Н.ЖАРГАЛМАА

"Болор цом-41" яруу найргийн наадамд МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат яруу найрагч Сайнжаргалын Начин түрүүллээ.

Энэ жилийн яруу найргийн наадмын тэргүүн шүлэгч С.Начин "Би Болор цом наадамд 12 удаа оролцож байна.Энэ торгон агшинд гарыг минь ганзганд хөлийг минь дөрөөнд хүргэсэн эрхэм багш Пүрэвхүүгийн Батхуяг багшаа дурсмаар байна. Багшийн минь бие энд байхгүй ч билиг оюун нь мөнхөд үргэлжилнэ гэж хэлэхийг хүсч байна, баярлалаа" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан билээ.

Авьяас билгээрээ шалгарч наадмын тайзнаа шүлгээ дуудан өрсөлдсөн 21 найрагчаас дэд байрт "Болор цом"-ын эзэн яруу найрагч Д.Галсансүх, гуравдугаар байрт яруу найрагч Э.Гантулга, тусгай байрт яруу найрагч Ө.Элбэгтөгс, М.Дэвээжаргал нар шалгарлаа. 

Шүүгчидийн дүн зарлах үеэр үе үеийн Болор цомын эзэд өөрсдийн шүлгээрээ дуудан дахин нэг удаа наадмын тайзнаас үзэгч түмэнтэйгээ уулзсан билээ. Өдгөө 93 насны сүүдэр зооглож буй их зохиолч Т.Галсан "Болор цом-41" яруу найргийн наадамд хүрэлцэн ирсэн байлаа. 

Эх сурвалж: www.zms.mn