Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа А.Чингүүнийг онцолж байна. Түүнийг загвар өмсөгч гэдгээр нь хүмүүс андахгүй танина. Мөн гараар татах хүчний спортоор хичээллэж амжилтын буухиа нь үргэлжилж байгаа.

А.Чингүүн хэдхэн хоногийн өмнө Казахстан улсын Алмата хотод болсон гараар татах хүчний дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцсон билээ. Тэрбээр  хоёр төрөлд өрсөлдөж хос алтан медаль хүртэж, дэлхийн цомын хошой аварга болоод байгаа. Ингэснээр дэлхийн гурван удаагийн аварга болов. Тус тэмцээнд Монголоос дөрвөн тамирчин өрсөлдөж А.Чингүүн багаа ахалж өрсөлдсөн юм. Энэ удаа тамирчид таван алтан медаль хүртэж багын дүнгээрээ гуравдугаар байр эзэллээ. Тиймээс  Монгол Улс анх удаагаа гараар татах хүчний спортоор цомын эзэн болсон бахархам амжилт гаргав. Энэ талаар А.Чингүүн цахим хуудаснаа “Хөдөлмөр бүхэн үнэ цэнтэй. Хөлсөө дуслуулсан л бол үр дүнгээ заавал хүртдэг жамтай. Хамтдаа ийм сайхан түүх бичилцэж нэгдэж чадсан аварга найзууддаа баярлалаа.  Монголын гараар татах хүчний холбоо мандтугай” хэмээн сэтгэгдэлээсээ хуваалцсан нь бий.

 Тэрбээр өнгөрсөн  онд  гараар татах хүчний спортын дэлхийн цомын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож  75.5 кг-ыг татаж алтан медаль хүртэж байсан. Энэ үеэс Монголын гараар татах спортын хүнд жингийн дээд амжилтыг эзэмшиж эхэлсэн. Мөн Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, амжилт богц дүүрэн яваа тамирчин юм. А.Чингүүн гараар татах спортыг “Тэсвэр тэвчээр суулгаж, стресс сайн тайлж өгдөг" гэж дүгнэсэн юм. Анх биеэ урлаж, эрүүл байх зорилгоор хичээллэж эхэлжээ. Загвар өмсөгч  хүн тайзан дээр сайхан харагдахын тулд спортоор тогтмол хичээллэдэг. Тиймээс гараар татах спортыг 2010 оноос сонгожээ.

А.Чингүүн өмнө нь “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, Сингапурын “Angels” загварын агентлагт ажиллаж байгаад эх орондоо ирж байлаа. Дөрвөн сарын хугацаанд Европ, Оросын моделиудтай ажиллаж улсынхаа нэрийг гаргасан түүх түүнд бий. Олон улсын хэмжээнд ур чадвараараа өрсөлдөж загварын мэдлэг, туршлагаа сорих зорилгоор томоохон тэмцээний шалгаруулалтад орж эрхээ авч байжээ. Тиймээс “Азийн шилдэг загвар өмсөгч”-ийн тэмцээнд  эх орноо төлөөлөн өрсөлдөж байсан удаатай.

Загварын тайзнаа гэрэлтэж байсан залуу өөрийн хүсэл сонирхлоороо спортоор хичээллэж амжилт үзүүлж байна. Хүмүүс түүнийг спортоор амжилт гаргана гэж төсөөлдөггүй байж мэднэ. Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдгийг өөрөөрөө үлгэрлэж яваа нь энэ. Тиймээс гараар татах спорт түүний амьдралын салшгүй нэг хэсэг болсон нь лавтай. Цаашдаа ч олон амжилт түүнийг хүлээж байгаа биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 234 (7219)