Баатарын НЯМСҮРЭН

Сонсголонтой эгшиг аялгуугаар сонор мялаадаг хөгжмийн нэг нь морин хуур билээ. Тус хөгжим нь XIII  зууны үеэс  монголчуудын дунд дэлгэрсэн, соёлын үнэт өв юм. Ихэвчлэн эрчүүд л морин хуурыг эгшиглүүлдэг гэсэн ойлголт бидний дунд түгээмэл бий. Тэгвэл “Зууны мэдээ” сонин энэхүү ойлголтыг эвдэж, “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа Соёлын тэргүүний ажилтан, морин хуурч Б.Номуундэлгэрийг онцолж байна.

Уран бүтээлчээс багш болсон түүх

Нэр: Б.Номуундэлгэр

Төрсөн он, сар: 1990.03.17

Сургууль: 2014 онд СУИС-ийг төгссөн

Мэргэжил: Морин хуурч

Одоо эрхэлж буй ажил: Чөлөөт уран бүтээлч, морин хуурын багш

Морин хуур хөгжмийг эрчүүд л тоглодог гэх хэвшмэл ойлголт оршсоор байгаа. Тэгвэл бүсгүйчүүд морин хуур тоглож, бүр амжилт гаргаж болдгийн тод жишээ бол Б.Номуундэлгэр. Түүний тайзны нэр нь NOBI билээ. Тэрбээр “Жонон” хамтлагт 11 жил хөгжимчнөөр ажилласан. Харин одоо ганчаарчилсан бүтээл хийхээс гадна “Миний бэлэг” сургалтын төвөөрөө дамжуулан шавь бэлдэж байгаа юм. Энэхүү сургалтын төвд бүх насныхан хаан хөгжмийг эгшиглүүлдэг. Морин хуурч бүсгүй тэдний сурах хүслийг дэмжиж, зааж зөвлөж, чин сэтгэлээсээ багшилдаг юм билээ. Мөн хойч үедээ энэхүү хөгжмийн үнэ цэнийг ойлгуулахын тулд морин хуурын гарын авлага гаргахаар ажиллаж байгаа аж. Хэдийгээр манайд ийм төрлийн  гарын авлага цөөнгүй ч  тэдгээр нь ихэвчлэн мэргэжлийн уран бүтээлчдэд зориулсан байдгийг хэлж байв. Мөн айл бүр морин хуурыг хоймортоо залсан байдаг. Тиймээс Монголын гэр бүл бүрт нэг гишүүн нь хуураа тоглож чаддаг байгаасай гэсэн хүсэл Б.Номуундэлгэрт бий. Түүнд морин хуур хөгжимтэй холбоотой хүсэл мөрөөдөл болоод хийж хэрэгжүүлэх ажил их. Мөн хийж буй уран бүтээл бүртээ сэтгэлээ зориулдаг хичээнгүй зантай. Б.Номуундэлгэрийн гаргасан бүтээлүүд цаанаасаа л чимэгтэй, хэдэн удаа ч сонссон уйдамгүй ажээ. Тиймээс мэргэжилтнүүд болон морин хуур сонирхогчид “Б. Номуундэлгэрээс л ийм бүтээл төрнө” гэж түүнийг үнэлдэг болоод удаж байна. Морин хуурч эмэгтэйг олонд таниулсан бүтээл нь “Өөрийнхөөрөө”. Тэрбээр энэхүү бүтээлээ морин хуураар эгшиглүүлэхээс гадна намуухан уярам хоолойгоор өөрөө дуулсан байдаг.

 

“Жонон” хамтлагийн 17 настай гишүүн

Морин хуурч Б.Номуундэлгэрийн ээж ёочин хөгжим тоглодог. Хөгжимчин ээжийн нөлөө охиныг морин хуурч болоход нөлөөлсөн гэнэ. Урлагт хайртай ээжийн хүмүүжлээр өссөн учраас энэ замналаар явахаас өөр сонголт түүнд байгаагүй нь лавтай. Шантрах үе байсан ч тууштай хөдөлмөрлөсөөр ирсэн нь түүнийг өнөөдрийн амжилтад хүргэжээ.

Б.Номуундэлгэр дунд сургуулиа төгсөөд, Соёлын дээд сургуулийн морин хуурын ангид элссэн байна. Мэргэжлээрээ суралцаад хоёр жил болсны дараа “Жонон” болон Өвөрмонголын “Найман шарга” хамтлагаас гишүүнээр элсэх санал  иржээ. Тэрбээр эх орондоо байхыг илүүд үзэж 17 настай байхдаа ийнхүү “Жонон” хамлагийн гишүүн болж уран бүтээлийн  гараагаа эхэлсэн түүхтэй. Соёлын дээдийг төгсөөд удалгүй СУИС-д суралцаж туршлага, мэдлэг, чадвараа зузаатгасан ажээ. Мөн “Жонон” хамтлаг түүнийг сайн уран бүтээлч болоход хөгөлж, ихийг сурах жим нь болсон гэдгийг онцолж байлаа.

Эрэгтэй хүн л морин хуур тоглодог тухай ойлголтод Б.Номуундэлгэр “Нэг үеэ бодвол эмэгтэй морин хуурчийн тоо нэмэгдсэн. Бүсгүйчүүд морин хуур тоглохоор аялгуу нь зөөлөн эгшиглэдэг талтай. Анх морин хуурын ангид сурдгаасаа ичих үе байсныг нуухгүй. Гэхдээ би давж гарсан. Зарим хүн морин хуурын ангид сурдаг гэж хэлэхэд ихэд гайхаж хүлээж авах нь бий. Мөн эмэгтэй хүний хөлийн завсар байрлахад хэцүү хөгжим  гэлцдэг. Надад ч  хэр баргийн эмэгтэй хүн энэ хөгжмийг тоглодоггүй шүү гэж их олон хүн хэлсэн. Ер нь эмэгтэй хүн морин хуур хөгжмийг тоглож, сурахад их хэцүү. Учиргүй их бяд шаардахгүй ч тодорхой хэмжээний хүч хэрэгтэй. Их тэвчээр гаргадаг учраас эхний нэг жил байнга уйлдаг байсан. Харин морин хуураа тоглож сурсны дараа ямар сайхан өв соёлыг тээж явна вэ гэж энэхүү хөгжмөө хайрлаж, бахархах болсон” гэсэн юм

Бүх зүйл цаг үе, нийгмээ дагаад хөгжиж буй өнөө үед эрэгтэй, эмэгтэй хүний тоглох хөгжим тусдаа байдаггүйг ойлгуулахыг зорьсон минь энэ билээ. Монгол түмэн морин хуурыг баяр наадам, хурим найр, ёслол хүндэтгэлийн үед эгшиглүүлдэг уламжлалтай. Сүүлийн үед эмэгтэй морин хуурч нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Үүнийг дагаад цаашид илүү дэлгэрч хөгжинө гэдэгт итгэлтэй  байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 230 (7215)