Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Жил өнгөрөх тусам үзэгчдийн боловсрол дээшилж, нээлтээ хийсэн бүхнийг үзэх бус шүүлтүүртэйгээр хандаж, өнгө үзэмж, нүсэр үйл явдлаас илүү час хийсэн жинхэнэ бүтээл үзэх сонирхолтой болж байна. Энэ нь ч киночдын дунд ур ухаан авьяас билэг, шандсыг сорьж байгаа нь үнэн. Мэргэжлийн уран бүтээлчид үзэгчдийн таашаал, эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай бүтээл хийхийн төлөө хөдөлмөрлөж байна гэвэл хилсдэхгүй. Үүнийг ч батлах шиг энэ цаг үед Монголын кино урлагийн хөгжлийг нэг шатаар ахиулсан, үндэсний бүтээлүүд нээлтээ хийсэн нь найруулагч Б.Амарсайханы “Монгол” болон найруулагч Т.Батдэлгэрийн “Шар гэгээ” гэсэн хоёр уран бүтээл юм.
Монгол эр хүнийг дархалсан “Монгол”
Жүжигчин Б.Амарсайханыг үзэгчид анх “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч” киногоор илүүтэй таньдаг болсон. Удалгүй олон улсын “Марко Поло” кинонд Аригбөхийн дүрээр мөнхөрч, хэр чансаатай жүжигчин бэ гэдгээ харуулсан юм. Тэгвэл энэ удаад “Монгол” киногоор найруулагчийн карьераа эхлүүлж байна. Киноны үйл явдлын тухай товчхон дурдахад, эрх мэдэл, эд хөрөнгөд шунасан ихэс дээдсийн балгаар амьдрал, хайр дурлал нь орвонгоороо эргэсэн Монгол хэмээх эгэл залуугийн тэмцлийг харуулсан түүхэн сэдэвт кино юм. Кино эхлээд найруулагчийн тархинд “босч”, зураглаачийн ур чадвараар өндийж, зураачийн өнгө будгаар чимэглэгдэж, дууны найруулагчийн соргог мэдрэмжээр өрдөгдөж, жүжигчний авьяас билгээр амь ордог урлаг. Тэд нэгэн цогц байж сайн бүтээл төрнө. Гэхдээ үүнээс өмнө мэдээж зохиол гэдэг хамгийн чухал. Киноны мэргэжлийн сургуульд багш нар “Зохиол, зохиол, бас дахиад зохиол” гэж зүгээр ч нэг сургадаггүй биз ээ. Үүний нэг илрэл нь “Монгол” киноны зохиол байсан юм. Уран бүтээлчид нь тус зохиолыг олон улсын буюу Холлиувуд хэлбэрээр бичигдсэн гэж онцолжээ. Үнэхээр зохиолын дүрслэл, өрнөл, эргэлт болоод дүрийн өсөлт, хувиралт нь үзэгчдийг уйдаамгүй, сүүлийн жилүүдэд нээлтээ хийсэн кинонуудад ажиглагдаагүй сайн бичигдсэн гэдгийг энд онцлоё. Харин шүүмжилмээр нэг зүйл нь кино дэндүү урт, нуршуу болсон мэт сэтгэгдэл төрүүлж байв. Агуйн уурхайд ажилладаг хэсэг болоод киноны зарим зодоонтой хэсгүүдийг арай товчилж, танасан бол гэх бодол төрөх. Учир нь хэт сунжирсан кино нь үзэгчдийг залхаах, чилээх магадлалтай. Ер нь олон улсын ялангуяа европын уран бүтээлийн дундаж цагийн хязгаар нь 1.20 минутаас 1.40 минут гэдэггүй бил үү. Гэтэл “Монгол” кино бараг хоёр цаг үргэлжилж байв. Мөн тус бүтээл өдгөө кино театруудаас буусан. Гэвч насны хязгаар тавьсан үгүйг нь сайн мэдэхгүй юм. Амралтын өдрөөр гэртээ, түрээсэлж үзэж байгаа хүмүүсийн хувьд гэр бүлээрээ үзэхэд тохиромжгүй санагдсаныг нуух юун. Ялангуяа хэрцгий аллага, цус нөж урсахыг бага насны битгий хэл өсвөр насны хүүхэдтэйгээ хамт суугаад үзэхэд таагүй мэдрэмж төрж байсан юм. Хэдийгээр киноны турш сайн эрийн ээдрээт амьдралыг үзүүлсэн мэт боловч түүний цаана монгол эр хүний ухаан, тэсвэр тэвчээр, ноён нуруу болоод 100 гаруй жилийн өмнөх эхэс дээдсүүдийн яргалал, хэрцгий, хүн чанаргүй нийгэм, хятдуудын дарангуйлал нь өнөө ч бидний үед байсаар байгаа шүү гэх агуулгыг киноны турш тус зохиол бидэн рүү орилж байсан юм. Харин дүрүүдийн тухайд киноны эмэгтэй гол дүр Сэрчмаа. Олон улсад моделиор ажилладаг Т.Солонго-Уянга энэхүү киноны үзэмж байв. Өндөр гоолиг бие болоод өргөн шанаа, онигор нүд, өргөн шанаа гээд жинэхэнэ монгол эмэгтэйн шинжтэй юм. Дэлгэцээр харахад ч өвөрмөц. Харин жүжиглэлтийн хувьд арай балчирдсан мэт. Зарим хэсэгт яриа нь их сулхан. Үйл явдлын өрнөл хэсгүүдэд ч түүний дүрээс тэсрэлт, эргэлт хайгаад олсонгүй. Харин “Монгол” киноны зураг авалт болоод дууны найруулга тун дажгүй юм. Хэтэрхий хүнд нүсэр хөгжмөөр бус дүрүүдийн ньюанс болоод үйл явдлыг энгийн хөгжим чимээгээр уусгаж өгсөн нь тааламжтай. Зураг авалтын хувьд ч нэг планаа удаан барьж залхаалгүйгээр, кадр бүрийг өөр өөр өнцгөөс авсан нь сонирхолтой. Мөн дрон нисгэж авсан болов уу гэмээр зураглалууд ч киног чимж байсан юм. Ялангуяа дүүжлүүрийн тавцанд зогссон сүүлчийн план үнэхээр супер.
Хүн хүнээрээ дутсан “Шар гэгээ”
Яг энэ цаг үед кино театрт нээлтээ хийгээгүй ч үзэгчдээс өндөр үнэлгээ авч, монгол хүн бүрт уярал, ухаарал хайрлаж, уйлуулж байгаа кино бол найруулагч Б.Батдэлгэрийн “Шар гэгээ” юм. Тус бүтээлийн зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар бичсэн билээ. Энэхүү кинонд үр заяадаггүй Дарим Хажид болон бүстэй хүүхэд тогтдоггүй Дашжил Хоролгарав гэсэн хоёр гэр бүлийн тухай өгүүлнэ. Дарим Хажид хоёр баян айлд хамжлага хийж амь зуудаг бол Дашжилын хувьд нутаг усандаа алдартай гөрөөчин хүн. Гэвч үйлийн үр гэж байдаг ажээ. Тэднийх хоёр охинтой боловч хүү ерөөсөө тогтдоггүй байв. “Шар гэгээ” киноны хувьд өмнө нь орон нутгийн театрт драмын жүжиг хэлбэрээр үзэгчдэд хүрч байсан удаатай. Харин энэ удаад ийнхүү дэлгэцийн бүтээл болсон нь энэ. “Шар гэгээ” бол жинхэнэ монгол драм. Ийнхүү онцолсны учир нь тус бүтээлээс монгол ахуй, монгол эхийн үрээ гэсэн чин сэтгэл, зөвхөн монгол эр хүнд байдаг уужуу ухаан үнэртэж байсан юм. Тиймээс ч үзэгчдийн сэтгэлд хүрч, жинхэнэ бүтээлээр ангаж цангасан сэтгэлийг нь услаж өгсөн нь лавтай. Мөн монголчуудын эртнээс дагаж ирсэн ёс заншилыг нь энэ бүтээлд онцлон тусгажээ. Жишээлбэл нялх хүүхэдтэй айл цээр болгон татах хөх дээс. Үүнийг ямар ч хүн гишгэх эрхгүй. Үүнээс гадна монголчуудын хүүхэд үрчлэн авахдаа гүйцэлдүүлдэг байсан есөн цагаан хонины бэлгэдэл гээд онцолж сайшаах зүйл олон байсан нь бид монгол ахуйгаасаа яасан их холдсоныг илтгэнэ. Харин монгол эмэгтэй хэзээ ч нөхрийнхөө дээд талд суудаггүй болоод дэндүү орчин үеийн эд хэрэглэл киноны сцень солигдох үед цухас цухас харагдаж байсан нь зураачийн судалгаа жаахан тааруу байв уу гэсэн хардалт төрүүлсэн юм. Мөн Даримын хамжлагаар нь ажилладаг баян ноёны хувцаслалт болоод сахалны засалт арай орчин үеийн гэмээр дэндүү цэмцгэр харагдаж байлаа. “Шар гэгээ” киноноос онцлох нэг зүйл нь зураглаачийн ажил. Тэрбээр дэндүү ойрхон план тавиагүй. Сцень бүрт монгол ахуй, байгалийн сайхан тод буусан нь ур чадварыг нь илтгэнэ. Ялангуяа шөнийн зураг авалтууд. Гэрт лааны гэрэл тусна. Зарим кинон дээр харанхуйд хажуу талаас гэрэл тавихдаа ойлгосон эсвэл гэрэл нь дээшээ өлийсөн, нэг бол жүжигчний нүүрэн дээр ойсон гээд мэргэжлийнхэн харвал алдаа байх нь бий. Харин энэхүү бүтээлд энэ мэт гэрэлтүүлэгч болон зураглаачийн алдаа байсангүй. Мөн оройн цагаар авсан гадаах зураг авалт ч яг л байгалийн, сарны гэрэлд буй мэт бодит мэдрэмжийг төрүүлж байсан билээ.
Дараагийн онцлох зүйл бол мэдээж жүжигчдийн тоглолт. Хамгийн онцолмоор дүр бол үзэгч миний хувьд Даримд тоглосон Э.Батнямбуу. Эсрэг дүрээр гаршиж яваа түүнд эерэг дүрийг ч “амилуулах” авьяас, мэдрэмж байна. Ялангуяа хүүг минь гуйвал яанаа гээд гэрийнхээ гадаа уйлж буй хэсэг. Энэ үед түүнээс жинхэнэ аав хүний чин сэтгэл харагдсан. Энэ хэсэгт тэр тоглоогүй, дүрээрээ амьдарсан юм. Харин дараагийнх нь Хоролгаравт тоглосон жүжигчин Л.Жижжалам. Түүний хувьд өөрөө яг л монгол эмэгтэйн төрхтэй жүжигчин. Үрээ харамлах хармын сэтгэлийг бодит амьдрал дээр таван хүүхэд төрүүлсэн Л.Жижжалам л ингэж гаргаж чадна. Харин “Шар гэгээ” киноноос гонсгор үлдсэн нэг зүйл нь хүү нь хэрхэн өнгөрсний тайлал энэ бүтээлд байсангүй. Дашжил дахиж ан гөрөө хийхгүй гэж амласан мөртлөө амьтны халуун амийг тасладаг. Энэ үйл нь эргээд үрийнх нь амийг авсныг яагаад түүнд ойлгуулсангүй вэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 234 (7219)