Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
“Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа биллиардын спортын тамирчин Б.Нарантуяаг онцолж байна. Тэрбээр Монголын биллиардын спортыг олон улсад таниулахаас гадна саяхан болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.
"Универсиад" наадмын мөнгөн медальтай
Олон улсын снукэр биллиардын холбооны ДАШТ Катарын нийслэл Доха хотод болсон билээ. Тус тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн зургаан улаан бөмбөгтэй болон эрэгтэйчүүдийн багийн төрлийн тэмцээн болж шилдгүүдээ шалгаруулсан юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн төрөлд манай улсын тамирчин Б.Нарантуяа Хонконг, Энэтхэг, Польшийн тамирчдыг хожиж В хэсгийн нэгдүгээр байрт шалгарсан. Улмаар шөвгийн 16-д Ираны тамирчин Мелика Нажафийг 3:0 онооны харьцаатайгаар буулган авсан байна. Харин шөвгийн наймд Германы тамирчин Диана Стейтчнийг 4:2-оор хожсоноор хүрэл медалийн болзол хангасан билээ. Монголын спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж яваа Б.Нарантуяагийн хувьд биллиардын спортоор хичээллэж, олон улсад амжилт гаргаж яваа Монголын цор ганц эмэгтэй тамирчин юм. Тэрбээр 2017 онд оюутны зуны "Универсиад" наадмын биллиардын төрөлд алтан медалийн төлөө Тайванийн шилдэг тамирчин Кү Чен Чинтэй өрсөлдөж байв.Энэхүү тоглолт хоёр цагийн турш тун ширүүн өрсөллдөөнтэйгөөр үргэлжилж, манай тамирчин мөнгөн медалийн болзол хангаж байв.
Анх 12 настайдаа биллиардын спортод татагджээ
Б.Нарантуяа өнгөрсөн жил ААШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр анх 12 настайдаа биллиардын спортод татагдсан байна. Энэ тухайгаа “Намайг жаахан байхад аавын найзууд биллиард их тоглодог байсан. Тиймээс 12 настайдаа анх энэ спортоор тоглож үзсэн. Тэр цагаас хойш тасралтгүй хичээллэж байна” хэмээн ярьжээ. Түүнийг анх биллиардаар хичээллэх үед хүмүүс энэ спортыг гудамжны тоглоом гэж ойлгодог байсан гэнэ. Харин Б.Нарантуяа илүү мэргэжлийн түвшинд өөрийгөө хөгжүүлэх зорилгоор тэмцээнүүдэд оролцож эхэлсэн байна. Анхны тэмцээндээ гэрийнхэндээ хэлэлгүй оролцоод мөнгөн медаль авчээ. Энэ үеэс гэр бүлийнхэн нь түүнийг илүү ойлгож, урам өгч, дэмжиж эхэлсэн гэнэ. Б.Нарантуяа олон улсын тэмцээнд Монголын биллиардын холбоогоор дамжуулан оролцдог ажээ. Жилд болох тэмцээний хуваарь гарчихдаг гэнэ. Тэрхүү хуваариас харж байгаад оролцох боломжтой тэмцээнүүдээ сонгодог юм байна. Харин өөрсдөө зардлаа гаргах ёстой тул Европын орнуудад болж буй тэмцээнүүдэд оролцоход хүндрэлтэй байдаг тухайгаа Б.Нарантуяа учирлаж байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 244 (7229)