Баатарын НЯМСҮРЭН

Үндэсний бөхийн ертөнцөд хичээл зүтгэл, хөдөлмөрөөрөө амжилтаа тунхаглаж түмэнд хүндлэгдсэн хүчтэн олон бий. “Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа улсын харцага Ш.Пүрэвгарьдыг онцолж байна.

Завхан аймгийн Баянтэс сумын харьяат идэр залуу хүчтэн Ш.Пүрэвгарьд нь 2021 онд улсын наадамд зургаа давж харцага цол хүртсэн. Харин анхны цолоо 2007 онд авсанаар түүний  амжилтын замнал эхэлжээ. Ингээд 2013 онд аймгийн арслан болсон. Одоогоос 12 жилийн өмнөөс улсын наадамд зодоглож 2020 онд улсын цолтны гэр бүлд багтсан байдаг. Үүнээс хойш гаргасан амжилтаа ахиулж, тууштай хөдөлмөрлөсөөр яваа. Мөн өнгөрсөн жил Тува улсын наадамд тав давж начин цолтон болж байлаа. Энэ жилийн  Даншиг наадамд Өвөрмонгол бөхийн төрөлд 64 бөх зодоглосноос үзүүрлэсэн.  Мөн энэ намрын нээлтийн барилдаан болох Барилгын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн барилдаанд түрүүлж бэлтгэл сайтай байгаагаа баталсан юм.

Түүний хувьд “Даян” дэвжээ, “Алдар” спорт хороо, “Нэгдэл” клубийн бөх билээ. Бага насны гэгээхэн мөрөөдөл нь түүний бөх болох хүслийг бадраасан нь лавтай. Ш.Пүрэвгарьдын гэр бүлээс өвөө, аав, ах, дүү нь барилддаг. Тэднээсээ үлгэр дуурайлал авахын сацуу зургаан залуу зааны барилдааныг үзэж бөхөд дурлажээ. Сэтгэлээс гардаггүй дурсамж гэвэл 2010 онд нэг наадамд аав, ах, дүүтэйгээ дөрвүүлээ зодоглосон нь. Энэ үед ах нь түрүүлж, Ш.Пүрэвгарьд үзүүрлэсэн байна. Тэрбээр чөлөөт бөхөөр хэсэг хугацаанд бэлтгэл хийж тэмцээн уралдаанд оролцсон. Эх спортоор сууриа тавьсан болохоор уран барилдаантай байх нь аргагүй биз. Энэ талаар “Үндэсний бөхөөр хичээллэх гэж байгаа залуус бусад бөхийн төрлөөр сууриа тавих нь давуу талтай. Барилдааны мэдрэмж, хурд, ур чадвар сайтай болдог юм билээ” гэж туршлагаасаа хуваалцсан юм.

 

“Сэргээш хэрэглэхгүй, шударга өрсөлдөх чухал”

 

Тэрбээр одоогоор үндэсний бөхийн бэлтгэлээ “Сүлд” спорт хороонд улсын начин Ж.Чулуунбатын удирдлага дор базааж байгаа. Харин хүчний бэлтгэлийг Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Д.Энхбатын бэлтгэлд хамрагддаг гэдгээ хэлж байв. Бэлтгэл сургуулилтдаа цаг баримталж,  тууштай байхыг хичээдэг ажээ. Сүүлийн хоёр жил Баянхонгор аймгийн "Их Богд" дэвжээнд наадмын бэлтгэлээ базаасан байна. Ш.Пүрэвгарьдын сайн найз нь улсын үнэн зоригт харцага Н.Золбоо. Тэдний нөхөрлөл зүлэг ногоон дэвжээнээс эхлэлтэй. Одоогоос 10 гаруй жилийн өмнөөс найзалж, унаж давах үедээ нэгнийгээ түшиж яваа юм. Бахархам сайхан нөхөрлөлийнхөө тухайд “Н.Золбоо найз минь хүний төлөө гэсэн сэтгэлтэй, хөдөлмөрч зарчимч зантай. Олон жил нөхөрлөсөөр нэгнийгээ ойлгодог болсон” гэж байлаа. Хоёр хүчтэн хоорондоо таарч барилдах нь цөөнгүй. Тухайлбал, энэ жилийн улсын наадмын тавын даваанд хүч үзэж Ш.Пүрэвгарьд давсан удаатай. Учраа таарсан бөхдөө тааруулж мэх уралдуулдаг хүчтэний нэг гэвэл Ш.Пүрэвгарьдыг нэрлэмээр санагдана. Түүнээс үндэсний бөхийн хөгжлийн талаар асуухад “Сэргээш хэрэглэхгүй, шударга өрсөлдөх нь чухал. Сэргээш нь бусдын хөдөлмөр, амжилтыг хулгайлж байгаагаас ялгаагүй” гэж хариулсан юм. Аливаа спорт хүнийг хүмүүжүүлдэг. Үндэсний бөх нь эртнээс уламжлагдаж ирсэн өв соёлын нэг билээ. Бусдыг хүндлэх их ухааныг спорт сургадаг талтай. Улсын харцага залуустаа хандаж хөдөлмөрлөсөн хүнийг зүлэг ногоон дэвжээ ивээдгийг захиж байв. Бөхөд хайртай түмэн түүнийг цолоо ахиулахыг чих тавин хүлээж байгаа. Төрийн наадамдаа түрүүлж Завхан нутгийн түмнээ баярлуулах бэлгэ ерөөлөөр энэ удаагийн бичвэрээ жаргаая.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 229 (7214)