Б.Нямсүрэн

Үзэсгэлэнгийн танхимыг зориход монгол нүүдэлчдийн газарзүйн байдал, угсаатан ястны амьдралын хэв шинж, онцлогийг харуулсан гэрэл зургууд харц булаах нь тэр. Хархад нүүдэлчдийн өв уламжлал мэт боловч ажиглах явцад утга санаа илэрхийлж байв. Үзэсгэлэнг зорьж ирэх үзэгчид нэмэгдсээр. Өвлийн тэргүүн сарын шинийн 4-ны энэ өдөр фото сэтгүүлч П.Баттулгын “Нүүдлийн ай” гэрэл зургийн үзэсгэлэн “Чингис хаан” музейд нээлтээ хийлээ.  Тус үзэсгэлэн нь 38 гэрэл зургаас бүрдсэн бөгөөд  долоо хоног үргэлжлэх ажээ. Тэрбээр үзэсгэлэнгээ “Нүүдлийн ай” хэмээсэн нь монгол нүүдэл дунд уламжлалт өв соёл хадгалагдаж явдаг гэсэн агуулгаар ийн нэрлэжээ. Мөн Соёлын яамнаас энэ сарыг бүтээлч сар болгосон. Тиймээс уран бүтээлчдийг дэмжиж байгаа гэдгийг онцолж байлаа.

Энэ үеэр МГЗНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаатар “Гэрэл зурагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн фото сэтгүүлч П.Баттулга уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байгаад баяртай байна. Энэ жил манайх Соёлын яамны дэмжлэгээр цуврал үзэсгэлэнгүүд гаргасан. Өнгөрсөн сард долоо хоногийн хугацаанд 25 гэрэл зургийн нэгдлээс 1000 гаруй бүтээлийн үзэсгэлэн дэлгэсэн билээ. Энэ үзэсгэлэнгээс Соёлын яам шилдэг гэрэл зурагчны бүтээлээр үзэсгэлэн гаргахаар болсон. Үүнд П.Баттулга шалгарч өнөөдөр уран бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулж байгаа юм” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцав.

Уулыг утсаар хөтөлнө тэр юу вэ гэсэн оньсого бий. Үүнтэй адил номхон бор атныхаа бурантаг дээснээс нь барьж зогсох балчир охин. Нүүдэлдээ тусалж байгаа нь тэр. Нутаг нутгийн малчдын аж ахуйгаа эрхлэх онцлогийн дагуу Их монгол элсэнд өвөлждөг малчдын элсэн манхны нүүдэл нь хайруу хатууш өнтэй давах, малдаа авхуулсан намрын хүч таргыг тогтоох, төлөө бүрэн авах, гээд өнгөц сонсоход цаг хугацааны хувьд богино биш боловч их үр өгөөжтэй үйл явц.

Оторчдын хүүхдүүд дөрвөн сар хэртэй аавтайгаа уулзахгүй өвөлжинө. Нүүдэл хөдлөхөд хамт явна гэж дагаж уйлж нэг үзнэ, урвайж элдэвлэнэ. Тэглээ гээд нэмэргүй.

Дэлхийн бөмбөрцгийн уртраг өргөргийн дагуу найм хуваасан мэт наран тойрог тооно ачсан хар хайнаг дэнхэн данхан алхан. Ачаандаа түүртсэн шинж огт үгүй. Хамар цоолсон дөрийг ачаанаас нь уяж орхиод, бусад үхэртэй нь хамт туучихна. Дархадууд ингэж л нүүдэг. Дархадын цэнхэр хотгор буюу Хөвсгөл аймгийн Улаан Уул, Цагааннуур, Ринченлхүмбэ сумыг дамнасан энэ хөндий 160 орчим километр сунаж тогтсон, өргөн нь 40 км. Сарлаг монгол үхрийн дундаас Хайнаг хэмээх хүч тэнхээгээр илт илүү, уналга ачилганы мал төрдөг.  Эцэг нь монголын бух бол Наран хайнаг, сарлаг бол Саран хайнаг гэнэ.

Нас хэдий өндөр 86 хүрсэн ч морь унаж, Олон нуурын зуслангийн өндөр даваа хөтлөөр ажрахгүй нүүх энэ эмээ Увс аймгийн Ховд сумын харьяат, дөрвөд ястан. Зуны эх буюу дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхнээс эхлэн Ховд болон зэргэлдээх Бөхмөрөн сумын 200 гаруй айл өрх далайн түвшнээс дээш 2800 орчим метр өндөр даваагаар ердийн хөсөг буюу тэмээнд нуруу ачин, малаа туун нүүж, зусландаа очно. Малчид энд наймдугаар сарын эхэн хүртэл байх бөгөөд сэрүүн, ялаа шумуулгүй газарт мал сүрэг нь ч тарга тэвээрэг сайн авч, тэр хэрээрээ ашиг шимээ сайн өгнө.

Эх сурвалж:zms.mn