Баатарын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин “Театр” буландаа УДЭТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ахмад үеийн арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурлаас сурвалжилга бэлтгэснээ хүргэе.
Ардын зураачдын уран бүтээлийн дээжээс дэлгэв
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь театрын ахмад үеийнхний хийж бүтээсэн гавьяаг тодотгож, тэдний өвлүүлж, үлдээсэн бүхэн нь энэ цагийн театрын урлагийн хөгжилд хэрхэн нөлөөлж, үр өгөөжөө өгөх тухай олон сонирхолтой илтгэлийг хэлэлцдэг онцлогтой. Энэ уламжлалын дагуу энэ удаагийн “Ахмад үеийн арга туршлага” эрдэм шинжилгээний хурал үргэлжилсэн юм. Энэ өдрийн хурлыг Ардын багш, профессор Н.Ганхуяг удирдаж явууллаа. СУИС-ийн танхимд алтан үеийн ахмад уран бүтээлчдээс эхлээд энэ цаг үед тэрхүү улаан театрын тайзан дээр бүтээлээ туурвиж яваа нас насны төлөөлөл болсон уран бүтээлчид ирсэн байв. Энэ үеэр Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын хамт олон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ өвлүүлэх зорилго тээж энэхүү хурлыг зохион байгуулж буйгаа онцолж байсан юм. “Ахмад үеийн арга туршлага” хурал нь жил бүр өөрийн хэв шинжтэй, дахин давтагдашгүй онцлогтой болдог. Энэ жилийн хувьд СУИС, Театрын музей, УДЭТ хамтран зохион байгуулж, Ардын зураач Л.Намхайцэрэн, Ц.Доржпалам, Я.Шийтэр нарын бүтээлийн дээжсийг дэлгэсэн нь сонирхол татаж байсан юм.
“Театрт ихийг бүтээсэн хүмүүсийн арга туршлагыг таниулж байна”
Энэ үеэр УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг “Жүжигчин Б.Ганхүүгийн жүжиглэх, багшлах арга барил” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Б.Ганхүү багш өөрөө ирчихсэн, их л анхааралтай гэгч нь сонсож суугаа нь харагдана. Түүнээс сэтгэгдлийг асуухад “Гурван том байгууллага хамтарч, 19 дэх жилдээ энэ үйл ажиллагааг явуулж байна. Хойч үеийхэнд үр өгөөжөө өгсөн хурал гэдгийг онцлоё. Театрт ихийг бүтээсэн хүмүүсийн арга туршлага, түүхийг нь таниулан түгээж байгаад сэтгэл өндөр байна. Би олон жил энэ хурлыг зорьж сонсож байгаа юм. Жил ирэх тусам илтгэгч нарын судалгаа, арга туршлага нь сайжирч байгаа нь ажиглагдлаа. Өмнөх үеийн уран бүтээлчдтэй харьцуулбал би дунд насанд нь явна. Мөн миний туршлага, жүжиглэх арга барилыг хуваалцах илтгэл хэлэлцүүлсэнд талархлаа” гэсэн юм.
Мөн энэ үеэр Ардын уран зохиолч Ж.Саруулбуян “Би театр урлагийн их сургуулийг 1980 онд дүүргэсэн. Тухайн үед олон театрын зураач байлаа. Өнөөдөр тэдгээр хүмүүсийн уран бүтээлийн онцлогийн тухай илтгэлийг энд хэлэлцүүлж байна. Тэд театрт ихийг бүтээсэн. Ардын зураач Ц.Доржпалам миний багш. Би багшаасаа ихийг сурсан гэж боддог. Харин Я.Шийтэр гуай конструктор зураач. Манай театрт энэ мэргэжлийг зураач хамгийн хэрэгтэй байгаа. Тайзны урлагийн нэг чухал мэргэжилтэн болсон эдгээр уран бүтээлчдийн хийж бүтээснийг ярьж байгаад нь талархалтай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Фото: Ахмад үеийнхээ туршлагаас хуваалцлаа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 246 (7231)