Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, "Кино гүүр" хөгжлийн холбоо хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Тус наадмын тухай тоймлон хүргэе.
“Монгол жүжигчдийн ур чадвар гайхалтай юм”
Энэхүү олон улсын кино наадмыг дэлхий даяар хүний эрхийг дээдэлж, аливаа ялгаварлалаас ангид бүх талаар тэгш эрхтэй байхыг баталгаажуулсан Хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдсаны 75 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Хүний эрх 75” сэдвийн дор зохион байгуулсан юм. “Хархорум” олон улсын кино наадмын хүрээнд Венец, Пусан, Берлин, Токиогийн кино наадмын болон Оскарын шагналт 15 орны шилдэг 22 найруулагчдын уран сайхны болон баримтат киног толилуулсан билээ. Харин уралдаанд эдгээрээс есөн орны 14 кино албан ёсоор өрсөлдсөн юм. "Хархорум" наадмын шүүгч, БНСУ-ын жүжигчин Ким Хэ На “Би Монголд анх удаа ирлээ. Танай авьяаслаг уран бүтээлчидтэй танилцсандаа баяртай байна. Найруулагч Б.Амарсайханы "Эргэж ирэхгүй намар" кино миний сэтгэлийг их хөдөлгөсөн. Монголын уламжлалт соёл, тэр дундаа оршуулах ёс заншил, хүн хоорондын харилцааг харуулснаас гадна жүжигчдийн ур чадвар гайхалтай сайн байсан” гэв. Ийнхүү “Хархорум” олон улсын наадам шилдгээ шалгаруулахад хамгийн нэр хүндтэй болох “Шилдэг уран сайхны кино” төрөлд нийт 10 кино нэр дэвшсэнээс найруулагч, жүжигчин Б.Амарсайханы бүтээл “Эргэж ирэхгүй намар” кино шалгарав. Энэхүү кино нь “Оскар”-ын наадамд нэр дэвшиж, Монголын кино урлагийн хөгжлийг олон улсад сурталчилсан билээ. Үүнээс гадна олон улсын 17 кино наадамд сонгогдон шалгарч, нэр дэвшиж байсан юм.
Ази тивдээ анх удаа хүний эрхийг чухалчилсан наадам
Харин тус наадмын “Шилдэг баримтат кино” төрөлд нийт дөрвөн кино нэр дэвшсэнээс найруулагч Жордан Брайон, Моника Вилламизар нарын уран бүтээл “Transition” баримтат кино, “Шилдэг хүний эрхийн кино” төрөлд “The Animal Kingdom” кино тус тус шагнал хүртлээ. Энэ үеэр наадмын шүүгч, “Оскар”-ын хоёр удаагийн шагналт найруулагч Малколм Кларк “Би хоёр дахь удаагаа Монголд ирж байна. Дахин ирэхдээ олон сайхан кино үзэж, уран бүтээлчидтэй уулзсандаа баяртай байна. 25 жилийн дараа ирэхэд Монголын кино урлаг мэдэгдэхүйц хөгжиж, олон чанартай уран бүтээл болоод авьяаслаг жүжигчидтэй болсон нь сайшаалтай” гэсэн юм. Ази тивдээ анх удаа хүний эрхийг чухалчилж "Хархорум" наадмыг Монгол улсад зохион байгуулсан нь олон улсын кино сонирхогчдын анхаарлыг татаж, ялангуяа монгол уран бүтээлээ Ази тив, цаашлаад дэлхийд сурталчилах том алхам боллоо гэж энэхүү наадмыг зохион байгуулагчид онцолж байсныг энд дуулгая. “Хархорум” наадмын зүгээс олон улсын кино наадмуудын жишгээр уран бүтээлчдийг алдаршуулах зорилгоор “FILM ICON AWARD” номинацийг гаргажээ. Энэхүү шагналыг “Гүрү медиа” компанийн продюссер Ц.Ариунаад гардуулсан юм. Тэрбээр Монголын кино урлагийн салбарт 30 гаруй ажиллахдаа гадаадын уран бүтээлчидтэй хамтран олон кино бүтээлийг продюссерлэж, залуу уран бүтээлчдийг “төрүүлсэн” хувь нэмрийг ийнхүү үнэлсэн ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 249 (7234)