Баатарын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Урлаг” буландаа “Vintage art +18” дэлгүүрийг онцлон сурвалжиллаа. Гадаа цастай ч сэтгэлд халуун гэдэгтэй адил үүдээр нь ороход үнэрээс нь эхлээд бүх зүйл өвөрмөц, сэтгэлд дотно санагдана. Эд зүйлийн хийц, тохижилт “музей” мэт сонирхолтой, бараануудыг төрөл төрлөөр нь эгнүүлэн өржээ. Хананд өлгөсөн зургууд, эртний гэмээр авангард хийцтэй модон ширээ, керамик хийцүүд, нэхмэл зах. 1990-ээд оны “Beatles” хамтлагийг санагдуулам пянз хөгжим, цаашлаад дайны үеийг харуулах бүтээл, гар бүлээцүүлж, мэдрэмж сэргээх цай, амьтны ертөнц, гоо сайхан, уран зураг нь хүн бүрийн таалалд нийцэх содон зүйлс энд цөм бүрэн байв. Час улаан ариун цэврийн өрөө, улаан маникан, улаан үнэг нь ховсдох мэт мэдрэмж төрүүлнэ. Эдгээр нь шинэлэг, өвөрмөц санагдсан юм. Ирээдүйд шинийг бүтээхээр өдөр бүр зогсолтгүй хөдөлмөрлөж, ихэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг эмэгтэй бол энэхүү дэлгүүрийн эзэн Б.Түмэн-Өлзий. Тэрбээр ирэх онд гаргах дотуур хувцасны дахин давтагдашгүй брэндээ өлгийдөж авахаар зэхэж буй. Түүнд дахиад өөр бодож, төлөвлөсөн шинэ мөрөөдөл олон бий гэсээр биднийг угтсан юм.
“Монголд +18 урлаг хөгжөөгүй, хүмүүсийн ойлголт өөр байна”
Хуучны угсармал нэг давхар байрны гадаа модон дээр сийлсэн хаяг, гар бичмэлийг харахад чин сэтгэл, тууштай байдал мэдрэгдэнэ. Аль болох бүхнийг хялбаршуулж, цаг хугацаатай уралдан амьдарч байгаа өнөөгийн нийгэмд гар урлалын бүтээлүүд үнэ цэнтэй. Энэ бүхний цаана өөрийн үзэл бодол, мөрөөдөлдөө 10 жил үнэнч яваа Б.Түмэн-өлзий бий. Хүүхэд байхаасаа л дизайнер болохыг хүсдэг байсан тэрбээр “Мake up” артист мэргэжилтэй. Өмнө нь гоо сайхны чиглэлээр салон нээж байсан ч хэд хэдэн удаа бүтэлгүйтсэн гэдэг. Гэхдээ бууж өгөлгүйгээр одоогоос жилийн өмнө энэхүү дэлгүүрээ нээжээ. Анх дэлгүүрийн үйл ажиллагаа эхлэхэд гэрийнхэн нь эсэргүүцэж байсан ч түүний мөрөөдөлдөө тууштай зан бүгдийг ялжээ. Энэ тухай “Монголд +18 урлаг хөгжөөгүй, хүмүүсийн ойлголт өөр байна. Хүмүүс урлаг талаас харж, худалдаалж байгаа барааг минь ойлгоосой гэж хүсдэг. Бусдын хандлага харилцан адилгүй. Зарим нь ойлгож үйл ажилллагааг минь дэмжиж байхад шүүмжлэх хүмүүс ч бий. Энэ бүгдийг давахад сэтгэл зүй шаардана. Хүмүүс гомдохоор үг хэлнэ. Гэхдээ анх эхлүүлсэн зорилго, чиг шугамнаасаа хазайхгүйгээр явж ирсэн. Намайг хүмүүс буруугаар ойлгох хандлага байдаг. Гэхдээ миний ажил, амьдрал хоёр хоорондоо өөр. Хүмүүс +18-ийг урлаг талаас нь хараад ойлгож эхэлбэл нийгэмд гарч байгаа буруу үйлдлүүд ч багасна. Энэ талаар дэлгэрэнгүй яривал их зүйл байгаа” гэв.
Дунджаас доогуур үнэ, чанартай бараа
Б.Түмэн-Өлзийгийн хамтрагчийг энд дурдахгүй бол болохгүй. Түүнийг Б.Ганчимэг гэдэг. Интерьер дизайнер мэргэжилтэй. Одоогоор тус дэлгүүрт вакс, маникюр, дизайнер хийдэг. Хоёр найз дэлгүүрээ нээгээд удаагүй ч тэд байнгын үйлчлүүлэгчтэй болоод амжиж. Учир нь бусад газраас үйлчилгээ нь хямд, үйлчлүүлэгчээ ирээд явах бүрт гарын бэлэг өгнө. Зарим үйлчлүүлэгч нь тэднийг “Ингэж бизнес хийхгүй шүү” гэж хошигнож хэлдэг гэсэн. “Үнийн хөөрөгдөл, нийгэмд стресс их байхад ядаж нэг хэсэг нь хямд, чанартай үйлчилгээ үзүүлж болно биз дээ” гэж тэд аз жаргалтайгаар ярьж байв. Дэлгүүрт байгаа содон сувинерээ яг хүссэнээрээ хийхийн тулд Б.Түмэн-өлзий урланд очиж керамикийн сургалтад хүртэл сурчээ. Тэд бүтээлээ хийхдээ үзэл бодол нь зөрж, бусдаас шүүмжлэл хүртдэг ч цор ганц, өвөрмөц бараа дотооддоо үйлдвэрлэж байгаагаараа бахархдаг байна. Бэлэн зүйлийг худалдаж аваад зарахыг илүүд үзэхгүйгээр өөрсдийн санаагаа бодит болгох нь тэдний мөрөөдлийн салшгүй нэг хэсэг. Энэ нь ч амжилттай хэрэгжиж буй. Тухайлбал, гараар зурж, түүнийгээ сайн чанарын даавуун дээр хэвлүүлж гаргадаг цор ганц зурагтай +18 сэдэвт подволк. Даавуунаас бусад нь бүгд дотооддоо хийгддэг. Хотын төвд дэлгүүртэй атал Нисэхийн тойргийн хажууд байрлах оёдлын газартай гэрээтэй гэхээр чанарын төлөө хөөцөлддөг ажээ. Энэ талаар Б.Түмэн-Өлзий “Тэр оёдолчин эгч л намайг анх дэмжиж, ойлгож, бүтээлүүдээ амилуулахад тусалсан. Түүний оёдлын чанар, хариуцлагатай байдал маш их таалагддаг учраас хол гэж хамтран ажиллахаас төвөгшөөдөггүй” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 248 (7233)