсан. Учир нь манай аймгийн баяр улсын наадамтай нэг өдөр давхацсан юм. Тиймээс улсын наадамд зодоглоё гэж бодсон.
-Сумын заан цолоо Архангай аймгийн Батцэнгэл сумын шигшээ барилдаанаас авч байсан. Тэр үед та 17 настайдаа анхны цолоо авсан билүү?
-Анхны цолоо 2014 онд авсан. Архангай аймгийн Батцэнгэл сумын 90 жилийн ойн баяр болж шигшээ барилдаанд нь түрүүлж сумын заан цол хүртсэн. Энэ үед би үндэсний бөхөөр хичээллээд гурван жил болж байлаа. 2016 онд Булган аймгийн Хишиг-Өндөр сумандаа түрүүлсэн. 2017 онд Дархан-Уул аймагт барилдаж аймгийн харцага болсон. 2019 онд Булган аймгийн наадамд үзүүрлэж заан цол хүртсэн түүхтэй. 2021 онд бүх цэргийн баяр наадамд тав давж, шөвгөрсөн. Арслан цол авч чадахгүй яваад байлаа. Магадгүй аймгийн заанаас улсын начин болох хувьтай байсан байх.
-Таныг бөхийн дэвжээнд Ц.Шийрэв багш хөтөлж оруулсан гэж сонссон. Үндэсний бөхөөр анх хэн багшид шавь орж байв?
-13 настай байхдаа анх жүдо бөхөөр Ц.Шийрэв багшид шавь орсон. Мөн багшаараа үндэсний бөхийн арга техник, мэхийг заалгасан. Дараа нь Сэлэнгэ аймгийн харьяат, улсын начин Ш.Зоригт багшид шавь орж, бэлтгэлд нь хамрагдаж билээ. Өдий хүртэл багш нарынхаа заавар, зөвлөгөөг дагадаг. Мөн “Булган хангай” дэвжээндээ И.Ёндонсамбуу багшийн бэлтгэлд хамрагддаг. Хүчний бэлтгэлээ гавьяат тамирчин, улсын заан О.Одгэрэл багшийн удирдлага дор хийж байна. Мөн долоо хоногт нэг удаа “Сүлд” спорт хороон дээр очиж бөхчүүдтэйгээ бэлтгэлээ хийнэ. Тус бэлтгэлийг Баянхонгор аймгийн начин Ж.Чулуунбат багш удирддаг. Багш нараасаа суралцсаар явна.
-Чөлөөтөөс бусад бөхийн төрлөөр хичээллэж байсан гэсэн үү?
-Жүдо, самбо, сүмогоор барилдаж тэмцээн уралдаанд орж байсан. Ихэвчлэн жүдогийн бэлтгэл хийгээд тэмцээн уралдаанд орно. Тухайн үед самбо бөхийн бэлтгэл гэж байдаггүй байлаа. Харин одоо самбын бэлтгэлийг тамирчид хийдэг болсон. Би өөрийнхөө хэмжээнд барилдаж амжилт гаргасан. Тухайлбал, самбогоор залуучуудын улсын аваргад -100 кг-д гурван удаа түрүүлсэн байдаг. Мөн жүдо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн удаатай. Залуучуудын улсын аваргаар хоёр удаа мөнгөн медаль авсан. Өсвөрийн Азийн аваргаар хүрэл медаль хүртэж байлаа. Олон улсын залуучуудын тэмцээнд мөнгөн медаль гээд л амжилт үзүүлжээ. Мөн цэргийн Зүүн Азийн аваргаас хүрэл авсан. Сүмогоор залуучуудын улсын аваргад түрүүлсэн. Харин одоо үндэсний бөхөөр бэлтгэлээ хийж байна.
-Таны барилдааныг харахад хөл мэхийг их хийдэг юм билээ. Энэ нь бусад бөхөөр хичээллэж байсантай холбоотой юу?
-Тийм байх. Жүдо бөх чинь хөл мэх ихтэй. Үндэсний бөхөөр мордох, хутгах, шахаж татах мэхийг түлхүү хийж байна. Гэхдээ би анх барилдаж эхлэхдээ сурсан хөл мэхээрээ барилддаг. Одоогоор хөл авах мэхийг сурах гээд хичээгээд байна. Би удаан барилдах талтай. Тиймээс хурдан барилдахыг боддог. Гэхдээ зарим барилдаан болж өгөхгүй удна.
-Таны өвөө барилддаг байсан гэсэн. Монгол бөх аргагүй удам дамждаг юм байна?
-Манай өвөө, ах нар их дэмждэг. Ээжийн маань аав Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат н.Амарсайхан гэж хүн байлаа. Өвөө маань тойргийн барилдааны аймгийн заан цолтой. Тиймээс намайг барилдуулна гэдэг байлаа. Би санаандгүй явж байгаад бөхийн бэлтгэлд орж тамирчин болсон.
-Тамирчны замналыг сонгосноор ямар төлөвшилд суралцсан бэ?
-Багш нарынхаа үгийг дааж сурч байна. Тэвчээр, сахилга баттай байх гээд багагүй хүмүүжлийг спортоос олж авсан. Сахилга баттай байвал шантрахгүй, тууштай байх болов уу. Би шантарч байсан удаагүй. Тиймээс бэлтгэлээ аль болох таслахгүйг хичээдэг. Долоо хоногийн зургаан өдөр бэлтгэлээ тогтмол хийнэ. Зарим үед өдрийн цагаар амжихгүй бол оройн цагаар ганцаараа байсан ч хамаагүй бэлтгэлээ хийх жишээтэй. Өдөрт гурван цагийг бэлтгэлдээ зарцуулдаг. Үндэсний бөх, хүчний бэлтгэлээ хослуулж хийдэг.
-Тамирчдыг харахад спортын салбартай холбоотой мэргэжил сонгосон байдаг. Харин та өөр мэргэжлээр суралцжээ?
-Би 2019 онд БХИС-ийн Зам, барилга ашиглалтын инженер мэргэжлийг эзэмшиж төгссөн. Энэ сургуульдаа элсэхээс өмнө Аварга дээд сургуульд Жүдо бөхийн багш, дасгалжуулагчийн ангид нэг жил суралцсан. Дараа жил нь БХИС руу шилжсэн. Харин одоо бэлтгэлээ тогтмол хийгээд барилдаж байгаа болохоор мэргэжлээрээ ажиллах боломжгүй байна.
-Бөхчүүдэд үлгэр дууриал авдаг, барилдааныг нь үздэг хүн байдаг. Та ямар бөхөөс суралцдаг вэ?
-Тамирчин бүрт хүндэлж, хайрладаг бөх байдаг байх. Би хүүхэд байхаасаа үндэсний бөхөөр Б.Батмөнх зааныг дэмждэг байсан. Түүний барилдааныг үзэж, үлгэр дууриал авч өссөн. Заалны барилдаан үзэж эхлэхдээ Н.Батсуурь аваргын барилдаанд дурласан. Харин сүмо бөхөөс Харумафүжи Д.Бямбадорж аваргын барилдааныг үздэг.
-Тэгвэл танд ямар цол сайхан санагддаг вэ?
-Надад үндэсний бөхийн бүх цол сайхан. Үүнээс онцолбол улсын заан цол байна. Сайн барилдахын тулд бяр хүч, ухаан, бэлтгэл жигд байх хэрэгтэй. Мянга бяртай байгаад мэхгүй бол сайн барилдах боломжгүй. Харин мэхтэй хэрнээ бяргүй бол хэцүү гэж боддог.
-Наадам ч ойртож байна. Танай аймгийн бөхчүүд хэдэн сараас бэлтгэлдээ гардаг вэ?
-Манайхан зургадугаар сарын дундуур бэлтгэлдээ гардаг. Бид хөдөө нутагтаа бэлтгэлээ базаадаг. Долдугаар сарын 7, 8-нд бэлтгэлээсээ буудаг. Хоттой ойрхон гардаг бөхчүүд бэлтгэлийн галаасаа шууд ирээд улсын наадамд барилддаг юм билээ.
-“Алтан цом”-ын барилдаанд Архангай, Завхан, Төв, Булган, Баянхонгор аймаг үлдсэн. Их өрсөлдөөнтэй болох байх даа?
-“Алтан цом”-ын барилдааны онцлог нь сайн бөхчүүд аймгаа төлөөлж оролцсон. Манай аймгаас зургаан начин цолтон барилдаж байгаа. Нэг аймгийн багт багтсан бөхчүүдтэй барилдаж байна. Манай Булган аймаг Увс, Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Хөвсгөл, Багануурын багийг ялсан. Шалгарч үлдсэн таван аймгийн баг ирэх сард өрсөлдөнө. Одоо дөрвөн тойргийн барилдаан үлдсэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023.3.21 № 57 (7042)