Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа жүдо бөхийн ОУХМ Л.Сосорбарамыг онцолж байна.

 

Сэргэлэн зан нь багшдаа тоогдох алхам болжээ

 

Л.Сосорбарам нь сүүлд "Tokyo Grand Slam 2023" тэмцээний 52 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр энэ удаагийн Их дуулгад  Израйлын Гефен Примод ялагдсанаар дагах барилдаан хийж, АНЭУ-ын бөх Б.Хорлоодойг ялсан юм. Үүнээс гадна тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Монголын жүдогийн энэ цагийн шилдэг залуу тамирчны нэг Л.Сосорбарам ийнхүү энэ онд хоёр том тэмцээнээс хүрэл медаль хүртэж, амжилтаа зузаатгасан байна.  Тэрбээр 32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпын наадамд зодоглож байсан удаатай. Тухайн үед -52 кг-ийн жингийн барилдааны эхний шатанд Узбекстаны тамирчин Келдиорова Диёраг цэвэр ялсан. Ингээд шөвгийн 16-д Швейцарын тамирчин Фабиан Кочертой учраа таарч, ялагдсан билээ. Манай тамирчин дараа жилийн олимпоор даагаа нэхэх нь дамжиггүй ээ. Дайчин барилдаант Л.Сосорбарам 2019 онд Залуучуудын дэлхийн аварга болсон юм. Ийнхүү тэрбээр Монголын эмэгтэй жүдочдоос анхны Залуучуудын дэлхийн аварга хэмээх бахархам амжилтын эзэн болсон байдаг.

 

Олимын дэвжээ Л.Сосорбарамыг хүлээж байна

Түүний гаргасан амжилт нь “Тэргүүн” олон улсын жүдо академийн дасгалжуулагч Л.Лувсандэмбэрэл багштай нь салшгүй холбоотой. Тэрбээр шавийнхаа тухай “Би нэг тэмцээнд очсон чинь гурван тэрсхэн охин үймүүлээд болдоггүй. Анзаараад харсан чинь нүдэндээ галтай, их сэргэлэн охин шиг харагдсан. Тэгэхээр нь би хамгийн сайн суниасныг нь жүдо бөхийн секцэнд авна гэлээ. Тэгсэн Л.Сосорбарам “Ямар спорт байдаг юм. Хэд суниах вэ” гэж билээ.Ингэж  Л.Сосорбарам миний шавь болсон” хэмээн дурссан байдаг. Мэргэжлийнхэн түүний барилдааныг дүгнэхдээ сэтгэл зүй нь бусдаас өөр байдаг гэж онцолсон байдаг. Ер нь дэвжээнд гараад оноо авах, өрсөлдөгчөө ялахын тулд өөрийгөө тултал дайчилдаг гэжээ. Түүний зоригтой, шийдэмгий мэх уралдуулах нь жүдо сонирхогчдын сонирхлыг татдаг гэнэ. Л.Сосорбарам нь говь хангай хосолсон  хонгор нутгаас төрсөн, амжилтын богц дүүрэн яваа тамирчдын нэг. Айлчлан ирэх 2024 онд түүнийг олимпын дэвжээ хүлээж буй. Тиймээс дээлийнх нь захыг мушгиж, итгэл тавьж, дэмжиж суугаа хүн цөөнгүй. Тэрбээр ч итгэлийг нь ч алдахгүйн төлөө хичээх нь тодорхой  биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 249 (7234)