Баатарын НЯМСҮРЭН

 

Дуу төрж, бусдын сонорт хүрэхдээ бодол хөглөж, уянга ухаарлыг өгдөг билээ.  “Зууны мэдээ” сонин “Дуу төрсөн түүх” буландаа Г.Сэр-Одын нэрэмжит шагналын эзэн,  МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайханы “Сэтгэл чамайг таньсан ч билүү” дууг онцолж байна.

Яруу найрагч Н.Минжинсайхан нийтийн дууны ертөнцөд өөрийн өнгө төрхийг бүтээсэн уран бүтээлч гэхэд хүн бүр санал нийлэх биз ээ. Тэрбээр өнөөдөр уран бүтээлийн ээлжит тоглолтоо толилуулна. Энэ удаагийн тоглолтоо хамгийн ихээр сонсогчдод хүрсэн “Сэтгэл чамайг таньсан ч билүү” дуугаараа нэрлэжээ. Тэрбээр энэхүү дууныхаа талаар “Дуун дотроос илүү сэтгэлийн сүү ундарсан бүтээл гэж байдаг. Сэтгэл чамайг таньсан ч билүү яг л тийм дуу учраас энэ удаагийн тоглолтоо нэрлэсэн” гэж тайлбарлажээ. Мөн тус уран бүтээлийн нэрээрээ анхны цомгоо ч нэрлэсэн байна.

Яруу найрагч Н.Минжинсайхан энэхүү дууны шүлгээ 25 насандаа бичжээ. Тухайн үед дуу болгоно гэж бодоогүй аж. Зарим  бүтээл бичсэний дараа засвар шаардах нь бий. Гэтэл “Сэтгэл чамайг таньсан ч билүү” шүлэгт огт засвар ороогүй байна. Шүлгээ бичээд хоёр жилийн дараа Соёлын тэргүүний ажилтан Б.Пүрэвсүрэн аялгууг нь зохиожээ. Ингээд дуучин Э.Чинбаяр чин сэтгэлээсээ урлаж, дуулж түмэнд хүргэсэн түүхтэй. Түүний дуулалт Н.Минжинсайхан найрагчийн ч сэтгэлд хүрч, таалагдсан гэдгийг хэлж байв. Магадгүй дуу төрөх нь цаг хугацаатай байдаг ч байж мэднэ. Тэгэхээр “Сэтгэл чамайг таньсан ч билүү” дуу энэ цаг үед мэндлэх тохиолтой байжээ. Сүүлд Э.Чинбаяр Д.Найдандоржтой хамтарч дуулсан байдаг. Энэ үед хүмүүс өмнөх шигээ хүлээж авсан нь хүн бүрийн сонсох дуртай дуу болсных нь тод жишээ юм.

 “Сэтгэл чамайг таньсан ч билүү” дууг сонссон хүмүүс өөрсдийн өнцгөөр хүлээж авах нь бий. Тухайлбал,  найз нөхөд, хань, ухаарлын сэдэвтэй дуу гэж дүгнэдэг байна. “Өдөр шөнийг өнхрүүлэн бодол ирмүүн явахдаа өр зүрх минь чамайгаа таньсан ч билүү дээ” хэмээн бичсэнээс ухаарал авмаар санагддаг гэдгийг хэлэх хүн цөөнгүй байдаг юм билээ. Ихэнх уран бүтээлчид  аав, ээж, эгч, ах, эх орон, хайрын тухай дуу дуулдаг. Харин дуулаагүй үлдсэн сэдвийг дуулах хэрэгтэй гэдгийг бодсон нь энэ бүтээл мэндлэх сэжүүр болжээ. Магадгүй түүний сэтгэлээс урсан ундарч, ургаж нахиалсан шүлэг аялгуутайгаа төрсөн байх. Цаашид олон сайхан утга уянгын шүлгээр дуунд  дуртай түмнийхээ сонорыг мялаах нь дамжиггүй.

 

Сэтгэл чамайг таньсан ч билүү

 

Уртын урт замыг чамтай хамт тууллаа

Уярч догдлохын алинд нь ч чи надтай байлаа

Жаргал зовлон хоёроор хүсэл задгай хэсэхдээ

Сэтгэл чамайг гэвч таньсан ч билүү дээ

Алс хэтийн үамыг чамтай хамт тууллаа

Алдаа онооны алинд нь чи надтай байлаа

Өдөр шөнийг өнхрүүлэн бодол эрмүүн явахдаа

Өр зүрхэн чамайгаа таньсан ч билүү дээ

Дэндүү ихээр өрөвдөөд л байна

Дэлбээлж гүйцээд хагдрах тэр цэцгийг

Дэндүү ихээр хайрлаад л байна

Ургаж мандаад жаргах тэр нарыг

Энэ л холын замыг чамтай хамт туулжээ би

Энхэл донхолын алинд нь ч чи намайг орхисонгүй ээ

Эргэн санаж бодоход хар цагаан гэгч адилхан юм

Эвий муу сэтгэлээ л хамгийин их зовоож дээ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 235 (7220)