Баатарын НЯМСҮРЭН

Их спортын дэвжээнд хүч үзэж, амжилтаа тунхаглаж яваа олон бүсгүй бий. Тэдний төлөөлөл чөлөөт бөхийн ОУХМ Э.Гантуяаг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор урилаа.

 

-Өнгөрсөн жил та тэмцээнд оролцоогүй. Хэсэг хугацаанд спортоосоо хөндийрсөн шалгаан юу байв?

-Хувийн шалтгаанаас болоод өнгөрсөн жил бэлтгэл хийхгүй өнжлөө. Энэ хугацаанд багагүй зүйлийг тунгаасан шүү. Би бэлтгэлдээ ороод удаагүй байна. Гэхдээ цаашид болох тэмцээнүүдэд тогтмол оролцож, амжилт гаргах төлөвлөгөөтэй. Тамирчин хүний хамгийн том зорилго олимп. Ирэх оны олимп хаяанд ирсэн байгаа учир бэлтгэлээ сайн хийж, хариуцлагатай барилдахыг хүсэж байна.

-Таныг гавьяат тамирчин С.Батцэцэгтэй ойр байж, суралцдаг гэж сонссон. Та хоёр нэг жинд барилддаг байсан юм уу?

-Би үе үеийн тамирчдаас бүгдээс нь үлгэр дуурайлал авч суралцаж, ойр байдаг. С.Батцэцэг эгч бид хоёрын дунд олон сайхан дурсамж бий. Жингийн хувьд ч ойролцоо барилддаг байлаа. Бид спортын дэвжээнд нэг багшийн шавь болж, сайхан харилцаатай байдаг.

-Таны хувьд 2016 онд олимпод хашир гавьяатын бэлтгэл хангагчаар явж байсан. Шигшээ найм хүртэл барилдсан байх аа?  

-Миний хувьд 2016 оны олимпод эгчийнхээ бэлтгэл хангагчаар явж байсан удаатай. С.Батцэцэг эгч болон З.Дүвчин багш хоёр ярилцаад, энэ шийдвэрийг гаргасан. Эгчийн хувьд их шударга, дайчин зантай. Тэрхүү олимпод ч өөрийн бүхий л хүчээ дайчилж барилдсан. 

-Багшийн үг амжилт гаргахад чухал нөлөөтэй. З.Дүвчин багш таныг дэвжээнд  гарахад юу гэж зөвлөдөг байв?

-Зэмлэсэн, урамшуулсан үг бүр нь үнэ цэнтэй. Багш минь шавь нарынхаа сэтгэл зүйг сайн мэддэг. Дэвжээнд гарах үед оносон үг хэлэх нь сайхан.  Миний хувьд ДАШТ-нээс хүрэл медаль авсан үе  сэтгэлд тод үлджээ. Энэ үед АНУ-ын тамирчинтай учраа таарч барилдаад би оноогоор илүүрхэж яваад багахан алдаа гаргаад ялагдсан юм. Дэвжээнээс буухад багшийн зэмлэл хатуу санагдаж билээ. “Чи ямар зорилготой дэвжээнд гарсан юм бэ. Чиний оронд ирж барилдах тамирчид байсан. Олон хүний итгэлийг алдлаа” гэж хэлсэн. Багшийнхаа хэлсэн энэ зэмлэлээс би өөртөө дүгнэлж хийж, тамирчин хүн өөрийгөө ямар ч үед тултал дайчлах ёстой юм байна гэдгийг ойлгож авсан. 

-Медалийн төлөө ч юм уу, хариуцлагатай барилдаанд гарахынхаа өмнө та өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ?

-Тамирчин хүний хувьд хөдөлмөрийнхөө үр шимийг тэмцээнд оролцож, амжилт гаргаж хүртдэг. Миний хувьд дэвжээнд гарахдаа илүү төвлөрөхийг  хичээдэг. Ингэж чадвал барилдаандаа бүх анхаарлаа хандуулж, багшийн хэлж буй зөвлөгөөг сонсож чадна. Харин төвлөрч чадаагүй дэвжээнд гарвал барилдаж байхдаа өөр зүйл бодож, хүссэн амжилтаа гаргадаггүй талтай. Мөн амжилт гаргахын тулд өрсөлдөгч бөхийнхөө давуу болон сул талыг мэддэг байх нь чухал.

-Та багаасаа спортод дуртай байв уу.  Эсвэл санаандгүй байдлаар их спорттой холбогдсон юм уу?

-Би Төв аймгийн Батсүмбэр суманд төрж өссөн. Бага байхдаа хөдөлгөөнтэй, дэггүй хүүхэд байлаа. Энэ үед дугуй унаж, тэмцээн уралдаанд их орно. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан удаатай. Харин садангийн МУГД Ж.Даахүү ах маань намайг барилдаарай гэж үргэлж хэлж, урам өгдөг байсан. Ингээд  2009 онд чөлөөтийн шигшээ багийн бэлтгэлд аав ээжтэйгээ очиж анх З.Дүвчин багштай танилцсан. Багш намайг анх угтаж авахдаа “Барилдах дуртай юу” гэж асууж билээ. Ингээд 2010 оноос багшийнхаа удирдлага дор бэлтгэл хийж эхэлсэн дээ.

-Бэлтгэл хийж, тамирчин болоход ямар мэдрэмж төрөв. Анхны тэмцээн хэр хүнд байсан бол?

-Тухайн үед бэлтгэлийн эгч нараасаа суралцаж, тамирчин болох гараагаа эхлүүлсэн түүхтэй. Эрчимтэй бэлтгэлд ороход бага зэрэг шантрах мэдрэмж төрсөн ч даваад гарсан. Энэ үедээ анх эхлүүлсэн зорилгоо боддог байлаа. Мөн дэмжиж урамшуулдаг хүмүүсийнхээ итгэлийг алдаж болохгүй. Миний ард гэр бүл, аав ээж, нутгийнхан, бэлтгэлийн хамт олон, найзууд бий.  Ингээд анх Төв аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлж, урамшсан. Дараа нь Хүүхдийн их наадмаас мөнгөн медаль хүртэж амжилтын буухиа минь үргэлжилсэн.

-Аав, ээжээрээ хөтлүүлээд анх багш дээрээ очсон гэлээ. Гэр бүлийнхэн нь охиноо их дэмждэг байх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Үргэлж намайг дэмжиж, ар талын бүх ажлыг зохицуулдаг. Оролцож буй тэмцээнүүд  зурагтаар гарна. Энэ үед ээж үзэж чадахгүй гадаа гарчихдаг байсан гэдэг.  Гэтэл би барилдааныг минь үздэг байх гэж боддог байж билээ. Нэг удаа Буянт-Ухаа спортын ордонд “Mongolia open” тэмцээн болсон юм. Аваргын төлөө барилдаж ялаад дэвжээнээс буухад гэрийнхэн минь ирчихсэн байсан. Өмнө нь тэд миний барилдааныг үзэж байгаагүй. Надад ирнэ гэж хэлээгүй байсан учраас гайхах, баярлах давцаж билээ. Энэ үед тамирчин болсноороо бахархаж, баярын нулимс унагасан.

-Эргээд бодоход чөлөөт бөхийн татамид амьдарсан, хөлсөө дуслуулсан, ялж ялагдсан 13 жил танд юу сургав?

-Анх чөлөөт бөхийг сонгохдоо сайн тамирчин болно гэсэн хүсэлд хөтлөгдөж бэлтгэлээ хийсэн. Цаашид илүү хичээх ёстойгоо одоо ч ойлгоод хичээж байна. Зарим үед ачаалалтай, бэлтгэл хүнд санагдах нь бий. Гэхдээ даваад гарсаны дараа өөрөөрөө бахархах мэдрэмж төрөх нь сайхан. Хэн тууштай байж, хөдөлмөрлөсөн нь амжилтад хүрнэ. Спорт гэдэг тамирчинд бусдыг хүндлэх,  зөв харилцах их ухааныг суулгадаг юм билээ. Мэдээж өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт бүхэнд багш минь чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн тамирчин эгч нараасаа алдаа оноогоо сонсож, өөрийгөө таньж мэдсэн гэж хэлж болно. Эдгээр хүний тус, зөвлөгөө, шүүмжлэлээр би өдий зэрэгт хүрчээ. Ямар ч үед тэвчээрт суралцаж, аливаа зүйлийн үнэ цэнийг мэддэг болсондоо талархаж явдаг.

-Нэгэн цагт эгч нараасаа суралцаж явсан таны хувьд өнөөдөр эсрэгээрээ дүү нартаа үлгэр дуурайлал болох үе иржээ. Залгамж халаа болсон олон ч дүүтэй болсон байх?

-Тамирчид эвтэй байвал амжилт гаргаж чадна. Хүн бүрт алдаа дутагдал бий. Гэхдээ нэгнийгээ зөвөөр ойлгодог, хүлээцтэй байх нь хамгийн чухал. Амжилт гаргахын төлөө энэ спортыг сонгож байгаа нь сайшаалтай. Гэхдээ бусдыг үгийг тусгаж аваад хичээвэл хүссэндээ хүрэх бүрэн боломжтой. Сүүлийн үеийн тамирчин охид бусдыг сонсохгүй байх нь бий. Ер нь өөрөөс өмнөх үе болон дүү нараа хүндлэх нь их спортын дүрэм шүү дээ. 

-Эмэгтэй хүн спортын замналыг сонгоход  хэр  золиос шаарддаг юм бол?

-Мэдээж тодорхой хэмжээний золиос шаарддаг. Гэхдээ тамирчин хүн ойлгож дэмждэг гэр бүлтэй байхад болно. Би дуртай зүйлдээ цаг зарцуулж байгаа учраас хэзээ ч харамсаж байгаагүй. Бүх зүйлээ урьдаас төлөвлөөд явж байна. Эргээд бодоход харамсахгүйн төлөө залуу насандаа хөдөлмөрлө. Бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай. Өсвөр, залуучуудад барилдаж байхдаа өөрийгөө хөгжүүлээд явж байна гэсэн сэтгэлээр бэлтгэлдээ шамддаг байлаа. Харин туршлага суух тусмаа аливаа зүйлийг  мэдэрч, ойлгож, харах өнцөг өөрчлөгдөж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 242 (7227)