Д.НАДМИД

 

Японы мэргэжлийн сүмогийн Кюүшюү башё буюу оны сүүлчийн тэмцээн тун сонирхолтой болж өндөрлөв. Юу нь сонирхолтой хийгээд үзэгчдийн анхааралд байсан бэ гэвэл 1000 жилийн түүхтэй мэргэжлийн сүмочид сүүлийн 30-аад жилийн түүхийг Монголын хүчитнүүд бичиж ирсэн. Энэ башёд ч мөн л монгол сүмочид ид хаваа харуулан барилдсан явдал байлаа. Сүмогийн нийт түрүүчийн түүхэн бичээсийг харвал Хакүхо М.Даваажаргал 46, Асашёрюү Д.Дагвадорж 25-ыг авсан бол мөн л монгол сүмоч Кёкүтэнхо Д.Цэвэгням, Ичиножёо Р.Ичинноров нарын сүмоч магешира цолтойдоо түрүүлж халхын хүчитнүүдийн ид хавыг гайхуулж байлаа. Тэгвэл сая сүмогийн 100 дахь түрүүг мөн л монгол сүмоч, озеки Киришима Б.Лхагвасүрэн өөгүй сайхан барилдаж аваад эзэн хааны цом хүртлээ. Озеки Б.Лхагвасүрэн тэмцээний 14 дэх өдөр өрсөлдөгч залуу сүмоч Атафүжитэй адилхан 11 даваатайгаар оноолт таарч барилдан тун түвэггүй давснаар түрүүлэх болзлоо хангасан юм.

Гэхдээ сүүлчийн өдөр Атафүжи давж өөрөө унах юм бол байдал өөрчлөгдөхөөр байсан. Харин Киришима Б.Лхагвасүрэн тэр өдрийн учраа хашир озеки Такикейшёог амархан өвдөглүүлчихэв. Залуу сүмоч Атафижи ч өрсөлдөгч Котоновкад унасан юм. Тэгснээр озеки Б.Лхагвасүрэн 13 даваатайгаар түрүү бөхөөр анх удаа тодорлоо. Тэрбээр ярихдаа,

Зорилготой явах сайхан. Би озеки цолтой болоод тун удалгүй амжилтаа бататгаж чадлаа. Нэг онцлог тохиолдол нь Монол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, анхдугаар үндсэн хуулиа баталсны 99 жилийн ойн өдрөөр энэ түрүүг хүртэж байгаа минь сайхан байан. Монгол ах дүү нартаа хэлэх юмтай болсондоо баяртай байна гэсэн юм.

Дээд зиндаанд барилдсан монгол сүмочдоос озеки Хоошёорюү С.Бямбасүрэн 10, Тамаваши Б.Мөнх-Оргил ес, Хокүсенхо Даваанинж долоо, Рога Амарсанаа таван даваатайгаар тэмцээн дуусгалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 237 (7222)