Баатарын НЯМСҮРЭН

 

Монгол хаадын ордны найрал хөгжмийг язгуур уламжлалаар нь сэргээн үйлдсэнээр 400 жилийн өмнө Лигдэн хутагт хааны ордонд эгшиглэж байсан түүхтэй. Тус хөгжмийг “Их найрал” чуулга улс тунхагласны 99 жилийн ойн өдрөөр эгшиглүүлэв. Чингис хаан музей нь эрт үед монголчуудын хэрэглэж байсан, археологийн олдвороос илэрсэн хөгжмийн зэмсгүүдийг сэргээжээ. Ингэхдээ найрал хөгжмийн баг бүрдүүлж, их хаадын ордны хөгжмийн уламжлалыг сэргээн хойч үедээ өвлүүлсэн зорилго тээж ажилласан байна. Хүндэтгэлийн тоглолтод “Хаан найрал” чуулга 21 төрлийн 38 хөгжмийн зэмсгийг урлаж эгшиглүүлсэн. Тус хөгжмийн зэмсгүүд нь Монголоос илэрсэн археологийн олдворуудаас гадна Их Монгол, Их Юань улсын судар, Лигдэн хааны ордны дуу хөгжмийн зарлигаар тогтоосон арга билэг эгшгийн зүйн сүүлийн үеийн эмхэтгэл гэсэн бичгийн эх сурвалж багтсан байна. Мөн XIII зууны үеийн Персийн уран зураг гэх мэт эртний дүрслэх урлагийн дурсгалуудад хадгалагдан үлдсэн түүхийн баримт мэдээнүүдэд суурилан, яг тэр үеийнх нь хэлбэр дүрс хэмжээ, материалаар   Монголд анх удаа иж бүрнээр нь сэргээн урласнаараа онцлог болжээ. Хөгжмийг эгшиглүүлж буй уран бүтээлчийн хувцсыг  археологийн олдвор, бичгийн сурвалж, судалгаанд суурилан урласан гэнэ.

 

“Гүн чэ по” бүтээлийг орчин цагийн нотод хөрвүүлжээ

Бээжингийн хааны ордны музейн сан хөмрөгт хадгалагдаж ирсэн “Гүн чэ по” гэж эртний эгшиг тэмдэглэгээгээр алтан үсгээр бичсэн бүтээлийг  орчин цагийн нотод хөрвүүлж үзэгчдэд хүргэв. Хаан найрал чуулгын дарга, уран сайхны удирдаач Р.Ганбат “Манай “Хаан найрал” чуулга албан ёсоор нээлтээ хийлээ. Бид Их хаадын түүх, тухайн үеийн хөгжмийг олон нийт, гадаадын иргэдэд таниулж ажиллана. Уран бүтээлчид бид өөрсдийн чадах чинээгээрээ тусгаар тогтнолоо мандуулах зорилго тээж хүндэтгэлийн тоглолтоороо уулзаж байна. Музейн бүтээл нь шилэн хоргоны цаанаас харах боломжтой эд зүйл бус түүх юм. Гагцхүү сонсогдож, эгшиглэдэг үнэт зүйл байх ёстой. Бидний бүтээлийн судалгаа 10 гаруй жилийн өмнөөс эхлэлтэй. Харин сүүлийн гурван жил үзэгч олонд толилуулахаар бэлтгэл ажилдаа шамдсан. Манай  нэг хөгжимчин гэхэд 2-3 эртний хөгжим тоглох арга барилыг эзэмшсэнийг дуулгая. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболд багш бүтээлийн судалгааг нь хийсэн. Гэргий, үр хүүхдүүдийг нь урьж нээлт, тоглолтоо толилууллаа” гэсэн юм.

Музейд алдарт Марко Поло тэргүүтэй гадаадын элч төлөөлөгчдийг гайхшируулсан омог төгөлдөр, сүр жавхлант хөгжмүүдээс гадна Морин толгойн дурсгалт газраас илэрч олдсон Хүннүгийн ясан хэл хуур зэрэг археологийн олдвороор илэрсэн хөгжмийн зэмсгүүд үзэсгэлэнгийн танхимд заларсан байлаа. Хурсан олон ихэд тааламжтай хүлээн авч түүхээрээ бахархаж байх нь тэр. Мөн энэ үеэр хүндэтгэлийн хөгжмөөс гадна ”Хаан найрал” чуулгын нээлт, “Хаан найрал чуулга бүтсэн түүх” баримтат кино, “Их монгол” цомгийн нээлт болж хүмүүс үзэж харах зүйл ихтэй,  амралтын өдрөө үр бүтээл дүүрэн өнгөрүүлж байгаагаа хэлж байлаа. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 236 (7221)