Нарантуяагийн ЖАРГАЛМАА
Монголын амьд хөгжмийн урсгалын томоохон төлөөлөл “Нисванис” хамтлаг байгуулагдаад 27 жил болж байна. Тэд өнөөгийн рок хөгжмийн өнгө төрхийг бүрдүүлэгчид төдийгүй хамгийн үнэнч фенүүдтэй хамтлагийн тоонд зүй ёсоор багтдаг билээ. Тиймээс хэзээ ч фенүүдээ гонсойлгож байсангүй.
Тэгвэл тус хамтлаг энэ сарын 25-ны өдөр пянзны баяраа тэмдэглэж, оны хаалтын хамгийн том рок цуглааныг зохион байгуулах болсноо мэдэгдлээ. Хамтлаг 20 жилийн ойгоороо гаргасан “Гар хангалга” цомгийг өөрсдийн анхны пянз болгох тухай өмнө нь мэдээлж байсан. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан энэхүү ажил хэсэг хугацаанд хойшлогдож, фэнүүдийнх нь дунд хүлээлт үүсгээд байсан юм.
Энэ талаар “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан “Манай хамтлаг анхны бие даасан пянзаа өлгийдөн авахад бэлэн болсон. Энэ баярт мэдээг фенүүдтэйгээ хамт тэмдэглэхийг хүсэж энэхүү рок цуглааныг зохион байгуулахаар боллоо. Тоглолтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Сонсогч, фенүүдийнхээ сэтгэл ханамжийг 100 хувь байлгахаар бүх хүчээ дайчлах болно. Мэдээж сайхан тоглолт болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм. Мөн “Нисванис” хамтлаг хэдийн шинэ цомгийнхоо ажилд орсон бөгөөд ирэх онд мөн шинэ цомгоо танилцуулна гэж амласан юм. Ихэвчлэн постгранж, альтернатив метал чиглэлээр уран бүтээл хийдэг тус хамтлагийн шинэ цомгийн дуунууд илүүтэй хүнд метал урсгалаар бичигдэж байгаа гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 230 (7215)