Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Монгол түмний ондоошил болсон үндэсний урлаг, язгуур соёлоо бид хайрлан хамгаалах ёстой. Монгол хүн бүр Азийн элгэнд оршин тогтнох гол үндэс болсон өв соёлоо дэлхийд гайхуулж, морин хуурынхаа тансаг аялгуунд уярч, омогшиж явдаг билээ. Тэгвэл дэлхийд биднийг тунхагласан хоёр гайхалтай тоглолтын нэг нь БНХАУ-д, нөгөөх нь Улаанбаатар хотод болсон юм.     

 

1000 хүнд хүрсэн “Монголын сайхан орон”

Хорвоогийн жаргал зовлонг хоёрхон чавхдаст багтаадаг болохоор морин хуур гэдэг монголчуудын хувьд хосгүй үнэт өв билээ. Эрдэнэт хүлгийн хатираа шиг энэхүү хөгжмийг хайрлан хамгаалж, хүндлэн дээдэлж, уран бүтээлээ хийсээр байгаа нь Морин хуурын чуулга юм. Тиймээс ч тус чуулгын уран бүтээл, үнэ цэнийг төр үнэлж, энэ жил төрийн дээд Чингис хаан одонгоор шагнасан билээ. Тэгвэл Морин хуурын чуулга БНХАУ-ын Шанхай хотод “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулсан юм. Шанхай хотын симфони оркестр нь дэлхийд алдартай. Тус уран бүтээлчидтэй хамтрахын тулд  дэлхийн олон орноос уран бүтээлчид зорьж очдог ажээ. Тэгвэл ийнхүү Монголын Морин хуурын чуулга тус оркестртой хамтарч, дэлхийд Монголын урлагийг гайхуулсан нь энэ юм. Тоглолтыг нээж Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд үг хэлжээ. Тэрбээр “Монгол үндэстний үнэлэмж цогц арга хэмжээний хүрээнд монгол угсаатны соёл, зан заншлын уламжлалыг агуулж буй хөгжмийн зэмсэг болох морин хуурын эгшигээр дамжуулан Монгол Улсыг гадаадад сурталчилах үйл ажиллагааг идэвхжүүлж буйг онцлон тэмдэглэе. Энэ удаагийн тоглолтыг хамтран зохион байгуулсан Шанхай Шанти соёлын групп болон “Ти Би Эф” интернэшнл группт гүн талархал илэрхийлье” гэжээ. “Монголын сайхан орон” тоглолт нийт 1100 хүнд хүрчээ. Шанхай хотын удирдлагууд болоод Монголын консулын газрынхан гээд албаны олон хүн үзэж сонирхсон байна. Тус тоглолт алдарт “Монгол аялгуу”-аар эхэлж, “Уужмын зүүд”-ээр үргэлжилсэн ажээ. Мөн монголчуудын хамгийн сайн мэдэх “Мандухай сэцэн хатан”-ы тансаг аялгуу эгшиглэсэн нь танхимд цугласан үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн тухай энэ тоглолтод оролцсон уран бүтээлчид өөрсдийн цахим хуудастаа нийтэлсэн байна. Монголын сайхан орон тоглолтод “Морин хуурын чуулга”-аас гадна УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал, Б.Уранзолбоо гэсэн Монголын сонгодог урлагийн залгамж халаа болсон авьяаслаг дуучид оролцож, ая дуугаа өргөжээ. Үүнээс гадна Шанхай хотын симфони оркестрийн үзэсгэлэнгийн танхимд “Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн хөдөлгөөнт үзэсгэлэнг зохион байгуулсан нь олон үзэгчийг татаж, Монголын морин хуурын тансаг аялгууны гайхамшиг болоод нүд алдам байгалийн сайхныг олон улсад сурталчилсан гэгээн, тунгалаг үдэш болжээ.

 

Монголын зураглал “Сэрсэн тал”

Монголын хөгжмийн ертөнцийн том төлөөлөл, авьяасын ундарга бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Чингис хаан одонт, хөгжмийн зохиолч Б.Шарав билээ. Тэрбээр Монголын сонгодог урлагийн ертөнцөд тод мөр, хэзээ ч хуучрашгүй мөнхийн бүтээл үлдээсэн нь агуу “Сэрсэн тал” юм. Тэрбээр энэ хөгжмөө 1984 онд бичсэн бөгөөд өнөөг хүртэл тайзнаа эгшиглэсээр зохиолчоо мөнх амьдруулж байгаа юм. Хөгжмийн зохиолч Б.Шарав тус бүтээлийнхээ тухай “Энэ бүтээл миний бага насны амьдралтай холбоотой. Захиалагчийн санаа юу байсан бэ гэхээр Монгол орны сэрж буй амьдрал. Талд амьдрал сэрж байгаа тухай. Тэр дотор наадам ч орно. Монголын ард түмний сэрж байгааг, хийж бүтээх зориг, эрмэлзлийг дүрслэх учиртай байсан. Одоо наадмаар морь уралдахад "Сэрсэн тал" байнга явж байдаг. Хурдан морины уралдаантай сайхан таардаг” хэмээн ярьсан нь хэвлэлийн хуудаснаа тод үлджээ. Тэгвэл энэ алдарт хөгжмийг Соёлын төв өргөөний тайзнаа Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид дахин авчирлаа. Энэ тоглолтыг тус театрын удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Буянбаатар дохисон юм. Тал нутгийг санагдуулам тансаг аялгуу. Нүдээ аниад сонсоход яг л талд оччихсон, сэвэлзэн үлээх салхины өөдөөс гүйхэд сэтгэл сэргэж, хажууханд адуу янцгааж, цаахан талд нь горхи хоржигонох шиг таатай мэдрэмжийг төрүүлж байсан юм. Мэдээж агуу Б.Шарав л ийм тансаг мөртлөө, жинхэнэ монгол аялгууг мэдрүүлэх биз ээ. “Сэрсэн тал” тоглолтод хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбат "Илүү сартай зун” киноны хөгжим "Манан” аязыг 39 жилийн дараа анх удаа Монголын үндэсний их найрал хөгжимтэй хамтран шинэчилсэн найруулгаар тоглосон нь энэ үдшийн гол бэлэг байв. Түүний дараа  ятгын хатан хаан гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ "Нарны бүжиг" хэмээх бяцхан аялгууг тоглоход турьхан ятганы тааламжтай аялгуу яг л сэтгэл дүүргэх шиг гэгээхэн мэдрэмжийг төрүүлж байсан юм. Түүнээс гадна хөгжмийн зохиолчийн мөнхийн бүтээлийн нэг болох "Чингис хаан" дуурийн Хадааны ариг анх удаа УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Ө.Уянга дуулсан билээ. Ийнхүү өвлийн энэ үдэш агуу хүний, агуу бүтээлүүд танхимд суусан үзэгчдийн сэтгэлийг дулаацуулж, тайзны хөшиг хаагдсан ч халуун алга ташилт үргэлжилсээр байсан юм.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 240 (7225)