Баатарын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх улсын начин Д.Тогтохжаргалтай ярилцлаа. Тэрбээр энэ жил улсын начин цолтон болсон билээ.
-Та Ардын хувьсгалын 102 жилийн ойд амжилттай барилдаж, улсын цолтны эгнээнд багтсан. Энэ жил бэлтгэл үнэхээр сайн байв уу?
-Улсын цолтны эгнээнд багтсандаа баяртай байна. Бөх хүн энэ амжилтын төлөө л хөдөлмөрлөдөг. Олон жилийн хөдөлмөрийн үр дүн ч гарлаа. Энэ хугацаанд шантарч буцмаар үе цөөнгүй байсан. Миний ард тусалж дэмждэг олон хүн бий. Тэднийхээ итгэлийг алдаж болохгүй учраас бэлтгэлээ улам чамбайруулсан. Бөхөд хайртай түмэн ч ерөөлөө цөөнгүй хэлж байлаа. Улсын цолонд ойрхон байгаа хүчтэн хэмээн итгэл хүлээлгэсэн нь бэлгэшээлтэй санагдсан. Тэдгээр хүмүүсийн сайхан сэтгэл, ерөөлөөр улсын начин боллоо.
-Монгол түмний хайр хүндлэлийг хүлээсэн аваргыг давж начин болсон. Багшаараа даваа ахиулаад туг тойрох мөч ямар байв?
-Миний хувьд цаанаасаа л сайхан ээлтэй наадам боллоо. Төрийн наадмын хоёрын даваанд чанга учраа таарсан. Өмнө жилийн шинэ цолтон Х.Оргилболд начинтай таарсан. Түүний хувьд начин цолоо ахиулах бодолтой байсан болов уу. Харин би улсын цол авах зорилготой зодоглосон. Тиймээс бидний барилдаан их өрсөлдөөнтэй, цаг гаруй үргэлжлээд идэвх харж намайг давуулсан. Бид олон жил хамт бэлтгэл хийсэн болохоор нэгнийхээ барилдааныг сайн мэднэ. Идэвх харахад би нэг сануулгатай, Х.Оргилболд начин хоёр сануулга авсан байлаа. Ингээд би даваагаа ахиулсан. Тахимаа авахдаа мөрнөөс нь адис авч, найзынхаа цолыг авна гэж бодсон. Ер нь барилдсан бөхчүүдээсээ тахим авахдаа зүүн мөрнөөс нь адис авч, залбирсан. Залбирах бүртээ “Энэ хүчтэний буян заяа түших болтугай” гэж дотроо сүсэглэсэн дээ. Харин гурвын даваанд Завхан аймгийн харьяат Улсын гарьд Ш.Жаргалсайханы аманд очсон. Харин дөрвийн даваанд энэ цагийн хүчит заан Н.Жаргалбаяртай учраа таарсан. Дөрөв даваад сууж байтал хүмүүс “Аварга багштайгаа уулзаач” гэж хэлсэн. Багш ч өөрийн зөвлөгөөг өгсөн. Багшийн бэлтгэл энэ жил сайн байсан. Гэтэл тавын давааны ам сонсоход багш намайг амласан байсан.
-Багшийгаа амлаад авчихна гэж бодож байв уу?
-Яагаад ч юм ам сонсоод тайвширч, цаанаасаа л шинэ цолтон болсон мэт мэдрэмж төрсөн. Ингээд тавын даваанд улсын аварга С.Мөнхбат багшаараа тав давж начин болсон. Багш минь намайг олон жил барилдсан одоо улсын цол авах болсон гээд дэмжсэн байх. Тахимаа өгөхдөө “За сайн барилдаарай” гэж захиад үнссэн. Магадгүй аварга багшаараа цолны босго алхах хувь ерөөлтэй байжээ би. Тав давах мөчид үзэгчдийн баяр хүргэх чимээ сонсогдоход сэтгэл их хөдөлсөн. Мөн аавынхаа алдрыг дуудуулж, батламж тэмдгээ авах мөч үнэхээр сайхан юм билээ. Өмнөх наадмуудад улсын цол авч буй бөхчүүдийг хараад өмнөөс нь баярладаг байсан. Мөн дотроо “Би нэг л өдөр улсын цолоо авч цэнгэлдэхээ тойроод алхана” гэж боддог байлаа. Энэ хүслээ биелүүлсэн.
-Мэдээж багшаасаа бөх хүний ёс жудгийг үлгэрлэдэг байх. Танд юу гэж зөвлөж захидаг вэ?
-Би 2009 онд өөртөө зориулж бөхийн иж бүрэн өмсгөл авсан. Үүнээс өмнө ахынхаа зодог шуудгийг өмсдөг байлаа. Шинэ өмсгөлтэй болоод аварга багшдаа шавь орсон түүхтэй. Тухайн үед оюутан байсан болохоор зуны амралтаараа багшийг дагаж бэлтгэл хийдэг байсан. Ингээд 2011 онд сургуулиа төгсөөд нэг жил бэлтгэл хийгээд барилдах зорилго тавьсан. Энэ үед цол авах зорилгоор бэлтгэлдээ шамдсан. Миний амжилт багштай минь салшгүй холбоотой. Багш маань надад ихийг зааж зөвлөдөг. Тухайлбал, өглөө босоод наранд хэрхэн залбирах, уул, овоонд очоод хэрхэн сүсэглэх талаар зөвлөж хэлдэг. Өөрийгөө бодолгүй, өрөөлийг бодож залбираарай гэж захина. Учраа таарсан бөхчүүдээ хүндлээрэй гэж хэлдэг. Мөн бөхийн ёс жудгийг багшаасаа суралцдаг. Өнгөрсөн жил төрийн наадмын дараа аймгуудын наадам болсон. Энэ үед очиж барилдаад цолоо нэмье гэсэн бодол төрсөн. Энэ үед багш “Чи том зүйлийн төлөө зорьж бэлтгэл хийж байгаа. Тиймээс жижиг чулуу хөдөлгөж болохгүй” гэж хэлсэн. Энэ үгийг нь сонсоод том зорилготой байж амжилт гаргана гэж бодож билээ.
-Өнгөрсөн сард цолны мялаалга наадмаа хийсэн. Нутгийн түмэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Өнгөрсөн сарын 16-нд цолны наадам өргөн дэлгэр сайхан боллоо. Нутгийн түмэн сайхан хүлээж авсан. Манай сумаас 1994 онд С.Дангаасүрэн гуай начин цол хүртсэн байдаг. Үүнээс 29 жилийн дараа би начин боллоо. Ирэх жил манай сумын 100 жилийн ой болно. Энэ хугацаанд зургаан улсын цолтон төрсөн байна. Түүхэндээ цолны мялаалга наадам хийж байгаагүй юм билээ. Би анх цолны мялаалга наадам хийсэн бөх болсон.
-Аав, ээж нь хүүгээ улсын цолтон болоход баярласан нь лавтай?
-Улсын наадам бүрт аав ах хоёр ирж үздэг. Намайг улсын наадамд барилдаж эхэлсэн үеэс аав морио уяхаа больсон. Энэ нь морь бөх хоёр нэгнийхээ амжилтыг хаадаг гэж өвгөд ярьдагтай холбоотой. Аав үүнд их ач холбогдол өгсөн байж мэднэ. Би аав ээжийн талаасаа бөхийн удамтай. Миний аав барилддаг, сумын заан цолтой хүн бий. Аавын талд н.Бөхдүүрэн гэж бөх байсан гэдэг. Мөн аймгийн заан н.Тодсайхан гэж бөх бий. Түүний хүүхдүүд нь одоо ч барилддаг, аймгийн заан Т.Төгсжаргал, аймгийн нэмэх начин Т.Мөнх-Эрдэнэ гэж ах дүү хоёр бий. Харин ээжийн талд Увс аймгийн Зүүн хангай сумын Паацай заан гэж бий. Мөн миний төрсөн ах барилддаг байсан ч тууштай барилдаагүй мэргэжлээрээ ажиллаад явсан. Анх бөхөд дурлуулсан хүн бол миний ах.
-Анх хэдэн онд улсын наадамд зодогдож байв. Өмнө нь хоёр удаа начны даваанд өвдөг шороодсон санагдаж байна?
-Анх долоон жилийн өмнө аймгийн харцага цолтой улсын наадамдаа тасралтгүй зодоглосон. Нэг удаа хоёрын даваанд унасан. Бусад үед нь хоёроос дээш давсан байдаг. Дөрөв болон тавын даваанд хоёр удаа өвдөг шороодсон. Мөн 2016 онд анх гурав давахдаа дөрвийн даваанд П.Бүрэнтөгс аваргатай таарч барилдаад тахимаа өгсөн. Ингээд долоо хоногийн дараа аймагтаа очоод түрүүлж аймгийн арслан болж байлаа. Үүнээс хэд хоногийн дараа Хүрээ цам даншиг наадам болсон. Тухайн үед улсын цол аваад удаагүй байсан Ч.Хөхчирэнгэр, Б.Серик нартай таарсан. Шинэхэн хоёр начинг хоёр, гурвын даваанд давж байлаа. Ингээд Ш.Мөнгөнбаатар ахаар тав давж даншигийн начин болсон. Энэ наадамд тав давж арслан цолны хэмжээтэй бөх гэдгээ харуулсан гэж боддог.
-Анхны аймгийн цолоо хэрхэн авч байв?
-Анх 16 жилийн өмнө сумын наадамд түрүүлж заан болсон. Харин 2009 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд түрүүлж цолоо баталсан. Ингээд 2012 онд аймгийнхаа баяр наадамд зургаа давж харцага цолтон болсон. Тухайн үед барилдаж байсан бөхчүүд цолоо ахиулахын төлөө хичээж байсан санагдана. Энэ наадам мартагддаггүй дурсамжтай. Үүнээс би урам авч цааш бөхөөрөө хичээлэхээр эргэлт буцалтгүй шийдсэн. Энэ үеэс хойш аймгийн харцага цолоо гурван удаа баталсан.
-Та хүүхэд байхдаа жүдо бөхөөр хичээллэдэг байсан гэж сонссон?
-Жүдо бөхөөр гурван жил хичээллэсэн. Мөн гимнастикаар хичээллэж байсан удаатай. Аав ер нь ах бид хоёрыг бөх болгох хүсэлтэй байсан. Бөх хүн чинь уян хатан, мэдрэмжтэй байх ёстой гээд Спортын төв ордны гимнастикийн секцэнд явуулсан түүхтэй
-Таны барилдааныг харахад их тэвчээртэй юи шиг санагддаг. Энэ нь бас давуу тал болдог байх?
-Тэвчээртэй зан чанарыг спортоос олж авсан. Өрсөлдөгч бөхтэйгөө удах тусам давуу талтай. Сумын заан байх үед цэрвүү барилдаантай байсан. Тухайн үед золгоо барилдаан мэддэггүй байсан санагдана. Дараа нь аймгийнхаа бөхийн галд бэлтгэл хийсэн. Манай бөхчүүд золгооноос барилдахдаа илүү байлаа. Тэднээсээ суралцаж, шуудагны барилдаанд сайжирсан даа.
-Бөхийн спортоор хичээллээд багагүй цаг хугацааг үджээ. Үндэсний бөхөөс ямар төлөвшлийг олж авсан гэж боддог вэ?
-Аливаа спорт хүнийг төлөвшүүлдэг. Тухайлбал, архи тамхи хорт зуршлаас хол байлгахад спорт нөлөөлнө. Хорт зуршил хэрэглэвэл бэлтгэлийн үр дүн гарахгүй. Үндэсний бөх нь ах дүүгээ хүндлэх төлөвшилд сургадаг юм билээ. Мөн ариун цэвэр сахиж сурахад эерэг нөлөөтэй. Өрсөлдөгч бөхөө хүндлэх хэрэгтэй. Эр хүн жудагтай байх ёстой. Хэлсэн, амласандаа хүрдэг байх нь чухал. Мөн үнэн байх хэрэгтэй. Ямар ч үед нэг зангаараа нөхөрлөж, түшигтэй байх нь хүнд байх ёстой зан чанар шүү дээ. Цаашид бэлтгэлээ илүү сайн хийж цолоо ахиулахын төлөө хичээнэ.
-Наадмын өмнө салбар хорооноос дүрэмд өөрчлөлт оруулсан. Үүнд та ямар байр суурьтай байна?
-Өнгөрсөн жил 40 минутын идэвхийн дүрэм үйлчилж байлаа. Харин энэ жил тэгш барьцны дүрэм нэмэгдэж орж ирсэн. Аливаа зүйл хоёр талтай. Аль нэгийг нь зөвтгөх хэцүү. Ямар ч спорт цагт баригддаг. Цаггүй байвал барилдаж байгаа бөхчүүд, үзэгчдэд амаргүй байх нь тодорхой. Үндэсний бөх эрт цагаасаа цагт баригдаж барилддаггүй, бөхийн жин заагаагүй.
-Мөн сэргээшийн асуудал үндэсний бөхөд тулгамдаж буй асуудлын нэг?
-Бөхчүүд богино хугацаанд амжилт гаргахын төлөө шунаж байна. Үүнтэй сэргээш салшгүй холбоотой. Тиймээс өөрийн эрүүл мэнд, ирээдүйгээ бодох хэрэгтэй. Сэргээш нь буруу, үр удамд нь сөрөг нөлөөтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023.9.5 № 175 (7160)