Баатарын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин гар бөмбөгийн “NATURE MED TOLUN” багийн дэмжигчидтэйгээ нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн уулзалтыг онцоллоо. Уулзалтын танхимаар зочлоход халуун дулаан уур амьсгалтайгаар зочид, тамирчид угтаж авав. Тамирчид фэнүүдтэйгээ хөгжилтэй, дурсамж дүүрэн яриа өрнүүлэхдээ баярлаж буй нь харцнаас нь илт. Танхимд өсвөр насныхан цуглаж, дэмждэг тамирчныхаа зургийг нь авч, инээж, дуулж, баярлаж хөгжилдөх нь дэндүү жаргалтай. Алга нижигнүүлэн таших дэмжигчдээсээ урам авч лигийн тэмцээндээ амжилттай оролцох нь тодорхой биз ээ. Шилдэг залуу тамирчдаас бүрдсэн “NATURE MED TOLUN” баг гар бөмбөгийн тэмцээнүүдэд амжилттай оролцсоор өдий хүрсэн. Одоогоор лигийн тэмцээндээ 10 хожилтойгоор үргэлжлүүлж яваа.
“Тамирчин дэмжигчийг хооронд нь холбов”
Цаг гаргаж, дэмжигчидтэйгээ уулзаж, тэдний үзэл бодлыг сонсож, цагийг хамт өнгөрүүлсэн тамирчид ховор. “NATURE MED TOLUN” клуб шинийг санаачилж фэн уулзалт зохиосон нь бахархмаар. Тэднийг дэмжиж ажилладаг цөөнгүй байгууллага бий. Тухайлбал, эрүүл зохистой хооллолтын боловсрол олгох Тиби АПП, Tsemz sport барааны дэлгүүр, Натур мед сэргээн засах төв, Евро даатгал гээд тоочоод байвал дуусахгүй олон. Дэмжин ажилладаг эдгээр байгууллагынх нь төлөөлөл хүрэлцэн иржээ. Хүмүүс дэмждэг тамирчныхаа хувийн дугаар нэртэй өмсгөл, цамц, багийн нэртэй даавуун уут, энгэрийн тэмдэг худалдаж авах боломж бүрдсэн байна. Энэ үеэр нэгэн хүү “Т.Хангал ахын өмсгөлийг авъя” гэж худалдаж авав. Түр завсарлага таарсан учраас худалдаж авсан өмсгөлөө уутнаас нь гаргаж Т.Хангалаар гарын үсгийг нь зуруулж хамт зургаа ч хамт татуулж амжив. Багийн ахлах дасгалжуулагч Б.Энхбаатар “Би өмнө жил багийнхаа туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан. Харин энэ жилээс ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Манай баг 17-20 үндсэн тамирчинтай. Энэ оны лигт 14 тамирчин оролцож байгаа. Үүнд монголоос 12 тамирчин багтсан. Бид лигийн тэмцээн эхэлснээс хойш өдөр өнжихгүй бэлтгэлээ базаасан. Ингээд бид 21-нд тоглоно. Ер нь энэ жилийн лиг хоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ. Өнөөдөр сайхан үйл ажиллагаа болж байгаад талархаж байна. Тамирчдыг дэмждэг цөөнгүй хүн бий. Тэд тэмцээний үеэр зураг хамт авхуулдаг. Зарим үед олноороо цуглаж, дараагийн баг тоглох болоход дараалал үүсгэх нь бий. Заримдаа уулзаж чадаагүй гэдгээ ч хэлдэг. Тиймээс дэмждэг фенүүддээ зориулж өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ нь нэг талаараа гар бөмбөгийн спортыг таниулж байгаа юм. Мөн тамирчид дэмждэг фэнүүдтэйгээ уулзаж өдрийг сайхан өнгөрүүллээ” гэв.
Тус уулзалт нь чөлөөт ярилцлагаас гадна асуулт хариултын тэмцээн зохиов. Үүнд шалгарсан хүмүүс гарын бэлгээр шагнуулсан юм. Мөн азтан тодруулж өмсгөл болон лигийн сүүлийн тоглолт үзэх тасалбар бэлэглэж байв. Т.Хангал “Манай клубын үйл ажиллагаа 2020 оноос эхэлсэн. Энэ үеэс фэн өдөрлөг хийх төлөвлөгөөтэй байлаа. Гэхдээ тодорхой цаг гарахгүй байсан юм. Аливаа тэмцээний гол цөм нь хөгжөөн дэмжигчид байдаг. Тиймээс дэмжигч олноо баярлуулахын тулд өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож байна. Олон дэмжигч, дүү нар хүрэлцэн иржээ. Тиймээс дэмждэг тамирчдынхаа талаар сонирхолтой зүйл мэдэж авч байна гэдэгт итгэж байгаа. Тамирчин дэмжигчийг хооронд нь холбосон үйл ажиллагаа боллоо” гэж сэтгэгдлээсээ хуваалцав. Тус уулзалтад хүрэлцсэн ирсэн хүүхдүүд үр бүтээлтэй, сайхан үйл ажиллагаа болж байгааг онцолж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 251 (7236)