Баатарын НЯМСҮРЭН
Хорвоо дээр орших найман тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. “Зууны мэдээ” сонин “Чацуутнууд” буландаа нас чацуу авьяаслаг “од” Г.Сарангоо болон Ryland Petty нарыг онцоллоо.
Авьяаслаг охины замнал
Г.Сарангоо авьяасын уурхай болсон адтай охин. Тэрбээр 10 настай бөгөөд “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн тавдугаар ангийн сурагч. Г.Сарангоо анх авьяасаа хөгжүүлэхээр охидын “Мисс” төвд элсжээ. Ингээд таван настай байхаасаа олонд танигдаж эхэлсэн юм. Энэ үеэс олон найзтай болж, урлагийн хүн ямар байх тухай анхны ойлголттой болжээ. Түүний хувьд дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ. Бас ч үгүй шаггүй загвар өмсөгч. Г.Сарангоогийн энэхүү авьяас удам дамжсан юм байна. Учир нь эмээ нь “Түмний нэг”, “Хүний мөр” зэрэг кинонд тоглож байсан жүжигчин Л.Дуламжав. Харин авьяасын үргэлжлэл болсон бяцхан охин нь хэд хэдэн улсын чанартай тэмцээнд оролцож, Гран При шагнал хүртэж байв. Г.Сарангоо энэ жил “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож, шилдгүүдтэй өрсөлдсөн. Энэхүү тайз түүний хүсэл мөрөөдлийн нэг хэсэг байжээ. Энэ тухайгаа “Авьяаслаг монголчууд шоуны тайзан дээр гарахаас өмнө их сандарсан. Эхний шатанд үзүүлбэрээ үзүүлсний дараа шүүгчидтэй яриа өрнүүлэх сайхан байсан. Би тухайн бүжгийг хоёр жилийн өмнө н.Батхүү багшаараа заалгаж байлаа” гэсэн юм. Харин хагас шигшээд тэрбээр хүмүүсийн санаатайгаар үйлддэг буруу үйлдлийг зогсоохыг уриалсан утгатай үзүүлбэрээр өрсөлдсөн.
Г.Сарангоо загварлаг, харц булаам хувцсаар гоёж ,өөртөө итгэлтэйгээр тайзнаа гарах нь өхөөрдөм. Түүний хувцсыг хамаатны эгч нь урлаж өгдөг ба загварыг нь гаргахдаа өөрийн санаагаа хэлж, ээжтэйгээ зөвлөлддөг аж.
Ухаалаг, адтай, сэргэлэн охин нийт долоон киноны дүр дээр ажилласан. Үүнээс дөрөвт нь гол дүр бүтээжээ. Анх “Ихэр тавилан” киноны эгчийн дүрээр дэлгэцийн бүтээлд хөл тавьсан байдаг. Тус дүр нь уйлдаг хэсэг ихтэй. Шууд уйлах амаргүй байсан учраас гунигтай зүйл бодоод уйлсан гэж байв. Кинонд ажилласан тухайгаа “Кинонд тоглоод нэг уран бүтээлийн цаана олон хүний хөдөлмөр, сэтгэл багтдаг болохыг ойлгосон” гэж байлаа.
Г.Сарангоо өдгөө Англи хэл сурахаар зорьж байгаа гэнэ. Олны танил болж ямар ч амжилт гаргасан биеэ тоохгүй байхыг хичээдэг тэрбээр ирээдүйд эх орныхоо нэрийг гаргасан сайн уран бүтээлч болох нь дамжиггүй биз ээ.
Хайр татам илбэчин
Хүүхэд бүр өөрийн онцлог, авьяас чадвартай. Түүнийгээ хөгжүүлж тэмцээн уралдаанд өөрийгөө дайчилж, хөдөлмөрлөсөн нэгэнд нь илүү их боломж, дараагийн хаалга томоор нээгдэх нь бий. Үүний хамгийн том жишээ нь энэ жилийн “Авьяаслаг америкчууд” шоу нэвтрүүлгийн хамгийн хайр татам оролцогч Ryland Petty байв. Түүний үзүүлбэр үзэгчдийг бишрүүлж, шүүгчдийг гайхшруулж чадсан билээ.
Ryland нэвтрүүлгийн үеэр өөрийгөө танилцуулахдаа “Би төрөлхийн илбэ үзүүлэх чадвартай. Манай аав илбэчин учраас өөрийн арга ухаанаас зааж өгсөн” гэж байсан юм. Түүний аав Английн хамгийн алдартай илбэчин Craig Petty. Аавынхаа авьяасыг өвлөж яваа үргэлжлэл нь хүү Ryland нь юм. Шоуны үеэр хөтлөгч түүнээс аав нь хэдэн настай байхад нь илбэ зааж өгсөн талаар асуухад “Илбийг тусгай цагаар хичээл болгож судлаагүй. Учир нь би багаасаа аавыгаа харж өссөн болохоор сурсан” гэж хариулжээ.
Илбэ нь богино хугацаанд хүнийг гайхшруулж, бусдыг баярлуулдаг мөртлөө нууц дээр суурилдаг онцлогтой. Харин дөнгөж 10-хан настай мөртлөө хүү илбийг ийнхүү төгс сурсан нь өөрийнх нь хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой ажээ. Сонирхуулахад, Ryland Petty өнгөрсөн онд “Авьяслаг их британичууд” нэвтрүүлэгт оролцож байсан юм. Өнгөрсөн жилийн шоунд оролцохдоо шүүгч Amanda Holden-ийг туслахаар урьж тайзан дээр хамтран үзүүлбэрээ толилуулсан. Түүний үзүүлбэрийн дараа Amanda Holden “Би түүний хажууд тайзан дээр байсан. Гэхдээ үнэхээр юу болоод өнгөрсөн нь сонирхолтой ч нууц хэвээр байна. Үнэхээр гайхшруулж, хайр татам байлаа” хэмээн шүүгчийн суудлаас сэтгэгдлээ илэрхийлсэн билээ. Тухайн үед түүний үзүүлбэр, оролцсон дугаар нь хүмүүст их хүрсэн ажээ. Шүүгчид Ryland-аас шагналын сая доллароо хэрхэн зарцуулах талаар асуухад “Ээж, аав, эгчдээ тал мөнгөө өгч, үлдсэнээр нь лего буюу эвлүүлдэг тоглоом авна” гэж ярьж байсан юм. Хүн бүхний хайрыг татаж чадсан түүнд шүүгчид мөрөөдлөө биелүүлэхэд нь амжилт хүсэж байлаа. Ryland Petty-ийн мөрөөдөл нь Лас Вегас хотод очиж алдарт Penn, Teller нартай адил шоу үзүүлэх ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 230 (7215)