Б.Нямсүрэн
БНСУ-ын Сөүл хотод болсон “Korea open Ssireum 2023 festival”-ийн олон улсын төрөлд улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүлсэн байна. Мөн аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр гуравдугаар байр эзэллээ.
Монголоос улсын заан М.Өсөхбаярын удирдлага дор улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Б.Цэдэнсодном, начин Л.Батзориг, Б.Даваа-Очир, Б.Лхагвадорж, Б.Түвшинтөгс, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан Ж.Наранбаатар нар зодоглосон юм. Тухайлбал, шөвгийн 16-д улсын начин О.Мөнх-Эрдэнэ улсын начин Б.Түвшинтөгстэй хүч үзсэн бол улсын начин Б.Даваа-Очир Испани бөхтэй таарсан. Харин шөвгийн наймд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр улсын начин Б.Даваа-Очиртой учраа таарлаа. Ингээд шөвгийн дөрөвт улсын харцага О.Мөнх-Эрдэнэ хурц арслан Н.Өсөхбаяртай барилдсан юм. Үзүүр түрүүнд харцага О.Мөнх-Эрдэнэ Испани бөхтэй өрсөлдөв. Олон улсын төрөлд Монгол, Испани, Шинэ Зеланд, Англи, Хятад, Вьетнам, Казакстан, Итали гэсэн найман улсын хүчтэй өрсөлдлөө. Олон улсын төрөлд өнгөрсөн жил улсын начин Д.Тамир түрүүлж байсан юм.
Эх сурвалж: zms.mn