Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Дэлхийн өндөр хөгжилтэй оронд амьдарч, олон улсын тайзан дээр эх орныхоо нэрийг гаргаж яваа энэ цагийн залуусын нэгэн төлөөлөл нь бүжигчин Н.Онондарь билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дэлхийн хүн” буландаа Германы “Grun gold” хамтлагийн бүжигчин, монгол бүсгүйн тухай онцолж байна.
Дэлхийн аварга
Одоогоос гурван жилийн өмнө БНХАУ-д дэлхийн бүжиг сонирхогчдын анхаарлыг татдаг бүжгийн ДАШТ болж өндөрлөсөн билээ. Тус тэмцээний латин америк бүжгийн багийн төрөлд Германы “Grun gold” хамтлаг аваргын алтан медалийг хүртэхэд хамтлагийн бүрэлдэхүүнд ганцхан Ази бүсгүй байсан нь монгол бүжигчин Н.Онондарь юм. Тэрбээр ийнхүү 17 жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг хүртэж, дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болжээ. Н.Онондарь дэлхийд чансаагаараа дээгүүрт ордог “Grun gold” хамтлагт 2016 оноос хойш бүжиглэж эхэлсэн юм. Герман улсад жил бүр бүжгийн фестиваль болдог ажээ. Энэ үеэр Н.Онондарийн бүжиглэж байхыг хамтлагийн дасгалжуулагч Роберто Албанесе харжээ. Хожим нь тэрбээр монгол бүсгүйн ур чадвар, гадаад төрх, бусадтай харилцах чадвар нь анхаарлыг нь татсан гэж ярьсан байдаг. Гэхдээ шууд хамтлагтаа авахыг урьтал болгосонгүй. “Grun gold” хамтлагтай хоёр сар бэлтгэл хийх санал тавьжээ. Ингээд 2017 онд монгол бүсгүй дэлхийн топ хамтлагтай гурван жилийн гэрээ хийж чадсан юм. Ийнхүү тэрбээр тус хамтлагийн шилдэг найман бүжигчний нэг болж, чансаагаараа тэргүүлж эхэлжээ. Н.Онондарь багаасаа Германд сурах зорилго тавьж, хөдөлмөрлөсөн байна. Ингээд 2015 онд тус улсад хөл тавьж, Бремен хотын их сургуульд спортын сэтгэлзүйч мэргэжлээр сурчээ. Ирээдүйд тэрбээр мэргэжлээрээ ажиллахаас гадна бүжгийн багш болж, Монголын бүжгийн спорт, монгол бүжигчдийг дэлхийд таниулах том зорилготой гэдэг.
Улсын аваргын зургаан медальтай
Н.Онондарь таван настай байхаасаа бүжгээр хичээллэж эхэлжээ. Анх ээж нь түүнээс “Төгөлдөр хуур, бүжиг хоёрын нэгээр нь хичээллэх үү” гэж асуухад яагаад ч юм бүжиг гэж хэлснээ мартдаггүй гэнэ. Ингээд ээжээрээ хөтлүүлсээр Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд элсжээ. Дугуйландаа 11 нас хүртлээ сураад, н.Мөнгөнхуяг багшид шавь орсон байна. Н.Онондарь ДАШТ-д өмнө нь 2012, 2014 онд эх орноо төлөөлөн оролцож, X байрт шалгарсан удаатай. Тэрбээр УАШТ-ий зургаан алтан медальтай. Н.Онондарь чөлөөт цагаараа усанд сэлж, ном унших дуртай гэсэн. Тэрбээр бүжиглэхээс гадна олон авьяастай ажээ. Жишээлбэл, бодибилдинг, фитнессээр хичээллэдэг юм байна. Энэхүү спортоор ганцхан жил хичээллээд улсын аварга болж байжээ. Н.Онондарь нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Grun gold хамтлагт бүжиглэх нь миний мөрөөдөл байсан. Би анх “Стар” хамтлагт бүжиглэдэг байсан. Тэр үед одоогийн Германы хамтлагаа анх харж, биширч байсан.Тэр цагаас хойш энэ хамтлагт орж бүжиглэх мөрөөдөлтэй болсон. Мөрөөдөл минь биелэж байгаад итгэхийн аргагүй байна” хэмээн онцолжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 247 (7232)