Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Тэртээ 15 жилийн өмнө монголчууд бид анх удаа цэнгэлийн манлай олимпийн наадмаас жүдо бөхийн төрөлд анхны алтан медалийг хүртэж байв. Бээжингийн тэнгэрт Монголын төрийн далбаа намирч, монгол хүн бүхэн баярлаж, бахдаж явсан цаг саяхан мэт санагдана. Дэлхийн жүдогийн татамид зөвхөн хөнгөн жинд тэргүүлдэг байсан монголчууд тэр үед +100 кг-ийн жинд ийнхүү түүх бичиж чадсан юм. Харин тэр цагаас хойш олимп болоод олон улсын тэмцээнүүдэд төдийлэн дорвитой амжилт гаргаагүй байсан энэхүү жинд сүүлийн жилүүдэд эр бяр, хүч чадал, авхаалж самбаа, уран ухаанаараа гоёсон залуу бөхчүүд хүч түрэн орж ирж байгаа нь Монголын жүдогийн хүнд жингийн амжилтын буухиа тасрах болоогүй гэдгийн тод жишээ болж байна. Тэд 2024 оны Парисын олимпод төрийн дууллаа эгшиглүүлэхийг үгүйсгэхгүй. Учир нь 15 жилийн өмнө Монголын жүдочид чадсан юм.

 

Азид данстай Б.Гончигсүрэн

Энэ онд Гүржийн нийслэл Тбилиси хотод ээлжит  жүдо бөхийн  Их дуулга тэмцээн амжилттай болж өндөрлөсөн билээ. Манай жүдочид тус тэмцээнийг нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай, багийн дүнгээр 61 орноос гуравдугаарт бичигдсэн амжилттайгаар өндөрлүүлсэн. Тэгвэл тэмцээний сүүлийн өдөр Монголын -100 кг-ийн жингийн жүдоч Б.Гончигсүрэн аваргын төлөө дэвжээний эзэн орны бөх Илиа Суламанидзетай барилдаж, вазари үнэлгээгээр ялагдаж, мөнгөн медаль хүртсэн юм. Тэр бол бидний дараагийн онцлох Монголын жүдогийн хүнд жингийн залгамж билээ. Б.Гончигсүрэн Архангай аймгийн Хотонт сумын уугуул. Б.Гончигсүрэнгийн хувьд  гурван удаагийн улсын аварга юм. Тэрбээр "Монгол бөхийн өргөө"-нд болсон сумын заан болон цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд гурван удаа түрүүлсэн байдаг. Эхний түрүүгээ 102 дахь удаагийн сумын заануудын барилдаанд хүртсэн бол сүүлийнхийг нь өнгөрсөн гуравдугаар сарын эхээр хүртсэн юм. Тэгвэл Б.Гончигсүрэн энэ жилийн наадмаар Говьсүмбэр аймгийн наадамд тав давж, аймгийн начин цолны болзлыг хангаад байна. Харин жүдогийн төрөлд анх Ташкентын Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр ирээдүйтэй бөх гэдгээ баталж байв. Үүнээс гадна Б.Гончигсүрэн Азийн аваргын хүрэл медальтай. Тэрбээр 2022 онд Казакстаны Нур-Султан хотноо болсон Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд ийнхүү хүрэл медаль хүртсэнээр бөмбөрцгийн бөх болсноо зарласан юм. Харин түүний хамгийн сүүлд гаргасан амжилт нь XIX дэх удаагийн Азийн наадмын мөнгөн медаль. Манай бөх алтан медалийн төлөө Узбекистаны бөх Турубоев Музаффарбектай барилдаж цэвэр яллагдсанаар ийнхүү мөнгөн медалийн болзол хангасан юм.

 

Их дуулгын аварга О.Цэцэнцэнгэл

Хоёр жилийн өмнөөс Монголын жүдо бөхийн ертөнцөд удам дамжсан бөх хүүгийн алдар цуурайтах болов. Илүү их чих дэлссэн үе нь 2021 оны АНЭУ-ын нийслэл Абу Даби хотод болсон жүдо бөхийн Их дуулга тэмцээн байв. О.Цэцэнцэнгэл алтан медалийн төлөө Румыны залуу од, жиндээ босоо байсан Владут Симионескутыг өөрийн дархан мэх болох зүүн мордоогоороо цэвэр ялж, алтан медалийн тавцанд зогссон юм. Энэ үеэс Монголын жүдогийн хүнд жингийн шинэ залгамж халаа гэгддэж, олон улсын жүдо сонирхогчдын анхаарлыг татаж эхэлсэн байдаг.О.Цэцэнцэнгэл жүдо бөхийн дэвжээнд хөл тавиад 10 гаруй жил болж байгаа бол үндэсний бөхөөр бүр ч бага наснаасаа хичээллэж эхэлжээ. Түүний жүдогийн анхны багш нь “Жүдо” академийн багш Д.Батсайхан юм байна. О.Цэцэнцэнгэл 1999 онд Б.Одхүүгийн гэрт ууган хүү нь болж мэндэлсэн. Аав нь улсын начин цолтой. Ийм л хүчтэний хүү анх 2017 онд Хэнтий аймгийн наадамд анхлан барилдахдаа аймгийн арслан цолны болзол хангажээ. Харин өнгөрсөн жил зүлэг ногоон дэвжээ түүнийг ивээж, улсын цолтнуудын эгнээнд багтаж, хамгийн залуу начин болж байв. О.Цэцэнцэнгэл жүдо бөхөөр Залуучуудын ААШТ-ий хүрэл, Хонгконгийн нээлттэй тэмцээний хүрэл, Залуучуудын Ази, Номхон далайн орнуудын ААШТ-ий алт, Европын Оберварт тэмцээний хүрэл, Варшавын нээлттэй тэмцээний хүрэл, УАШТ-ий хоёр алтан медальтай. Тэрбээр хамгийн сүүлд Тель-Авивын “Их дуулга-2023" олон улсын тэмцээний +100 кг-ын жинд Азербайжаны бөх Ушанги Кокауриг вазари үнэлгээгээр ялж, алтан медаль хүртсэн билээ. Энэхүү амжилтаараа тэрбээр дэлхийн чансааны гуравдугаарт эрэмбэлэгдсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 232 (7217)