Ч.ТУЛГА

Хайртай, дотны хүмүүстэйгээ дулаан буйдан дээрээ тухлан, халуун шоколад ууж, зул сарын кино үзэх нь арванхоёрдугаар сарын нэгэн утга учир билээ. Шинэ жилийн үдэш гэр бүлээрээ зул сарын тухай хөгжилтэй кино үзэж, оны сүүлчийн өдөрт хөг нэмээрэй гэж зөвлөе. 

 

The Christmas Chronicles

Энэхүү кинонд хоорондоо таарамж муутай ах, дүү хоёр Сантагийн ханцуйд нуугдаж, хамтдаа аялж буй тухай өгүүлдэг. Гэрт нь айлчилсан Сантагийн ханцуйд нууцхан шургалж амжсан тэд зул сарын өглөө болохоос өмнө бяцхан хүүхдүүдэд бэлэг тараах хэцүүхэн даалгаврыг биелүүлэхэд нь тусална. Энэхүү кино нь жинхэнэ зул сарын гайхамшигт үлгэр бөгөөд зөвхөн хүүхдүүдэд гэлтгүй томчуудад ч баяр баясал авчрах ажээ.

 

Christmas Inheritance

Альфа Эллен Лэнгфорд аавынхаа бизнесийг өвлөж авахын тулд түүний хүсэлтийг биелүүлэхээр болно. Ийнхүү тэрбээр ганц ч удаа очиж үзээгүй хот руугаа ердөө 100 доллартай очих ба аавынхаа зул сарын нэгэн захидлыг хамтрагчид нь дамжуулж өгөх үүрэг хүлээжээ. Үзэсгэлэнт бүсгүй  аавдаа өөрийгөө хариуцлагатай гэдгээ харуулахын тулд зул сарын баяраар хайртай хүнээ орхиж, өөр хот руу явсан нь түүнд хөгжилтэй аялал, гэгээн дурсамжийг үлдээх болно.

 

Клаус (Klaus)

Цаг ямагт залхуурдаг, өөртөө итгэх итгэл, хүсэл эрмэлзэлгүй, чинээлэг айлаас гаралтай шууданч залуу Жесперийн зан, хандлагыг нь өөрчлөхийг хүссэн эцэг нь "Smeerenbur"-ийн нэгэн арал руу явуулдаг. Хэрэв тэнд Жеспер 6000 захиаг эзэнд нь хүргэж өгч чадахгүй бол гэр бүлийн хөрөнгө эзэмших эрхээс хасагдах ажээ. Гол асуудал нь уг арал дээрх хүмүүс хоорондоо бараг ярьдаггүй, нэг нэгэндээ ганц ч захиа бичдэггүй гэнэ. Тиймээс залуу өөрийн шуудангийн үйлчилгээг хүмүүст таниулж, зул сарын баяр гэхэд захиаг хүргэж дуусгах хэрэгтэй болдог.

 

A Christmas  Prince

Америкийн өсөж яваа залуу сэтгүүлч Амбер Мур угсаа залгамжлах ханхүү Ричардын тухай илүү ихийг мэдэж, нийтлэл бичихийн тулд гүнж Эмилигийн багшийн дүрд хувиран хааны ордонд ирэх болно. Гэсэн ч юм бүхэн түүний төсөөлснөөс тэс өөрөөр эргэх ажээ. Сэтгүүлч ханхүүгийн тухай шуугиан тарих нийтлэл бичиж өөрийн нэр хүнд, карьераа өсгөх үү, үгүй юу гэдгээ шийдэх эгзэгтэй мөчтэй нүүр тулах юм. Энэхүү хөгжилтэй, инээдмийн кино нь баярын өдрөөр гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой киноны нэг шүү.

 

A Wish for Christmas

Сара Томас компанидаа олон гайхалтай санаа дэвшүүлэн хэрэгжүүлдэг ч захирал нь  түүний бүх санааг өөрийн мэт хуулбарлаж, түүнд зохиогчийн эрхийг нь өгдөггүй байв. Энэ үйлдэл дахин дахин давтагдах үед Сара зул сарын баяраар өөрийн бүх санаагаа зөвхөн өөрөө хэрэгжүүлж амжилтад хүрмээр байна гэж хүслээ шивнэжээ. Хамгийн гайхалтай нь санта түүнд өөрийн хүслийг биелүүлэх ердөө 48 цагийн хугацааг л өгөв. Тэрбээр хоёрхон өдрийн хугацаанд хүслээ биелүүлж чадах болов уу. 

 

Last Christmas

Дуучин болохыг мөрөөддөг Катарина Лондон дахь зул сарын чимэглэлийн дэлгүүрт ажилладаг ажээ. Тэрбээр нэг өдөр  Томтой танилцсанаар амьдралаа хэрхэн өөрчилж, гайхалтай болгохыг Эмилиа Кларк, Эмма Томпсон нарын тоглосон энэхүү киноноос үзээрэй. Тус кино нь үзэгчдийн хамгийн их хүлээлттэй кинонуудын нэг болсон бөгөөд хүлээлтийг эвдсэн гайхалтай бүтээл болж чаджээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 249 (7234)