Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа “Хашхан” клубын тамирчин Э.Батцэцэгийг урилаа.

 

-Дээд лигийн тэмцээнээс эхний хожлоо авсан. Сэтгэл хэр өндөр байна? 

-Манай баг эхний тойрогтоо “Хобби эйс” багтай тоглож хожсон. Мэдээж тэмцээнээ хожлоор эхэлсэндээ баяртай байна.  Ингээд хоёрдугаар тойрогтоо өрсөлдөх эрхээ авч, өнөөдөр тоглохоор зэхэж байна.

-Багийн спортод хамтын ажиллагаа чухал.  Танай баг хэр сайн ойлголцдог вэ?

-Өнгөрсөн жил би “Уурхайчин” клубт тоглодог байсан.  Клубын н.Нинжболор эгч надад их тусална. Хажууд минь түшиж, алдаа оноог минь хэлж зөвлөдөг байлаа. Мөн 19 жил найзалж байгаа охин бий. Тулсан үед оновчтой зөвлөгөө өгч нэгнийгээ дэмжинэ. Намайг маш сайн ойлгодог, сайхан мэдрэмж төрүүлдэг. Эдгээр эрхэм хүмүүсээс суралцсаар өдийг хүрсэн. Багийн спортод амжилт гаргах гол үндэс нь хамтын ажиллагаа шүү дээ. Манай “Хашхан” клубын тамирчид ямар ч үед найзууд байж чаддаг. Спорт бидэнд ийм нөхөрлөлийг өгчээ. Спортод сэтгэл зүй их нөлөөтэй. Тиймээс тэмцээнд орохдоо бэлтгэлээс гадна сэтгэл зүйгээ хурцлах нь бий. Ялсан ч ялагдсан сэтгэл зүйгээ удирдаж чаддаг байх нь тамирчин хүний гол зарчим.

-Танай клубын хувьд харьцангуй залуу тамирчин олонтой. Багийнхандаа хэр  итгэлтэй байна вэ?

-Манай клуб  энэ жилээс нэг баг болж, хамтдаа тэмцээнд оролцож байна. Тиймээс энэ удаагийн лигийн хамгийн залуу тамирчидтай баг гэж онцолж болно. Мэдээж багийнхандаа итгэлтэй байна. Манай багийг улсын эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар дасгалжуулж, бэлтгэлийг хангасан.

-Та гар бөмбөгийн спортоор хичээллээд есөн жил болжээ. Өсвөр, идэрчүүдийн ангилалд ямар амжилт гаргаж байв?

-Энэ спортоор анх дунд ангиасаа хичээллэсэн. Волейболын спортод ороход гэр бүлийнхэн минь нөлөөлсөн. Намайг бүх  талаар дэмжиж, тусалдаг. Энэ үеэс  өсвөр болон идэрчүүдийн УАШТ-д оролцож, амжилт гаргах бүртээ, урам авч, бэлтгэлээ шаргуу хийх болсон. Тухайлбал, өсвөрийн улсын аваргаас мөнгөн медаль хүртэж байлаа. Мөн шилдэг холбогч болж байсан. Үүний дараа идэрчүүдийн насанд  алтан медалийн эзэн болж, дахин шилдэг холбогчоор шалгарч, нэгдүгээр зэрэгтэй тамирчин болсон доо.

-Эдгээр тэмцээн туршлага болохоос гадна цааш алхах урам болжээ. Энэ спорт танд ямар зан чанарыг өгсөн бол?

-Тэмцээнд оролцсоноор би өөрийгөө танин мэдсэн. Тамирчны хувьд уналт босолтыг өөрийн биеэр мэдэрч, алдаанаасаа суралцсан гэж боддог. Эргээд бодоход спортоор хичээллээгүй байсан үеийн бие хүнээ энэ үетэй харьцуулахад асар өөр. Хэрэв спортоор хичээллээгүй бол өөрийгөө илэрхийлэх чадвар сул, хичээлээс өөр зүйл боддоггүй, даруухан охин байх байсан. Тиймээс спорт эрүүл биетэй, эерэг хүн байхад минь тусалсан гэж боддог. Мөн менежмент, хувийн зохион байгуулалтаа зөв тодорхойлж сурчээ. Ер нь волейболын спорт хүнд тэвчээртэй, нийтэч, багаар ажиллах чадварыг суулгадаг юм билээ.

-Тамирчид ирээдүйгээ урьдаас харж, хөдөлмөрлөх нь бий. Та ямар амжилт гаргахыг хүсэж байна вэ?

-Хүн бүрт сурч хөгжих цаг хугацаа ижилхэн байдаг. Харин бэлтгэл амралтаа тааруулж сурах хэрэгтэй. Мөн сурсан техник, дасгалаа олон давтах нь үнэ цэнтэй. Хожигдох үедээ дүгнэлт хийнэ. Хэрэв шантарвал би ялагдана. Өнгөрсөн зүйлийг тэр үед нь үлдээгээд цааш явахыг  чухалчилдаг.  Дараагийн тэмцээндээ алдаагаа давтахгүйг боддог. Миний хамгийн том зорилго олон улсын тэмцээнүүдэд лигонер тамирчнаар оролцож, амжилт гаргах.


Блиц:

Төрсөн газар: Улаанбаатар

Төрсөн он: 2004

Төрсөн өдөр: 04.20

Өндөр: 170

Жин: 62

Волейболлоор хичээллэж буй жил: Есөн жил

Байрлал: Холбогч

Өмсгөлийн дугаар: Долоо

Харъяалагддаг клуб: Хашхан

Анхны багш: Д. Өлзийхутаг


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин.

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 239 (7224)